М.Цэемаа "Хилийн боомтод 2 хоносон нь..."


М.Цэемаа "Хилийн боомтод 2 хоносон нь..."

Говийн нунтаг шороорхог салхи нүүр нүдгүй нүдсэн зэвэргэн өдөр улсын хилийн боомт дээр япон жипний хүчээр замын цас шаврыг тоолгүй давхисаар хүрч очлоо.Жолооч үүрэглэж замаас гарч давхисныг эс тооцвол өөр ямар ч саадгүй явсаар хилийн боомтын хэдэн эсгий гэрийн гадна ийнхүү зогсож хотоос яваа бидний хэдэн хүн бууж,хөшиж орхисон биеэ тэнийлгэж, хувцас хунараа засаж янзлаад,тамхи татах нь тамхиа татацгааж, ирсэн газрыг тухтайхан эргүүлж тойруулан хачирхан харцгаана.

Замын зуурт тааралдах ан амьтан уулс усны сонин содонг харж,уншсан сонссон энэ тэрхнийг ярилцсаар яваад миний хувьд хэр хол хэр удаан явснаа ч анзаарсангүй.

Ямартаа ч хаяа хярхаг нь харагдахгүй өргөн уудам нутгаа сэтгэл дотроо сэм бахдан хувь заяандаа өөрийн эрхгүй баясан баярлаж,үе үесхэн нүдний зовхи норж явсныг нуух юун.Хараа алдраам урт урт талаар давхиж явахад нүдний үзүүрт хар сүүлт,хулангийн цөөвтөр сүрэг цахилж одох нь зэрэглээ хэмээх байгалийн урсмал бичвэр дээр "до,рэ,ми” хэмээн тоншоод орхих лугаа санагдана.

Хэт холын "мундаг сайхны” тухай бус хаяа хамартаа байгаа бор толгод, хөх хөндийхөө тухай хөөрөлдөн явахдаа олон жилийн өмнө нэг судлаач багш хүний хэлснийг санаад эмзэглэх сэтгэл төрсөн сөн.Сумын сургуулийн багшаас их сургуулийн багш болтлоо амьдралын олон даваа гүвээ нугачааг туулсан өвгөн багш маань "манайхан ер нь төрөлхийн хар ухаантай сүрхий улс ч гэлээ нэг л хайхрамж муутай байх шиг санагддаг "хэмээн ярьсан нь үнэний хувьтай.Хөдөөний жирийн өвгөнөөс Химилай хаана байдгийг та мэдэх үү гэвэл бараг надаас илүү тоо баримт хэлдэг байхгүй юу?.Харин танай гадаах толгойг юу гэдэг юм бэ гэхээр ...аан энэ хойд толгой юу гэх жишээний хэмээн санаа алдсан сан.

Ноолуур,ноос,түүхий эдээ ачиж аваад "ах дүүсийн уулзалтын хил” хэмээн нэрлэгдэх боловч нидэртээ түүхий эдийн панз наймаа үсрэгэхээр уулздаг уулзалтын боомт "Гашууны овоо”хорь хоногийн хугацаатай нээгдэж ,энэ хавийнхан хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх шахуу болсоор хэдэн оныг баржээ.Буусан буудал гэрийн хаалга зогсоо чөлөөгүй онголзож ,хоол хош,наймаа панз ярьсан согтуу хөлчүү улс тасралтгүй хөлхөнө.Очсоны маргаашийн үүрээр буудал гэрийн гадна согтуу хүний сөөнгө хоолойгоор хашгирахаас эхлээд хятдууд чанга чанга ярих сонсогдов.Хамт очсон залуу сэрж уутан хөнжлөөсөө толгойгоо цухуйлгаснаа "хэн бэ? Хэн орилоод байгаа юм бэ?.Яагаад орилоод байгаа новш вэ ? хэмээн нойроо харамлан хараал урсган өндийв.Миний буусан гэрт байгсад надаас бусад нь бүгд танилууд бололтой.

