Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдийг Австралийн тал хүлээлгэн өгнө


 

Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдийг Австралийн тал хүлээлгэн өгнөСаяхан Малайзын засгийн газар Австралийн эрх баригчдад хандаж, тус улсад хоригдож байгаа Малайзын экс ерөнхий сайдын бие хамгаалагч Сирул Азхар Умарыг шилжүүлж өгөх хүсэлт тавьжээ.

Умар нь 2006 онд Монголын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Малайзын тал түүнийг шилжүүлж авах замын зардлыг төлөхөө мэдэгдсэний дараа Австралийн засгийн газар зөвшөөрсөн гэж эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ Австралийн тал үүнийг албан ёсоор батлаагүй байна.

Одоо нэг сарын дотор Умар Австралиас Малайз руу хүргэгдэх ёстой гэнэ.

Умарыг шилжүүлж авах хүсэлт гаргасан нь удтал шийдэгдээгүй уг аллагын хэргийг Малайзын шинэ засгийн газар дахин шалгахаар болсныг харуулж байна.

Австралид дүрвэж гарсан Умарыг Интерполын шугамаар баривчилж, хорьсон ч түүнд шударга бусаар цаазын ял оноохоос болгоомжилсон Австралийн засгийн газар Малайзад буцааж өгөхөөс татгалзаж байжээ. Харин Малайзын шинэ засгийн газар нь Умарын хэргийг шударга шийдэх амлалт өгсний үндсэн дээр шилжүүлж авах болсон гэж ажиглагчид таамаглаж байна.

Алтантуяа нь саяхан огцорсон ерөнхий сайд Нажиб Разакын шадар хүн Абдул Багиндагийн дотны хүн байсан бөгөөд Францын шумбагч онгоц үйлдвэрлэгчтэй хийсэн засгийн газрын наймаанд орчуулагчийн үүрэгтэй оролцсон гэдэг. Тэр үүнийхээ төлөө шагналын мөнгө Багиндагаас нэхэж, дараа нь алагдсан гэж үздэг юм.

2006 оны аравдугаар сард хөл хүнд байсан Алтантуяаг Багиндагийн Куала-Лумпур дахь гэрийн гаднаас хулгайлж, ширэнгэд хүргэн буудаж хөнөөсөн юм. Дараа нь алуурчид түүний цогцсыг үлдээхгүйн тулд байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг хэрэглэжээ.

Умар болон түүний хамтрагч, бие хамгаалагч Азила Хадри нарт 2009 онд хүн амины хэрэг тулгаж, цаазын ял оноосон юм. Гэвч Умар өөрийгөө аллага үйлдээгүй, дарга нарынхаа тушаалыг биелүүлж, Алтантуяаг машинаар тээвэрлэх ажлыг гүйцэтгэсэн гэж мэдүүлж байв.

Тэр Хадриг аллага үйлдсэн гэж мэдүүлжээ. Улмаар 2014 онд Умар гадуур шалгагдаж байхдаа Австрали руу зугтаж, тэндээ визний хугацаа хэтрүүлсэн хэргээр баривчлагдсан байна. Энэ үед Интерпол түүнийг эрэн сурвалжилж байсан юм.

Тэр цагаас хойш Умар Сидней дэхь Виллавүүдийн хорих төвд хоригдож байгаа. Өнгөрсөн сард сонгуулиар Нажиб Разакын нам ялагдаж, ерөнхий сайдын суудлаасаа огцорсны дараа Алтантуяагийн хэргийг дахин шалгах асуудал сөхөгдсөн юм.

Саяхан шоронгоос суллагдсан Малайзын сөрөг хүчний улс төрч Анвар Ибрахим энэхүү хэргийг дахин шалгахыг шаардах хөдөлгөөнд нэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тэр Умарыг Австралиас авчирч, ил тод, шударга шүүх ажиллагаа явуулахыг Малайзын шинэ засгийн газарт уриалжээ. Дахин шалгавал Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын өмнөх ерөнхий сайд Нажиб Разак, эхнэр Росмах Мансор, Абдул Багинда нар холбогдох магадлалтай байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.