Уулнаас булгалж хотод авчран үхүүлэх гэж буй 2885 нарсны түрүүч


Уулнаас булгалж хотод авчран үхүүлж оршуулах гэж буй 2885 нарсны түрүүч. Нэг ширхэг нь 380000 төгрөгөөр таригдана. Улаанбаатар хотын эрх баригчид ингэж байгалийг сүйтгэж бас бус ашиг олсоор иржээ. Орос, Хятадаас хямд аваад өндөр үнээр шахдаг сүлжээ бий. 2016, 2017 онд 2 тэрбум, энэ жил тэрбум гаруй төгрөгийг энэ ажилд зарцуулж төсвийн мөнгийг салхинд хийсгэх мөнгө угаалт эхлэв. Мод үржүүлэгийн газраас ширхэг ч мод авдаггүй гэсэн мэдээлэл бий. Том нарсаа 80000- аар зарах гээд хүн амьтан царайчлаад явдагийн үржүүлгийн газрууд. Арваад жилийн өмнө Энхтайваны өргөн чөлөөний дагуу буюу хотын төв гудамжны нийтийн эзэмшлийн зам, талбайд 500 гаруй том нарс уулнаас шилжүүлэн тарьснаас өдгөө Хархорины гүүрний урдхан байгаа ганц шон л гэрч болон үлдсэн.
Түүний нэгэн адил шилмүүсээ гээж, үхсэн 499 нарсыг хотын өнгө үзэмж гутааж байна хэмээн увуулж цувуулан ачсаар дуусгасан гэдэг. Түүнээс хойхно тарьсан, Гандантэгчэнлин хийдийн урд талын цэцэрлэгт хүрээлэн, Сөүлийн гудамж, "Гранд плаза”-гийн өмнөх зам дагуух шилмүүст модод өдгөө ёстой л байгаагаас цаашгүй, өнгө зүсээ алдан хувхайрч, амьдрах чадвар нь 4-5-хан хувьтай болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй.
Гэтэл энэ гашуун түүх халуунаараа шахам байхад "Өнөө жил Энхтайваны өргөн чөлөөнд 5-7 метрийн өндөртэй 1735 шилмүүст мод ойгоос шилжүүлэн тарина” гээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хоёрдугаар сарын 6-ны өдөр нээлттэй тендер зарласан. Өдгөө гүйцэтгэгч компани нь тодорч, байгалийн "уушги” болсон ой хөвч рүү маань дайлаар мордож эхэлжээ.Өмнөх бүтэлгүйтсэн жишээнээс харахад л, уулнаас авчирч шилжүүлэн тарьсан том нарсыг нэгийг нь 500-600 мянган төгрөгөөр аж ахуйн нэгжүүдээс авч байж. Тэгвэл энэ удаагийн тендерт ялсан, том оврын шилмүүст мод шилжүүлэн тарих, арчлах ажлыг хариуцах компани уулнаас авчирсан модоо нэгийг нь 400 мянган төгрөгөөр худалдана гэж нэгэн эх сурвалж хэллээ.
Энэ өртгөөр тооцвол тендерт шалгараад буй "Тод газар” компани 1735 мод шилжүүлэн суулгаад 694 сая төгрөг халааслах юм байна. Тэгэхээр их хэмжээний мөнгө "үнэртсэн” ийм ажилд урд хойдох жишээ байтугай уулын модны хувь заяа, их хотод мод ургах эсэх нь огт сонин биш ч байж мэдэх. Уулын амь усандаа, усны амь модондоо. Ус ширгээх улайрсан бизнесийг углуургаар нь бут цохих цаг болсон. 
2018-05-05

Өнөөдөр сонин болон Сэтгүүлчдийн бүлгэмээс эх сурвалжийг авав.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.