Цай буцалж гэрээр галын дулаан илч,цайны таатай үнэр тугэхэд энд тэндгүй унтсан хүмүүс сэрцгээн хөнжлөөсөө толгойгоо цухуйлган зарим нь хүйтэн уух юм сураглаж,зарим нь өндийн чүдэнз шаржигнуулан сэгсэрч тамхи асаах нь дийлэнхдээ эрчүүд ажээ.Нойр дутуудуу,шартамхай,царай нь баргар бүрсгэрдүү .

Нэлээд болсны хойно ихэнх нь босцгоож,овоо дуу шуу орж урьд оройны хэрэг явдал,тоглоом хаашаа эргэсэн,хир их уусны тухай ярьцгаан гэнэхнээр пир пархийн инээлдэж хөгжилдөцгөөнө.

"Чи чинь шөнө яасан олон босдог юм бэ? Хамаг хөнжил гудас сандаачиж хаяад хөлдөж үхэх дөхлөө байна” хэмээн жонгиносон дуугаар ярих хүнийг харвал нарийн зууван шаранги царай ширвээ хар сахалтай туранхайвтар хүн.Олон жил оринги өвчин хуучдаа баригдсан уу гэмээр эцэнхийдүү энэ хүнийг Дэрэм гэдэг ажээ.”Юундаа даардаг байнаа хм...Манай говь чинь танай хангайг бодвол нараа дэрлэн налайдаг галтай зуух шиг дулаан өег газар байхгүй юу хэмээн хүний өөдөөс хэдэн үг хэлчихдэгтээ эрэмшингүйх тарган бор залууг Оргих гэдэг болохыг тэдний ярианаас мэдлээ.

Гэрийн хаяагаар архины лонх,тамхины татаад хаясан ишнүүд,хөзрийн цаасан савнууд хөглөрч тун чиг эмх замбараагүй хэн.Дөнгөж л үүр хаяарч байгаа ч хилийн энэ хотхоны шинэ өглөө,”ажлын шинэ өдөр” ирэх нь энэ.

Хуурай загийн илчинд гэр дорхиноо дулаацаж,эдлэл хогшлуудын нүүр тавцан хөлрөнгөтөөд уур манан хадаж байтал гэрийн хаалга сэвхийн онгойж хоёр хүн жавар дагуулан орж ирэх нь харваас хятдууд байлаа.Сайн оо? Оргио ирсэн уу... зууранхайтсан этгээд аялгаар арай ядан хэлээд хоймроод доогуурчлан харснаа....аяа Оргио нихо...хэмээн шар шүд гарган арзайн инээж зуухнаас хойш хэвтсэн хүмүүсийн ор дэрийг зайчлан гар сунган хоймор өөд тэмүүлэх нь " өнөө дотор хүний нарийн ухааны нэг хэсэг худал зулгуйдах”-ын илрэл үү гэлтэй.Хувцас нимгэнтэй хоёр хятад зуухны хүхээ хавилцаа гараа ээн бээвийн зогсох нь жавхаа муутай дуу.Орж ирсэн хоёр хятдын настайвтар нь гал тогооны эзэгтэй тийш найр тавингуй харж "тамхи уу” хэмээн шувууны зурагтай хятад үсэг бүхий тамхи хувцасныхаа энгэрийн халааснаас гаргаж ирээд сарвайв.”Тамхи уу” байхдаа яах вэ дээ хэмээн бодсон би хожим нээрэн л уух юм даа хэмээн өөрийн эрхгүй бодсон шүү.Хятдууд тамхийг угсруулан зууж Оргиог хүлээх завсраа хэд хэдийг татаад ишийг нь зуухны хүхээний орчим хаях нь нүдэнд содон.Тамхины иш хаях юу ч биш бүр байн байн шүлсээ хаях нь "сэжиг хүрэм”. Ахуйн соёл гээч юм үгүй улс бололтой.Эргэн тойрныхон нь ч тоох шинжгүйд би бүүр гайхлаа.Манайхан чинь " ямартаа ч атугай шүлсээ гал голомт руугаа хаяад байхааргүй л улс .Явсан суусан газраа хятдуудыг бодвол арай л хямга замбараатай шиг санагдав.Гэрт байгаа хүмүүс орж ирсэн 2 хятдаас "Баяннуурын Лю ирсэн үү,Хэбэйгийн Зо ирсэн үү” хэмээн асууцгаах нь энд байн байн ирж наймаа панзыг овоохон үсэргэдэг нь харагдана.

