Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж ёстой үйлтэй нөхөр байна. Энэ засгийн үед түүний улс төрийн замналын мэнгэ нь голлож, суудал нь өнцөгдсөн гэмээр. Яасан ч олон улстөрч түүнийг хорхойтой араандаа зуудаг юм. Юун ч олон "дайсан”-тай юм. Өөрөө ч буруу, муугийн хажуугаар ганц удаа дуугүй өнгөрчихөж чадахгүй юм. Сүүлийн үед түүний тухай ёстой л улс төрийн хайчин дундуур торойтол, торох ч үгүй алхаж явна уу гэмээр бараан голдуу мэдээлэл багагүй хөвөрч буй. Гэхдээ үүний цаана улс төрийн зорилго байгаа бололтой.
Монголын улс төрд өөрсдийн дүрмээр тоглодог, таалагдаагүй нэгэн рүүгээ улс төрийн бохир аргаар нийлж боорлодог хэдэн хүн бий. Тэд хэнийг улс төрд явуулах, хэнийг энэ тогооноос гаргах вэ гэдгээ тооцоолж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэж уудаг, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтэн "болгож”, ихэнхдээ замаасаа зайлуулж дөнгөдөг хар технологи эзэмшсэн улс. Ийм аргаар цөөнгүй улстөрчийг олонд нэр сүргүй болгосон, болгохыг завддаг гэхэд үнэнээс зөрөхгүй л болов уу. Сангийн сайдын хувьд өдгөө тэдний овоо хараанд ид онилогдчихоод байгаа гэхэд болно. Тодруулбал, өмнөх Засгийн газрын сүүлч, энэ Засаг бүрэлдэх үеэс өнөөг хүртэл өрнөсөн түүнтэй холбоотой үйл явдлуудыг дүгнэхэд түүний эсрэг өөрийнх нь намын зарим нөхөд, нэг нутгийн гишүүн нөхөр нь, бүр Монголын хамгийн өндөр сэнтийд заларсан эрхэм, түүнийг даган хүрээлэгчид нийлчихээд "Энэ муу Увсын Хүрлээг ажлыг нь хийлгэхгүй ээ. Болж өгвөл гурван үсэгтэй газраар шалгуулаад ясыг нь цайлгана аа” гэж байгаа нь тодорхой харагдана. Эндээс тэд яагаад түүнийг онилов гэдэг асуулт ургана.
Өмнөх Засгийн газар тарах үеэр "Хоёр Хүрлээ хор найруулж байгаад Засгийн газрыг унагасан. Ч.Хүрэлбаатар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг гадна талаас нь, У.Хүрэлсүх дотор талаас нь "мэрсэн”. Шүүмжилсээр байгаад Засгийн газрыг унагасан” гэсэн яриа гарсан. Хүний, өөрийн гэлтгүй бурууг нь булалцаж, хуудууг нь нуулгүйгээр ил цагаан хэлчихдэг зан нь дээрх яриа гарах шалтгаан байсан биз. Зарим нэг нь "Намынхаа эсрэг ажиллалаа” гэж хэвлэлээр гомдоллож байсан удаатай. Гэвч болох юм болдгоороо болж, төвхнөж гүйцээгүй шахам Засаг унасан нь хамгийн их шүүмжлэл хэлэгчдийг буруутгах нэг шалтгаан болсон. Мэдээж Ч.Хүрэлбаатар тэр жагсаалтын дээгүүрт орно. Ингэж байтал дараагийн Засгийн Сангийн сайдад түүний нэр яригдаж эхэлсэн нь "Унасан бөхчүүд”-ийн дургүйг хүргэсэн нь дамжиггүй. Улмаар "Хотгор шанага” нүүрсний уурхайг зарсан гэх баримтыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ярьж, "Таны хоёр ах тэр уурхайг зарсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Ч.Хүрэлбаатар боллоо шүү” гэж хүртэл мэдэгдсэн. Намын дүү нь ам нээх бүртээ түүний тухай ярих болсны цаад шалтгааныг учир мэдэх хүмүүс "Ж.Мөнхбатын хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр тус албыг хашиж байхдаа өөртөө ашигтай хэдэн тэрбум төгрөгийн асуудал шийдэх гэж байсан нь засаг, төрийн үймээнээс болоод зогссон гэнэ лээ. Үүнийхээ буруутныг Ч.Хүрэлбаатарыг гэж боддог бололтой юм билээ” гэцгээх нь үнэний ортой байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь тэр сайд асан Б.Чойжилсүрэн Сангийн сайдын зөөлөн суудлаас буусныхаа дараа Байнгын хорооны хурал дээр "Хотгор шанага”-ын уурхайн асуудлаар цухасхан ярьсныг шүүрч,ийнхүү улс төрийн томоохон акц болгоод байгаа билээ. Б.Чойжилсүрэн гишүүний хувьд УИХ-ын сонгуулиар мөнгө тараасан гэх асуудалд Ч.Хүрэлбаатар гишүүн "Чи яах гэж мөнгө тараасан юм бэ. Ийм хөгийн юманд миний нэрийг орууллаа” гэсэнд нь өнөөг хүртэл гомдож, тэр гомдол нь үл ойлголцол болоод багагүй хугацаа өнгөрч буй.
