Худалдааны алдагдлыг бууруулахын тулд Хятад улс АНУ-аас авах нүүрсээ нэмэгдүүлэх гэж байна


Худалдааны алдагдлыг бууруулахын тулд Хятад улс АНУ-аас авах нүүрсээ нэмэгдүүлэх гэж байна

 

Худалдааны алдагдлыг нь бууруулах ажлын хүрээнд Хятад улс АНУ-аас авдаг нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгааг уг асуудалд ойр эх сурвалж мэдээлжээ.

 

Тодруулбал Хятадын албаныхан Баруун Виржиниа мужаас авдаг нүүрсний хэмжээгээ өсгөх боломжийг судалж байгаа гэнэ. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байгаа ажээ. Баруун Виржиниа бол нүүрс олборлолтоор Вёомингийн дараа хоёрт ордог муж.

Саяхан Хятадын тал хоёр орны хоорондын худалдаанд бий болсон АНУ-ын $375 тэрбумын алдагдлыг бууруулахын тулд эрчим хүч, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг авахаа нэмэгдүүлэх амлалтыг Вашингтонд өгсөн. Ингэснээр худалдааны дайны ирмэгт хүрээд байсан хоёр их гүрний харилцаа зөөлрөх талдаа орсон юм.

Хэдийгээр байгаль орчныг хамгаалагчид эсэргүүцэж байгаа ч Дональд Трамп тус улсын нүүрсний салбарыг сэргээх сонгуулийн амлалт өгч байв.

Мөн Хятад улс урт хугацаанд эрчим хүчний салбартаа нүүрсний хэрэглээг багасгах зорилттой байгаа ч өнөөдөр дэлхийн аль ч улс орноос илүү нүүрс хэрэглэсэн хэвээр байгаа.

 

Өнгөрсөн онд тэд 271 сая тонн нүүрс гадаад зах зээлээс худалдаж авсан байна. Харин АНУ дөнгөж 3.2 сая тонныг Хятадад нийлүүлжээ.

Экспортлосон нүүрсний үнэлгээ нь $395 сая болж байгаа юм. Үүний 90 хувь нь металлургийн салбарт ашиглах нүүрс байжээ.

2017 онд АНУ Азийн зах зээлд нийлүүлдэг нийт нүүрсний хэмжээгээ бараг хоёр дахин нэмэгдүүлж, 32.8 сая тоннд хүргэсэн байна. АНУ-аас гадаад зах зээлд чиглэсэн нийт нүүрсний экспорт нь жилийн өмнөхөөс 61 хувиар өссөн юм.

 

Одоогоор Америк нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Энэтхэг улс байгаа ажээ. Америк, Хятадын худалдааны хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын худалдааны сайд Уилбур Россын тэргүүлсэн төлөөлөгчид ирэх сарын эхээр Бээжинд айлчилна. Энэ үеэр АНУ-аас Хятадад нийлүүлэх нүүрсний асуудлыг ярилцах төлөвтэй байна.

Эх сурвалж: Bloomberg

Р.ТӨМӨР, IKON.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.