Үдийн хойно гэрт хоногсод уван цуван царай баргар сэтгэл гонсгор ирцгээж,нэг л дуу муутай,гал тогооны эзэгтэйн хийж өгсөн цайг шор шорхийлгэн хий сорж санаа алдах шиг сууцгаана.Өдрийн ихэнцийг хилийн шалган нэвтрүүлэх боомтон дээр дугаарт зогсон өнгөрөөж уйдаж цуцсан хүмүүс байх.Ядахдаа онгойсон болгоноор нунтаг шороо чихэн шороогоор шуурч,жаахан л зав зай гарвал ачаандаа хойд хоёр дугуйн дээрээ босохоо шахсан пургон \орос бага оврын ачааны тэрэг\-ууд уухичин дайрцгааж хр...ярхийн шүргэлдэж,олон хоног дараалалд зогссондоо уурссан жолооч нар нь хараал тавьж,заримдаа бүр гар зөрүүлэхийг нь яана.Монголчуудаа гэж хэзээнээс нааш нэгдэж нийлнэ гэдэг гонжийнжоо улс дээрээс нь яаруу адгуу нь нэмээд бас болоогүй ээ шалганы эрх мэдэлтнүүдийн хүнд суртал "бурхангүй газрын бумба галзуурчихаад” ирэгсэдийн "дээшээ тэнгэр мөн ч хол” байх ажээ.

"Жаниа эгчээ манай фракцийнхан бууз иднэ.Төмөрөөгийнхөн цуйван захиалж байна лээ хэмээн захиалга хэлэх сөөнгө хоолойтой бүдүүн эр гэрийн зүүн хойд хоймор эзлэн унтдаг гудас хөнжлөө дэлгэн "за даа нөгөөдүүлийг иртэл жаахан хажуулъя даа” хэмээн хэвтээд нам гүм.Миний буусан гэр буудлын эзэгтэйг Жаниа гэх.Их багагүй л "Жаниа эгч” –ээ гэцгээнэ.

Жонгинуур дуут хижээл эр Дэрэм "...оочер гэж най алга. Ингэсээр байтал түрүүчийн "нээлт " шиг хил дээр гацсаар наадмын өмнө Замын үүдээр буцаж гарах даг аа.Ямар ч их машин хүн ирсэн юм бэ дээ” хэмээн ярвайв.Гурил зуурч суусан Жаниа эгч ...манай Өмнөговийнхон бүгдээрээ ирчихсэн байгаа биз гэхэд танай Өмнөговийнхон байтугай Дархан,Эрдэнэт,Хөвсгөлөөс хүртэл ирчихсэн байхад чинь бас болоогүй ээ транзит ачаа гээд лацтай цоожтой том том машинууд Казакстанаас орж ирээд гаалийн хашаанд хил гарах гээд зогсож байх чинь билээ дэг гэснээ бөхийн Жаниа эгчийн чихэнд "дан бөхөнгийн эвэр гэнэ лэй ш дээ ...”хэмээн хэлэх нь надад тод сонсогдов.

Оройхон хирд сундлуулан барьсан хоёр гэриийн хойд талын гэрт аяганы намхан ширээ пад падхийтэл цохих чимээтэй давхцан "...дураа нааш нь духаа цааш нь ...хэмээн халамцуу хашгирах эрсийн дунд хотоос "их гарын тоглоомчид ирж гэнээ...” яриа гарч...зарим саваагүйчүүд сониучирхан хаана хэнийд буусныг нь сураглах.Энэ үеэр чулуужсан модны наймаачин хятдууд Оргиог сураглан орж ирээд гарахдаа Жаниа эгчийн чихэнд ямар нэгэн юм шивэгнэчихээд гараад явав.Зодохын муу чимхэх,ярихын муу шивнэх хэмээн бодож суутал Жаниа эгч сонин болгон ...Оргио их хөдөлгөөнтэй залуу шүү.Уг нь Гандан хийдэд лам байсан юм гэнэ лэй . Нутаг нь Дундговийнх гэсэн байхаа.Өнгөрсөн жилийн зарсан чулуужсан мод нь урд очоод жаран сая юань хүрсэн гэдэг.Саяны хятдууд тэгээд л Оргиог сураглаж байгаа хэрэг .Энэ хятдууд үнэд хүрэхийг нь аваад үнэд хүрэмгүй бага шиг нэгнийг нь зүгээр авах гээд байдаг гэдэг.Хил хаагдаад биднийг нүүж байхад хаанаасаа яагаад ороод ирдэг юм бэ бүү мэд "пад пад” ирчихсэн л бүгдийг түүгээд аваад явчихдэг юм шүү дээ.Манайхан цамаан хятдууд хямгач гэж жигтэйхэн хэмээн хуучиллаа.