Тэднээс гадна улс төрийн хүрээнд "зуудаг” гэдгээрээ алдартай З.Энхболд Ч.Хүрэлбаатарт дургүй нь удаа дараагийн үйлдлээс нь илрээд буй. Тийм ч учраас Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болохыг дөрвөн мөчөөрөө эсэргүүцсэн ганц хүн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд "Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулиар шороотойгоо хутгалдсанд Ч.Хүрэлбаатарын буруу багагүй бий”гэж харддаг гэх яриа бий. Энэ хардлагын шалтгаан нь 2016 оны зургадугаар сарын 19-ний өдөр тухайн үеийн Ардчилсан намын дарга З.Энхболд Увс аймгийн ард, иргэдтэй уулзахаар аймгийн Бөхийн өргөөнд очсон явдал юм.Үүнээс өмнөхөн нь З.Энхболд нэгдүгээрт, "Увс хүнтэй харилцахад орчуулагч хэрэгтэй” гэсэн утгатай үг хэлсэн, хоёрдугаарт, Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг хойшлуулсан зэрэг увсчуудыг гомдоохоор хэд хэдэн үйлдэл хийчихээд байсан билээ. Дээрхийн учрыг лавлах гэсэн нутгийн иргэд түүнийг индэрт гарав уу, үгүй юү орилолдож, багахан хэмжээний үймээн болоод авсан. Ардчилсан намын даргын хувьд энэ нь туйлын ичгэвтэр хийгээд урьд хожид төсөөлж, бараг хэнд ч тохиолдож байгаагүй үйл явдал байсан нь түүнийг хэргийн эзний эрэлд хатаасан гэдэг. Ингээд эцэст нь Ч.Хүрэлбаатарын хүмүүс уг үймээнийг дэгдээсэн гэж бодсон гэдэг. Энэ бодлоосоо болж З.Энхболд Ч.Хүрэлбаатарт өс санаж яваа гэх хүмүүс ч байна.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга "Майдар” төсөлдөө улсаас санхүүжилт авах гэсэн шиг байгаа юм. Түүний санаачилсан "Майдар” төсөлд Ч.Хүрэлбаатар "Улс орны эдийн засаг хүнд байна” гээд гэдийчихсэн сурагтай. Ерөнхийлөгчийн ажлаа аваад УИХ-д оруулсан эхний гурван асуудал Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой байдаг. Сангийн сайдаар томилогдох үед нь, томилогдоод оруулж ирсэн төсөвт нь, сүүлд төсвийн тодотголд нь гээд гурван удаа хориг тавьж байлаа. Төсөвтэй холбоотой тавьсан хоёр хориг нь эхний хоригийг нь УИХ хүлээж аваагүйд өсөрхсөн шинжтэй ч юм шиг харагддаг. Сангийн сайдыг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбарлахдаа "Уул уурхайгаас ашиг хүртдэг 30 гэр бүлийн төлөөлөл Ч.Хүрэлбаатар” гэсэн утгатай зүйл хэлж шуугиан тарьж байв. Тухайн үед гишүүд 30 гэр бүлийг нэрлэхийг шаардахад "Өөрсдөө бодож ол” хэмээн адарсан удаатай. Тиймээс ч УИХ "Хуулиар нотлогдоогүй шалтгаан гаргаж тавьсан” хэмээн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй.
Өөрөөр хэлбэл, өдгөө Сангийн сайдын мэнгийг голлуулж, суудлыг өнцөгдүүлэх элдэв бараан мэдээлэл дээрх хүрээнд л өрнөж, тэндээс л үсчиж буй нь нийтэд ил билээ. Үүний тод илрэл нь Ерөнхийлөгч хориг тавиад, УИХ түүнийг нь хэлэлцэх цаг үеийг тааруулаад "Хотгор шанага” нүүрсний уурхайг Ч.Хүрэлбаатар зарсан гэх утгатай эрэн сурвалжлах нэвтрүүлэг. Монголын эрэн сурвалжлах салбарын тэргүүн эгнээнд явж байгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн удирдаж байгаа "Цензургүй сурвалжлага” багийнхан түүнийг нутгийнхаа уурхайг зарсан гэх баримтуудаар "балбаж” гарсан. Багаараа Увс аймаг руу онгоцоор нисэж, бүр БНСУ руу хүртэл явсан. Нэвтрүүлгийг өнгөцхөн харахад үнэхээр нүүрсний уурхайг зарсан мэт сэтгэгдэл төрөхөөр. Харин улс төрийн нөхцөл байдал, нэврүүлэг гаргаж байгаа цаг үеийг нь харахад Ч.Хүрэлбаатарыг унагах гэсэн улстөрчдийн санаархлын өдрүүдтэй давхацсан нь сонин.
Гэвч томчуудын нударгад байнга өртөж байгаа, улс төрийн мэнгэ нь голлосон мань эр Ерөнхийлөгч хийгээд бусдаас оноо авахын тулд "Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоё оо” гэж болох байсан ч "Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломж одоогоор алга. Санхүүгийн байдал хэцүү байна. Өмнөх Засгийн газрын зээлсэн өрийн хүүг төлж байна. Гэхдээ Монголын эдийн засаг сэргэж байгаа шүү” гэсэн өөрийгөө "алсан” юм яриад зогсож байх. Бас болоогүй ээ, "”Хотгор шанага” нүүрсний уурхай надад хамаагүй. Манай ах нар зээлсэн мөнгөө л гурван жилийн дараа эргүүлж авсан. Та нар шалгадаг газраар нь шалгуул. Хэлмэгдүүлэх гэж өс санаж, намайг оролдохоо зогсоо” гэчихжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл