ЭРСДЭЛ ДАГУУЛСАН 30 ХУВЬ


МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018-04-12-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөөд Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн түүхий эдийн экспортын гол боомт болох Ганц мод-Гашуунсухайтад ажилласан юм байна.

Тэрээр энэ үеэрээ:
"Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ-д хийсэн айлчлалаар манайхны хэлдгээр төрийн гурван өндөрлөгтэй нь уулзаж ярилцлаа. Таван толгойн хамтын ажиллагааг бүх талаар дэмжихэд бэлэн байна, монголчууд та нар дотооддоо асуудлаа шийдчих л гэж байна. Тиймээс нэгдүгээрт хил боомтын асуудлаа шийдвэрлэж, сайжруулна. Хоёрдугаарт Таван толгойн ашиглалтыг сайжруулах асуудлаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргахаар УИХ-д өргөн барина. Төмөр зам, авто замын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргана. Үзээд хараад явах биш шийдвэр гаргах цаг болсон. Холбогдох сайд нар саналаа ирүүлэх хэрэгтэй” хэмээн хэлснийг МУ-ын төрийн мэдээллийн МОНЦАМЭ агентлаг мэдээлж байсан.

Харин түүнээс хойш 2 сар гарны дараа Монгол улс стратегийн хамгийн том орд болох Таван толгойн ордынхоо 30%-ийг гаднын хөрөнгийн биржээр арилжаалан хөрөнгө босгох талаарУИХ-ын чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэжээ.

Ингэхдээ Таван толгойн ордын 30%-ийг арилжин 1,7-гоос 6 тэрбум доллар босгож, түүгээрээ Гашуунсухайт боомт руу 270 км төмөр зам тавихаар хэлэлцсэн асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна.

Тэгвэл би ч бас энэ сэдэв дээр дуугүй сууж чадахгүй нь ээ.

Монголчууд энэхүү улс үндэстний бодлогын ордоо яагаад ч харийнханд алдаж болохгүй. Харийнханд хэмээн онцлохын учир нь хэрэв хөрөнгө босгох нэрийдлээр хувьцааныхаа 30%-ийг бүхэлд нь хөрөнгийн биржид гаргавал ямар нэгэн гадаадын компани хувьцааны үнэ босож ч амжаагүй байхад, анаж байгаад нэрлэсэн үнээр бүгдийг худалдаад авчихна. Цаашлаад хувьцаа эзэмшигч үндэсний компаниудаас 10%, 20%-ийг нэмж худалдан авчхаад, нийт ордын дийлэнх хувийг бид эзэмшдэг гэсэн "эзний араншин” гаргаж эхэлбэл Монголын ард түмэн хамаг баялгаа хүнд өгчхөөд эргээд тэднээс гуйлгачилж амьдрах аюултай!!!

Социализмын үед Орос, Монголын геологич нар хамтран судлаад Таван толгойн ордын нүүрсний нөөцийг 5,4 тэрбум тонн, үүний 3/2 хувийг коксожсон нүүрс, 3/1 хувийг чулуун нүүрс эзэлдэг гэж тогтоосон байдаг.
Гэтэл MCS компани сүүлд дахин судалгаа хийж, 6,5 тэрбум тонн нүүсний нөөцтэйг шинэчлэн тогтоолоо хэмээн мэдээлсэн. Улмаар 2015-2016 оны үед Шинхуа групп мөн адил судалгаа хийн, Таван толгойн орд 7,8 тэрбум тонн нүүрстэй болохыг тогтоосон гэж мэдээлсэн.

Тэгвэл тэрбум, тэрбум тонноор нэмэгдээд байдаг нөөц тогтоолтын дүн надад ихээхэн эргэлзээ төрүүлдэг юм. Дараачийн удаа хөрөнгө оруулагч дахин судалгаа хийгээд "Таван толгойн нүүрсний орд 10 тэрбум тонн нүүсний нөөцтэй” гэж мэдээлэх нь үү, эсвэл анхны судалгааны дүн дээр буух нь уу гэдэг нэн сонирхолтой!!!

Эдгээр мэдээлэл нэг талаараа хардлага хэдий ч нөгөө талаараа энэ сэжиг таамгийг Монгол ахан дүүс минь цаг ямагт анхааралдаа авч байх хэрэгтэй юм.

Учир нь гаднын хөрөнгө оруулагч гэдэг бол юун түрүүнд тухайн хувь эзэмшилд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авдаг дүрэмтэй.