Хоол хүлээн халуун цай ууж суусан бидний хэдэн хүний хоёр нь хойморт унтсан хүний наахнуур нимгэн дэвсгэр дэвсээд дээр нь хөзөр тоглож сууна....энэ хил дээр чинь байхгүй юм алгаа...нэлээд хэсэг чимээгүй сууж байснаа туранхайвтар хижээл хүн хажуу дахь залуугаа өвдгөөрөө ёворсхийснээ ...өчигдөр би танай ангийн гэдэг өнөө хэнийг дагаж зүүн урьд талын Оюунаагийнд очоод сонин юм үзээ дээ хэмээн тамхиа хөхөх мэт удаан сорж хэсэг азнаснаа үнсийг нь хаяа руу хаян, бидэн рүү харж болгоомжлонгуй өнгөөр зөөлөн дуугарч эрүүгээрээ хажуу дахь залуугаа зааж "урьд шөнө энэ Галаагийн найзтай орой эндээс гарав даа.Урьд Оюунаагийнд ороод хэдэн шил пиво ууж суутал нэг "аятайхан хүүхэн” орж ирээд баруун талынх нь орон дээр суугаад л байсан.Тэдний танил юм уу "буусан” хүн л юм байх гэж бодож байгаад би ч яах вэ уусан жаахан пивондоо онхолдоод өгөхгүй хаачих вэ? Үүрээр даараад сэрсэн чинь мань Ганаа өнөө хүүхнийг чинь өвөртөлчихсөн жигтэйхэн тохилог нь аргагүй "гэртээ байгаа хүн шиг ээ...” унтах юм.Үүр цайлгахыг хүлээвэл би ч "модойх” шинжтэй.Бушуухан наашаа л давхичихлаа.Даарсан гэж яваа хэмээн тэр үеийн тухай бодоод байгаа юм уу өөрийнхөө "ядруу”-даа гунирхраад байгаа юм уу нэг тиймэрхүү л байв.Галаа гэж нэртэй залуу нь чимээгүй хөзөр рүү харж сууснаа "тиймээ тийм нэг хүүхэн энүүгээр ноднин хаврын нээлтээс хойш яваад байгаа юм.Аймаг аймгийн толгой баян "ченж”-үүд хилийн нээлтээр хичнээн машин ачаатай ирдэг гэж сананаа.Жингийн цувааны тэмээ шиг хэлхэлдсэн олон л юм ирдэг , урагшаа ч хэлхээ холбоо сайтай байдаг шиг билээ.Эндээс бүрдүүлэлтээр гарч байгаа нь энэ гээд "галуун цуваа шиг л юм явдаг.Арьс ширээс гадна юу ч гардаг байж мэдэх юм” хэмээн сэжиглэнгүй ярвайн ярианы өнгийг өөрчилж орхив.Угсруулж барьсан гэрийн хойд гэрт хэсэг залуус даалуу нь даалуугаа,хөзөр нь хөзрөө тоглоод тоглох зуураа архи ууцгааж,бие биеэндээ үг хаяж,уурлаад , хэрэлдээд ч байгаа юм уутэрсүүд үг хэлцгээж байхаар миний нойр хүрдэггүй .Ингэж тоглох хэрэг байдаг л юм байх даа.Тоглоом биз дээ хэмээн бодож хэвтснээ замын алжаалдаа болоод бүүр нам унтчихжээ.Гэрийн хаалга сэвхийн онгойхыг өндийн харвал тогооч эзэгтэйн туслах 13,14 орчим насны туранхайвтар жаахан хүү өөрөөсөө том шуудайтай заг бударгана чирэн орж ирснээ зууханд чихэж,бензин шингээсэн алчуур түлээний голд хийгээд чүдэнз зурж тавилаа.Гал дүрсхийн хуурай заг бударгана пис пасхийн дуугарч шатан төдийлэн удалгүй зуух хүүхээ рүүгээ час улайсч харагдана.

Урьд шөнийн хэрэлдэж муудалцан тоглоцгоосон хэд чимээ ч алга.Арай зодолдоогүй л бололтой билээ дээ.

Өнөөдөр "хятдуудын баяр” болох гэнэ.Монголчуудыг ялсан баяр гэнэ шүү.Хилийн боомт хаалттай.Хилийн боомтын түр эсгий хотхонд миний өнгөрөөсөн хоёр дахь өдрийн эхлэл нэг иймэрхүү.

Дээхэн үед албаны том хүн байсан ч байж магадгүй хоёр өвгөн ярилцаж байгаа руу цайлж суухдаа чихээ сунгаатхав.Дорноговь аймагт хүний эмчээр ажиллаж байсан Бадрах гуай "энд чинь хотоос ногоо цагаа ирнэ гэж байхгүй дээ.Дандаа л урдаас авчирдаг юм уу хэмээн гал тогооны эзэгтэйгээс нухацтайхан асуух нь "мэргэжлийн өвчин” нь хөдлөө шив.Дундговь аймгийн сумын даргаар олон жил байгаад тэтгэвэртээ гарсан Суман гуай инээд алдснаа "за яах вэ тэгээд нанхиадын баасаар бордсон төмс ногоог ямааны махтай холиод л цохиод байж дээ. Хүүхдүүд ч яах вэ болоод л байх байх даа.Хөгшин хонины насгүй болсон мань мэтс нь хөхөө өвлийн хүйтэнд хөлдүү газар барьсан гэрт ямааны махан хоолтой амбан явдаггүй хэрэг ээ. Өглөө өглөөд л нүүр сэлхийж хавагнаад байх боллоо.Хүүгийн хампааны цуглуулсан түүхий эд үүгээр гарч байгаа ухаантай юм. Зах зээл гэдэг чинь өвгөн намайг ч зүгээр байлгахгүй нь шүү.Уг нь мээнэжэр нь явах гэж байтал ээж нь өөд болоодоо хүү гадаадаас утсаар ярьж " намайг яв” гээд лүндэн буулгаж орхиод "том жийпээ” явуулаад ачаад л аваад ирэв шив. Та чинь тэгвэл мундаг бизнесмэн өвөө юм байна шүү дээ гэвэл амаа том ангайж ирээд л хүр хүрхийтэл инээж ува буруу хойшоо доо гэв.Хоёр өвгөн сүүлдээ нутаг орноо ярьж манай танайдаа хүрээд яриа "халуун " тийшээ хандаад явчихав.Дорноговь,Өмнөговь хоёр яах вэ амьжиргаатай улс та нар тэр үлэг гүрвэлийн өндөг яс,одоо чулуужсан мод гээд хамаг баялгаа гадаадынханд зараад дууслаа манай Дундговьд юу байгаа юм бэ?Хэдэн мал байгаа ч хүний өөрийнгүй зулгаах нь зулгааж л байна.Буянт мал хөөрхий яах вэ хэзээдээ л Монголчуудыг тэжээн тэтгэсээр ирсэн юм.Харин энэ байгалийн хөрсний баялаг чинь нөхөн сэргээгдэхгүй эд,тэгээд ч ганцхан та нарт өмчлөөд өгчихсөн юм огт биш хэмээн буурал халимагаа хойш илж бухимдангуй сууна.Бадрах гуайн нүүрэнд хөнгөн инээмсэглэл тодорч "хөөе өвгөөн та бид хоёр энд маргаад юу хийнэ вэ дээ.Мэддэг улс нь мэдээд байгаа л байлгүй хэмээн учирламаар болж ирснээ хий ханиан ...аан өнөөх Хичээнгүй ирэх дөхжээ гэснээ өвдөгөө алгадан босч гарч одов.Суман гуай хэсэг чимээгүй сууж сууж... өнөөх боомт нь өнөөдөр ажиллахгүй гэл үү.Манай нутгийн Оргио чинь энд байдаг байхаа хэмээн гэр доторхийг эргүүлж тойуулан харснаа ...хүүхээд... охин минь ах нь буруу юм яриагүй биз дээ.Тэгээд ч үхэл нь үхрийн даваан дээр ирчихээд байхад болж л өгвөл хүнд хэрэгтэй үнэнг ярих нь зөв гэж боддог зөрүүд толгой байгаа юм даа.Суман гуай босч гар мөрөө хөдөлгөн суниамаар болсноо эзэгтэй тийш хандаж ...ах нь зөнөглөж буруу юм яриагүй байгаа даа . Манай говийн хонины мах гойд амттай байдаг даа та нар махны хямдыг хараад дандаа ямааны махаар хоол хийгээд байх юм.Ямааны мах ч нэг л зонхигүй хүйтэнд дэмий дээ.Миний дүү үнэ ханш нь яах вэ болж өгвөл хонины махаар хоол хийж байгаарай.Гэрээсээ хол хөндий ядарч л яваа даа эд.Сайхан хоол үнэтэй байлгүй дээ...хоол болтол шийр зугаа гэсэн юм.Нутгийн хоёр хүн дээд айлд ирсэн гэсэн очиж уулзъя байз хэмээн хэлчихээд залуу чийрэг хүний алхаагаар сэп сэпхийн алхаад одох нь бахдмаар.

