“Улаанбаатар буян” ХХК бурхан болоочидтой зүй бусаар харьцаж байна


Нас барагсдаа бид эх орныхоо хөрснөө амар тайван нойрсуулдаг байсан бол өнөөдөр ясаа тавих алга дарамхан газрын мөнгөө хуримтлуулах шаардлага гараад удаж байна.

Статистикийн газраас гаргасан судалгаагаар нийт хүн амын 39.2 хувь нь ядуу гэж тодорхойлсон бөгөөд дундаж буюу дунджаас дээш орлоготой хүмүүс л буяны компаниудаар үйлчлүүлэх боломжтой юм.

Гэвч талхны мөнгөнөөсөө хумслан байж бурхан болоочдоо бид ёслол хүндэтгэлтэйгээр буяны компаниудад даатгадаг ч нүднээс далд хайрлаж, хүндэлдэг талийгаачидтай минь "Улаанбаатар буян” ХХК энэ мэтээр харьцдаг аж.

Үхсэн хүн үг хэлэх биш гэдэг шиг талийгаачдын оршуулган дээр газар тэглэгч машинаар хээвнэг талхалж байгааг уншигч та харж байна. Бусдыг гүтгэж байгаа юм биш, зургаас харахад л бүх зүйл олйгомжтой харагдах аж. Тэгээд бүр суварга босгох үйлчилгээ бол буяны компаниудын хамгийн өндөр үнэтэй үйл ажиллагаа.

Том суваргатай багц 11,6 сая, жижиг суварганы багцыг 8,6 сая төгрөгийн үнэтэй байдаг талаар буяны компаниуд хэлж байсан. Тэгэхээр хамгийн өндөр үнэтэй багцыг сонгон бурхан болоочдоо "Улаанбаатар буян” ХХК-д даатгасан байхад нүднээс далд хайртай талийгаачидтай маань ингэж л харьцдаг байна.

Бурхан болоочдынхоо газар дээр гишгэлэх эрх монгол хүмүүн бидний оюун ухаан, ухамсарт байхгүй. Тэгтэл хаа хамаагүй ажилчид бидний хайрлаж, хүндэлдэг бурхан болоочдын газар дээр машин тачигнуулан гишгэлж, зарим тохиолдолд бүр хайрцаг нь цөмөрдөг ч гэж эх сурвалж өгүүлж байна лээ. Ийм зүйл байж болно гэж үү.

"Улаанбаатар буян” ХХК-ийн зүгээс энэ талаар тайлбарлахдаа "Энэ бол олон улсын стандарт. Зүлэг ургуулахын тулд бүх газрыг ингэж тэгшилдэг. Олон улсын стандартаар л бид хийсэн. Ямар ч буруу зүйл байхгүй” хэмээж байв.

Олон улсын стандарт байж болно, гэхдээ монгол хүний ухамсар энэхүү нүд хальтирч, зүрх шимшрэм асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Уг нь "Улаанбаатар буян” ХХК-ийн зүгээс их л ухамсартай, ёс зүйтэй зүйл ярьцгаадаг. Өөрсдийн ажлын зорилго, ёс суртахууны уриандаа "Бид ажил хэрэгтээ хууль тогтоомж, байгууллагынхаа дотоод журмыг ямагт сахин баримталж, харилцагч нэг бүртэйгээ ёс зүйтэй, шударга харилцаа тогтоохыг эрхэмлэнэ. Бид соёл, уламжлалаа хамгаалагч. Газар, ус, онгон дагшин байгаль дэлхийгээ хөндөлгүй, эх нутгаа хайрлан хамгаалж, эдүгээг хүрсэн, бурхан болоочдоо гүн хүндэтгэлтэй, чандарлан оршоох дэвшилтэт монгол уламжлалаа хамгаалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлнэ” гэсэн аж. Энэхүү урианд "Соёл, уламжлалаа хамгаалагч, бурхан болоочдоо гүн хүндэтгэлтэй оршооно, харилцагч нэг бүртэй ёс зүйтэй, шударга харилцаа тогтооно” хэмээсэн байгаа биз. Эдний соёл уламжлалаа хамгаалж, бурхан болоочидтой гүн хүндэтгэлтэй ханддаг зарчим нь энэ бололтой. Юутай гутамшиг, юутай харуусал вэ. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрдөг нь энэхүү бодит зургаар харамсалтай нь нотлогдлоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.