Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ” холбооноос "Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг "ЭМЭГТЭЙЧҮҮД ГАР ГАРААСАА” уриан дор зохион байгуулах гэж байна.
Нийгэмд зөв бодол, зөв үйлдэл, зөв хандлагыг уриалах зорилготой тус уралдаан өнөөдөр 18.00 цагт "Зайсан хилл” цогцолборт болно. Монголын өнцөг булан бүрээс сайхан бүсгүй шалгаруулах уралдаанд оролцохоор бүртгүүлсэн 100 гаруй охидоос шалгарч үлдсэн 18 оролцогч өнөөдөр титмийн төлөө авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаа сорих юм.
Монголын сайхан бүсгүй шалгаруулах 15 дахь удаагийн наадмын ОНЦЛОХ ЕСӨН үйл явдлыг танилцуулъя.
ЦАГТАА ИРСЭН ҮЗЭГЧ БҮХНИЙГ ХҮНДЭТГЭХ ЗОРИЛГООР АНХ УДАА СУУДЛЫГ ДУГААРЛАЖ ОНООГООГҮЙ
Хэн түрүүлж ирсэн нь илүү үйлчилгээ, илүү сонголт эдэлдэг үйлчилгээний салбарын бичигдээгүй хуулийг дагаж, үзэгчдийн тасалбар дээр суудлын хуваарилалт огт дурдаагүй. Тэгэхээр товлосон цагтаа ирсэн үзэгч урьтаж, илүү таатай суудалд суух боломжтой гэсэн үг. Үзвэр, үйлчилгээний тал дээр цаг барьж төдийлөн дадаагүй нийтлэг дутагдлыг засах тун аятайхан санаачилга байгаа биз.
ЭХНИЙ 300 ҮЗЭГЧИЙГ ОНЦГОЙ БЭЛЭГ ХҮЛЭЭЖ БАЙГАА
Дархан-Уул
аймгийн "Нарны хүүхдүүд” асрамжийн газрын хүүхдүүд сайхан бүсгүй
шалгаруулах уралдааны үзэгчдэд өөрсдийн гараар урласан онцгой бэлэг
бэлджээ. Уралдааныг хүндэтгэн товлосон цагтаа ирсэн эхний 300 үзэгч
"Сайхан бүсгүй” хайчилбар зургийн эзэн болно.
"Монголын сайхан
бүсгүй-2018” гоо сайхны тэргүүн наадмын оролцогч бүсгүйчүүд хүмүүнлэг,
сайн үйлсийн аяны хүрээнд "Нарны хүүхдүүд” төвд очсон юм. Тэд "Монгол өв
соёл” төслийн хүрээнд монгол гэр бэлэглэж, монгол ёс заншил, уламжлалт
наадгай, өв соёлыг хүүхэд багачууд, хойч үедээ уламжлуулах буянтай үйлст
оролцсон.
УСНЫ ХУВЦАСТАЙ ГАРААГ ХАЛСАН
Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ” холбооноос нэгэн чухал өөрчлөлт, шинэчлэлийг авчирсан нь "Монголын сайхан бүсгүй-2018” уралдаанаас эхлэн шалгуурын нэгэн төрөл болох Усны хувцастай гарааг бүрэн халах шийдвэр байлаа. Эмэгтэй хүний эрхэмсэг, нандин гоо байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг, оюунлаг, цогц сайхан байдлыг тодотгон ирсэн уламжлалт уралдааны нэр хүндэд дээрх өөрчлөлт нийцнэ гэж зохион байгуулагчид үзжээ.
ҮЗЭСГЭЛЭНТ ЭЭЖ, ОХИДЫН ЗАЛГАМЖ
Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ” холбоо, "Алдарт эх” төрийн бус байгууллагатай хамтран одонтой ээжүүдийн дунд зохион байгуулсан Mrs Mongolia World /2018.06.12/ уралдааны Тана эрдэнийн өргөмжлөлт, гоо ээж Г.Болортуяагийн охин Э.Туул "Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны шилдэг 18 оролцогчийн нэгээр шалгараад байгаа.
ОРОЛЦОГЧ ОХИДТОЙ ХИЙДЭГ ГЭРЭЭГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОСОН
Зохион байгуулагчдын зүгээс оролцогч бүсгүйчүүдийн нэр төрийг хамгаалах үүднээс оролцогчид болон тэдний эцэг, эхтэй гурвалсан гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд "Монголын сайхан бүсгүй” уралдааны оролцогч нь насан туршдаа порно кино болон нүцгэн зураг авалтад оролцох ёсгүй бөгөөд дээрх заалтыг зөрчвөл тэмцээний шагналыг хурааж авах хүртэл арга хэмжээ авахаар тусгажээ.
ШҮҮЛТИЙН ОНООНЫ ГОРИМ ИЛ ТОД
"Монголын
сайхан бүсгүй-2018” уралдааны шүүлтийн онооны горим ил тод явагдаж
байгаа. Уралдааны хүрээнд Хүмүүнлэг болон Оюунлаг сайхан бүсгүй
шалгаруулах хөтөлбөр түлхүү явагдаж, оролцогчид олон сайхан үйлст
нэгдсэн юм.
Уралдааны дүрмийн дагуу Авьяаслаг сайхан бүсгүй болон Оюунлаг сайхан бүсгүйн шалгаруулалт явагдаж, ялагчид тодорсон байгаа.
ОЮУНЛАГ САЙХАН БҮСГҮЙ:
Э.Энхриймаа /Хувийн дугаар 14/
Э.Туул /Хувийн дугаар 09/
О.Уярал /Хувийн дугаар 11/
АВЬЯАСЛАГ САЙХАН БҮСГҮЙ:
О.Олонбаяр /Хувийн дугаар 06/
Т.Цогсогмаа /Хувийн дугаар 01/
ҮЕ ҮЕИЙН САЙХАН БҮСГҮЙЧҮҮД НЭГДЛЭЭ
"Монголын сайхан бүсгүй-2018” уралдааныг үе үеийн сайхан бүсгүйчүүд хамтран зохион байгуулж байгаа. 1989 онд зохион байгуулсан анхдугаар наадмын ялагч, Алтан эрдэнийн өргөмжлөлт Н.Биндэръяа тэргүүтэй сайхан бүсгүйчүүд "Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор нийгэмд зөв бодол, зөв үйлдэл, зөв хандлагыг уриалахаар сэтгэл зүрхээрээ нэгджээ.
АЙМАГ, ОРОН НУТГААС ШАЛГАРСАН ШИЛДГИЙН ШИЛДЭГ 18 ОРОЛЦОГЧ ЭЦСИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРСАН
Уралдааны шалгаруулалтын уламжлал ёсоор аймаг, орон нутгаас шалгарсан зөвхөн шилдгийн шилдэг 18 оролцогч эцсийн шатанд шалгараад байгаа. Зохион байгуулагчдын зүгээс уралдааны шаардлагад нийцүүлэн 100 гаруй охидоос сонгон шалгаруулсан бөгөөд нас бага, загварын өнгө аястай, хандлага сөрөг зэрэг шалгуур хангаагүй охидыг хасчээ.
ЕСӨН ЭРДЭНИЙН ТИТЭМ
Наадам
150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд Алтан эрдэнийн өргөмжлөлт
ялагч өргөмжлөл, 20 сая төгрөгөөс гадна молор чулуун шигтгээ бүхий 999
сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн болох юм.
"Монголын сайхан
бүсгүй” уралдааны титмийг Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн
хүү, Төрийн шагналт зураач Үржнээ гуай урлажээ. 1989 онд анхны сайхан
бүсгүйгээр Н.Биндэръяа тодроход задгай загвартай титэм тэргүүндээ
залсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд хааны титэм хэлбэр бүхий битүү
титмийгялагчид гардуулдыг байсныг сүүлд дахин задгай болгосноор
өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй юм.
Эх сурвалж: Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо
Сэтгэгдэл