Хагас үд өнгөрөөгүй шахам байтал хэдэн хятдууд гал тогооны эзэгтэйтэй ирж уулзаад хоол захиалаад явцгаав.Жаниа эгч "хэдэн мэддэг хятад үгээ " оролцуулан дохио зангаагаар түрхэн зуурт ойлголцож,эд нар "пайжуугаа тоглохоор явлаа гэнэ,намайг өдөр 2 цаг гэхэд 15 хүний "наашаа цаашаа” хийгээд өгөөч гэнэ дээ.Тэрээр шалмаг хөдөлж дор нь цай чанаж халуун савнууддаа дүүргээд,”өнөө” л ямааны махаа гарган тавьснаа надаас санаа зовов бололтой над руу хараад байв.Би инээж "та саяын Суман гуайн хэлснээс зовоод байгаа юм уу? Харин ч халуун ногоо ямааны мах хоёр чинь зохьцдог юм биш үү.Бид нар ч яах вэ ? Суман гуай,Бадрах гуай эд нарт л ямааны мах хэрэггүй дээ хэмээн би хэзээний зөвлөгч болчихсон суугаа даа санаа зовлоо.

Жаниа эгч уг нь ч тийм л дээ .Эгч нь хэдэн хүүхдээ тэжээх,сургалтын төлбөр энэ тэр гээд л ингэж яваа юм уг нь хүнд аяга хоолны хариутай л өссөн юм сан .Өнөөдөр тэр хэвээрээ байгаад байвал өөрсдөө алга болох юм шиг байгаа юм аа.Би ч өөрийгөө гээд ирж байгаа та нарыгаа "шулж байгаа”-даа хичнээн зовох ч амьдрал болж өгөхгүй юм хэмээн учирлах нь сэтгэлд нэгийг бодуулна.

