Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг эдийн засгийн мэдээллийн нэг бол валютын ханш, валютын зах зээлийн мэдээ байдаг. Сүүлийн 3 хоногт төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэг өдөрт 20 хүртэл төгрөгөөр суларч, валютын захад хэлбэлзэл үүссэн. Иймд бид валютын зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг тоймлон хүргэхээр холбогдох эх сурвалжаас дараах мэдээллийг бэлтгэлээ.
Валютын зах зээлийн төлөв
Манай эдийн засгийн хувьд 2 дугаар улирал бол ид бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үе байдаг. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл 2 дугаар улирлын ДНБ-ий хэмжээ бусад улирлаас дунджаар 40 хүртэл хувиар өндөр байдаг. Энэ нь барилга, уул уурхай, мал аж ахуй гэх мэт эдийн засгийн голлох салбаруудын үйл ажиллагаа улирлын шинжтэй байдагтай холбоотой. Үүнийг дагаад валютын эрэлт, нийлүүлэлтийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг гадаад худалдаа ч мөн 2 дугаар улиралд хамгийн өндөр байдаг.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Гадаад валютын эрэлт нэмэгддэгээс шалтгаалан жил бүрийн 2 дугаар улиралд төгрөгийн ханш сулрах хандлага ажиглагдаж байгаа. Сүүлийн нэг жил орчим хугацаанд валютын ханш өмнөх жилүүдтэй харьцуулахад тогтвортой байгаа ч энэ сард төгрөгийн ханш сулрах хандлага ажиглагдлаа. Энэ нь гадаад валютын орох, гарах урсгалд хугацааны зөрүү үүсдэгтэй холбоотой. Тодруулбал валютын нийлүүлэлт цөөн тооны уул уурхай компанийн борлуулалтын орлогоос бүрддэг. Харин валютын эрэлт нь маш олон тооны иргэд, аж ахуйн нэгжийн харьцангуй жижиг дүнтэй зардлуудаас бүрддэг тул валютын захын эрэлт, нийлүүлэлтийн хугацааны зөрүүнээс үүдэн түр зуурын шинжтэй хэлбэлзэл гарах тохиодол байдаг. Тэгвэл цаашид төгрөгийн ханш хэрхэх төлөвтэй байгааг сонирхоё.
Валютын зах зээлийн цаашдын төлөв
Валютын ханшийг тодорхойлох гол хүчин зүйл бол Монгол улсад орж, гарч буй валютын мөнгөн урсгал байдаг.
2018 онд дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өсч цэвэршүүлсэн зэсийн тонн тутмын үнэ 7000 ам.доллар, нэг тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.долларыг давж тус тус өссөнөөс үзэхэд цаашид валютын нийлүүлэлт тогтвортой хадгалагдах төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өссөнөөр алт олборлогчдын төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа тухай Монголбанк онцолжээ. Төв банкинд тушаах алтны хэмжээ ийнхүү нэмэгдэх нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болдог байна. Монголбанк 2017 онд түүхэн дэх хамгийн өндөр буюу 20 тонн алт худалдан авч байсан бол 2018 оны эхний 5 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.5%-иар их буюу 4952 кг алт худалдан авчээ.
Төлбөрийн тэнцэл буюу Монгол улсад орж, гарч буй валютын гүйлгээний цэвэр дүн 2018 оны эхний 4 сарын байдлаар -47 сая ам.долларт хүрч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2 дахин буурсан байна. Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, тогтворжсонтой холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт эхний 4 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 2 дахин өсч 535 сая ам.долларт хүрсэн бөгөөд Оюу толгой ХХК-ийн гүний уурхайн хөрөнгө оруулалттай холбоотойгоор цаашид ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Түүнчлэн Монгол Улсаас ойрын хугацаанд төлөгдөх томоохон өр төлбөргүй болсон. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 850 орчим сая ам.долларын санхүүжилт олгоно гэж мэдэгдсэн бөгөөд 5 дугаар сарын эцсийн байдлаар130 сая ам.долларын эх үүсвэр Монгол улсад орсон гэх мэдээлэл бий.
Валютын захын голлох мэдээллүүдээс үзэхэд валютын ханшид түр зуурын шинжтэй өсөлт гарч болох ч энэ онд гадаад валютын нийлүүлэлт өндөр байхаар хүлээгдэж байгаа тул төгрөгийн ханшид гарсан богино хугацааны хэлбэлзэл удаан үргэлжлэхгүй, төгрөгийн ханш цаашид тогтвортой байх төлөвтэй байна.
Сэтгэгдэл