С.Амарсайхан АН-ын тагнуул уу


С.Амарсайхан АН-ын тагнуул ууНамаас болж хэмээн эхнэр, нөхөр ч муудалцдаг болсон үе. Өмнөх парламентад базууд өөр өөрийн намын үзэл баримтлалыг цээжээрээ хамгаалж, байр суурь нь зөрчилдөж байв. Энэ удаад улс төрийн увайгүй үйлдлээс болж нэгнийгээ зүхэхийг олноор харлаа. Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын талд ажилласан. Өдгөө ч Төрийн тэргүүний дэргэдээс холддоггүй.

Ямартаа дүүрэг дамжсан уулзалт Сонгинохайрханд ирэхэд Аса аварга ахыгаа хатуухан дэлсээд авсан. Тэрбээр "Хариуцлага гэдэг ах дүүс, гэр бол, ойр орчиндоо бий болгохгүй бол хэцүүдлээ. Японоос нэлээн олон удаа тусламж ирүүлсэн. Гэтэл хаана юу байгаа нь мэдэгддэггүй. Иргэддээ үйлчилж байгаа царай нь энэ. Энд дандаа Д.Сумъяабазарын цэргүүд байгаа. Үүнийг сонсч байгаа бол анхааралдаа аваасай. Хамгийн их утаатай, бохир нь энэ дүүрэг. Ард түмний итгэл найдвар дээр гарсан хүмүүс ажлаа хийгээсэй. Д.Сумъяабазар ганц л сургууль барьсан байсан. Бусад нь яав аа? Миний ах УИХ-ын гишүүн байх нь хамаагүй, бид нэг агаараар амьсгалж байгаа” хэмээв. Ахдаа өширхсөн гэмээр түүний үйлдэл аваргыг шударга нэгэн гэх үнэмлэмжид хөтөлсөн бол зарим нь циркийн хувьчлалтай холбоотой увайгүй нэгний шоудалт гэж үзэхэд ч хүргэсэн.

Гэхдээ ах дүүсийн холбоог улс төр үгүй хийчихнэ гэвэл том эндүүрэл. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярын дүү гэдгээр нь олон нийт андахгүй. "МИ-8”-ын хэргээс болж улс төрийн хувьд тэтгэвэрт гарсан гэгддэг С.Отгонбаяр Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан. Гэхдээ мань хүн УИХ-ын сонгуулиар нэр дэвшихээс татгалзаж, залуучууддаа зай гаргаж өгч байгаагаа тодотгож байлаа.

Ийнхүү өөртөө зав гаргасан тэрбээр дүүгийнхээ сонгуулийн ажилд тусалсан гэх яриа бий. С.Отгонбаяр улс төрд орохдоо "Оюуны Ундраа”-гаа дүүдээ "өвлүүлээд” явсан бол энэ удаад өнөөх дүүгээ улс төрд хөтөлж оруулж ирсэн нь тэр. Тэр утгаараа "Оюуны Ундраа”-гийн захирал гэхээс өөр сэтэргүй, олонд танигдаагүй С.Амарсайханыг Нийслэлийн ИТХ-д сонгогдсонд олон хүн гайхах нь бий. Налайхын Засаг даргыг өөрийн хүнээрээ томилж, араас нь удирдаж байсан гэхээс өөрөөр улс төрийн намтар ч С.Амарсайханд ховор. Тэр бүү хэл, НИТХ-ын дарга болоход бүр ч алмайрч байлаа. Учир нь өнөөгийн албан тушаалтай нь дагалдан Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудал ч түүнд хаяглагдаж мэдэхээр болсон нь ах намынхны гайхшралыг төрүүлэх нь аргагүй үгүй биз.

Уг нь С.Амарсайхан Нийслэлийн ИТХ-д орж ирэхээсээ өмнө дэд сайдын суудалд горилж, наагуур цаагуур гүйж байсан ч хоосон хоцорсон гэгддэг. Төрийн албанд ажиллаж үзээгүй түүнд дэд сайдын суудал мөрөөдөл байсан гэх явган яриа ч дагалддаг юм. Гэвч эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь эзэнтэйгээ багтдаг болсон өнөө үед дэд битгий хэл салбарын сайд болохыг хэн мэдлээ.

Гэхдээ үүнээс урьтаж, Нийслэлийн намын хорооны дарга хэн болох вэ. Мэдээж С.Амарсайханаас гадна хотын дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гэхчлэн олон өрсөлдөгч бий. Тиймээс мань хүний хувьд газрын албатай зууралдаж суухын оронд хүрээллээ нэмэгдүүлэх шаардлага гарч буй гэхэд ч болох биз. НИТХ дахь бүлгээ базаж чаддаггүй, хурлаа хийж чаддаггүй мань хүнд Нийслэлийн намыг атгуулчихвал баларна гэх яриа хэдийнэ газар аваад байгаа. Үүний хажуугаар АН-ын тагнуул гэх явган яриа ч чих дэлсэх болов.

Ямартаа НИТХ хуралдаж чадахгүй байгаа, С.Амарсайхан сав л хийвэл газрын асуудал руу хутгалдаж, Болорчулууныг зандрах болсон нь түүний имижид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эрх баригчдыг муухай харагдуулж байгаагийн үндэс суурь хэмээдэг. Зайсан толгойн нэг бөөрийг ухаж, шилэн барилга барьчихаад "Зайсан скуэр” гэж нэрлэсэн гэм нь багадав уу гэх басамжлал ч сонсогдоно.

 
Нийгмийн шуудан сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.