Тэнгэрийн байдал тавгүй шороогоор нүүр нүдгүй шуурсан зэвэргэн хүйтэн хаврын байдаг л өдөр өнгөрч "манайхан” ихэнх нь алга.Бодвол зав гарсан дээр "гадуур айл хунараар орж уулзаж учрах хүмүүстэйгээ уулзаж яваа юм байлгүй.Жаниа эгчийн найз дүү нартай гурил элдэж бууз чимхэж,элдэв эсийг ярин өдрийн ихэнцийг барж суутал гаднаас согтуу залуу орж ирэн Жаниа эгчийг заамдаад авав.Жаниа эгч сандран...яаваа юу болов яасан бэ ?миний дүү хэмээн аргадана....Та яагаад Ононд миний тухай муу үг ярив аа.Онон надаас сална гээд явчихлаа гэснээ ханцуйгаа шамалж...муу гичийг алнаа...муу янхан хотод ямар юм явснаа мартаад хэдэн хятад үг халтар хултар хэлдгээрээ түрээ барьж гэнэ хэмээн цурхирах архирах хоёрыг хослуулан шүдээ хавирах нь аймаар.Саяхан л нэг нэгийгээ цаашлуулж инээж хөхөрөлдөж суусан бид хэд нурман дээр ус асгасан лугаа нам гүм.Жаниа эгч согтуу залууг аргадаж суулгаад цай хийж өгөн тавагтай бууз дөхүүлж тавилаа.Сэтгэл нь тэр гэхийн тэмдэггүй уймарч донсолсон тэрээр хоолой руу нь хоол хаанаас давах вэ дээ. Арайхийн тайвширсан тэрээр эхийгээ санасан хүүхэд шиг хэд хэд эхэр татаж санаа алдаад чимээгүй боллоо.Хэсэг хормын дараа хойд гэрийн онгорхой хаалгаар хурхирах чимээ гарч бидний айдас арайхийн амирлалаа.Хотод авгай хүүхэдтэй боломжийн амьдралтай энэ залуу илүү харж билүү долоож жаргалаа жад болгосон хүн гэнэ.Төрийн албан хаагч хийдэг эхнэр нь түүнийг "хилийн боомт дээр наймаа арилжаа хийж,хүний дайтай мөнгө төгрөг олж яваа гэж боддог байх даа.Энэ нь энд иймэрхүү л байх юм.Хүний амьдралаа гэж...Жаниа эгч яриад санаа алдлаа.Нээрэн л "хилийн боомт” гэдэг уулзалтын цэг юм даа.Энд иймэрхүү хоёрдмол амьдралтай хүмүүс их ирдэг ажээ.

Нэг согтууг арайхийн дарж унтуулаад байтал бас нэг согтуу нөхөр орж ирээд архи нэхэж шалж гарав.Би ч энд ямар юмных нь архи байх вэ дээ гэж бодсноо ...үгүй хүмүүс дандаа л согтуу байх юм чинь архи зардаг газар бас байх нь гэж бодож дуусаагүй шахам байтал Жаниа эгч туслах хүүдээ хорин мянгатын дэвсгэрт өгөөд Оюунаагийнд ороод Нараагаас хоёр шил архи аваад ир хэмээн явуулав.

Туслах хүү архинд яваад ирэхдээ хоёулангий нь хүрэмнийхээ халаасанд түнтийтэл чихэж хийсэн нь согтуугаас нуусан бололтой.Хаалгаар шагайн харж харж байснаа орж ирээд миний хажуугаар шурхийн гарч гэрийн зүүн хойморт байх модон хайрцагт биеэрээ халхлан зогсож байгаад хийж орхих нь цаадхи согтуу нь гэрэл цохисон л бол хоосолж байж салдагтай холбоотой байх нь.

Зуугаад сая төгрөгийн ноолуураа хятдуудад хулхидуулаад хайхрах эзэнгүй өөрөө бараг хууль бус арилжаа хийсэн болж арай л шорон оронд оролгүй салж, түүнээс хойш хилийн нээлт бүрээр замын унаанд дайгдан, "буганаас эврээ авахаар тэмээ тэнгэрийн хаяа ширтдэг гэдэг "шиг өнөөх хятдуудаа ирж юуны магад вэ хэмээн горьдон ирдэг болсон энэ залуу эдний хэлээр "дуусчихсан хүн” гэнэ.Хотод хэргээ шалгуулж "аавын”-д очих дээрээ тулж байхад нь орон гэрийг нь банк хураагаад,авгай нь хамтран ажилладаг байсан өвөрмонголтой нь суугаад талийж,хоёр хүүхдийнх нь хувь заяа хаашаа эргэснийг тэнгэр бурхан л мэдэж буй гэнэ.Монгол хүний гэнэн итгэмтгий зан гэж...Тэгээд ч олон жил хамтарч ажиллаж ах дүү шигээ болсон улсад итгэхгүй гээд яах ч билээ.Согтуу залууг Нэмэх гэдэг ажээ.Толгойгоо бөнжигнүүлэн нэлээд сууж байснаа...би чинь өнчин хүн ш дээ...хэмээн уйлах нь эвгүй гэж жигтэйхэн.Өр өвдөж нээрэн л "өнчин өрөөсөн өр датуу хүн юм бол уу "хэмээн бодохуй Жаниа эгч зандарч "муу ёрын золиг уу хуухай... аав ээж нь амьд мэнд байхад чи ингээд сууж байдаг муу ёр байгаа даа түй түй...Нэмэх үгүй дээ өөрийгөө биш улсаа хэлж байна...хэмээн толгойгоо дахин дахин бөнжигнүүлж авч өгсөн архинаас цайны дунд шаазангаар хийж нэг амьсгаагаар хөнтөрч орхив.Нээрэн л хатуугаас халгалгүй,аргатныг аргалж,бачитныг баалж далайсан газар нь далд орж,далласан газар нь ил гарч хоёр улсын хилийн боомтын ааштай авиртай болгоныг аргалж чаргалж арваад оныг үдсний үр дүн нь "юу ч үгүй хоосон үлдэх байсан гэж үү”.Аж амьдрал ,алаг үрс нь хаа яваа юм бол өмнөөс нь өр өмөрч "эзэнгүй” энэ цаг үед гомдох шиг.Миний бодлыг таслан гал тогооны эзэгтэй "еэ илжиг ээ...” дуу алдахад бондгосхийн цочсон би...яаваа...ий арай ч дээ... аяганыхаа алчуураар нүүрээ даран миний нөмөрч суусан дээл рүү шургаад ...яанаа арай ч дээ ...арайч дээ...Баруун талын хойморт унтаж байсан бидний хэлдгээр "танкчны хувцас” өмссөн бүдүүн шар эр нүд нь тас аниатай өндийж ирснээ өмдөө тайлж хагас суугаа чигээрээ шоржигнотол "морь харж” орхихыг санаандгүй суусан би ч нүд хальтраад харж чадсангүй.Яаж ч харах билээ.Жаниа эгч ... эднийг ингэхлээр чинь миний ажил үйлс яаж ч бүтэх юм билээ.Яаж ч хийморьтой байх сан... хэмээн нулимсаа урсган үглэнэ.Хамаг хувцас хунараас ялгадас үнэртэх шиг санагдаад болж өгөхгүй байсан би харанхуй хүйтэн шөнө хаачилтай билээ.Гутарсан сэжиглэсэн хоёр ч яав даа..халаг гэж...Хойд гэрээс халамцууханчуудын дуу чангарчихсан "бас л нэг...дураараа цаашаа...юугаа хааш нь вэ дээ...Ямар гээч муу муухай үйл шүглэсэн өдөр вэ дээ хэмээн гутранги суухуй сэтгэлийн дотор үгүйрэн хоосорч үүр цайхгүй юм шиг санагдах чинь...ээ өргөн олон түмнийг минь өршөөн хэлтрүүлж үүр цайлгаж хайрлана уу...

Сэрчигнэсэн салхитай хаврын хүйтэн өглөө бичгийн саваа үүрээд "хоосон гуяа ганзгалан өмнө зүгийг чиглэн алсаас их л сүр бараатай харагдах луун хээт хаалга руу дундуур зэлгээн сэтгэлээ өвөрлөж ,гар хоосон хөл нүцгэн орж явна.Хүний нутагт өөр юутай очих ч билээ.Намайг тэнд хэн хүлээсийм бэ дээ...

Ард ачаандаа түүртсэн том том ачаатай машинууд усанд яваа сүрэг заанууд гэмээр бөөгнөрч бараантаад нэвсийн үлдэцгээлээ.Боомт хаагдахад хоёрхон хоног үлдсэн гэнээ....

2000 он Гашуун сухайт


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.