Энэ дүрмээр хөрөнгө оруулсан тал бодит байдлаас хэтийдсэн худал нөөцийн дүнгээс тооцоолон, хувиа бодож авахад ордын баялгийн дийлэнх нь аль хэдийнээ үгүй болж жинхэнэ баялгийн эзэн монгол ахан дүүс дараа нь ухсан нүх, сүйдсэн газар нутаг дээр гасалж үлдэх вий гэдгийг давхар сануулахад илүүлэхгүй хэмээн сэтгэж, үүнийг өгүүллээ.

Хэрэв хэт нь тийм нөхцөлд хүрсэн байвал бид 50-60 жилийн дараа ордын нөөцийн хуурамч мэдээллийг баталгаажуулсан энэ цагийн геологийн салбарынхан болоод холбогдох эрх мэдэлтнүүдтэй хохирлын тооцоо бодоход даанчиг оройтсон байх болно.

Энэ талаар эргэцүүлэх бодох зуурт бас нэгэн асуудал гайхаш төрүүлэв ээ.

Таван толгойн төслөө хөдөлгөж эхлээгүй байж МУ гаднын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжина хэмээн мэдэгдэх нь тансаг амттаныг ямар ч сав, баглаагүйгээр, өнгө үзэмжгүй байдалтайгаар хар зах дээр аваачин үнэд хүргэхийг оролдох мэт үйлдэл юм.

Тэгвэл Монгол улсын ЗГ-т стратегийн ордуудаа нээн ашиглах, дэд бүтцээ бүтээн байгуулах мөнгө хүрэлцээгүй байлаа ч Шинху групп ямар нэг болзолгүйгээр 100% хөрөнгө оруулан, 7 том төслийг 6 жилийн хугацаанд бүгдийг хэрэгжүүлж дуусахаа ТЭЗҮ-дээ нарийн тусган танилцуулсан. Бид хөрөнгө оруулбал 7 төслийн гүйцэтгэл бүрэн дууссаны дараа хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалж болно гэж үзсэн.

Харин Шинху группийн эдийн засгийн судалгаа шинжилгээгээр Таван толгойн ордын дөнгөж 5%-ийг зарахад бид бүх хөрөнгө оруулалтаа буюу 50 тэрбум доллароо нөхөж авах бүрэн боломжтойг тооцоолсон юм. Энэ нь өнөөх амттаныг маш сайхан сав баглаа боодлоор чимэглэн, илүү тансаг зэрэглэлийн дэлгүүрт үнэтэйгээр арилжаалах наад захын ухаан билээ.

Гэтэл МУ-ын Засгийн газар өдгөө Таван толгойн ордынхоо 30 хувийг буюу бараг 3/1 хувийг урьдчилан зарж хөрөнгө босгоё гэж байна. Бид хаа нэгтэйгээс хөрөнгө хайж явах шаардлагагүй, манай групп 100 хувь хөрөнгө оруулаад Шинху групп 49%-ийг, МУ-ын ЗГ 51%-ийг эзэмших саналыг тавьсаар байгаа.

Тийм атал Монголын төр яагаад заавал ард нийтийнхээ өмчийг урьдчилан зарж байж хөрөнгө босгон, төмөр зам тавья, бүтээн байгуулалтын ажил эхлүүлье гэж сэтгэж буйг ойлгох аргагүй юм.

Бүр ордын 30%-ийг арилжаад олох мөнгөн дүн нь 1,7 -6 тэрбум доллар гэдэг бүүр ч хачирхмаар!!!

Ямар өчүүхэн үнэ вэ?

Түүнчлэн эрх баригчид олон улсын хөрөнгийн бирж дээр IPO босгохын тулд " Нүүрсийг үнэтэй байгаа энэ цаг үед арилжаалах шаардлагатай" гэж ард олныхоо тархийг угааж байна.

Гэтэл байгалийн баялаг гэдэг эргэж хэзээ ч нөхөгддөггүй, нэгэнтээ ухаад авчихсаны ард үндэстэй ургамал мэт ургаад байж байдаг эд биш учраас баялгийн нөөц багасах тусам хувьцааны үнэ үргэлж өснө!!!!!

Иймээс ард түмнээ энэ мэт явуургүй үгээр хууран мэхлэх нь эрх баригчдын хувьд хэтэрхий увиагүй хэрэг юм.

Өнөөдөр МУ-д Оюу толгойн гэрээг алдаатай хийсэн гэх шүүмж ид өрнөн, учир мэдэх хүн бүр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Хэдийгээр энэхүү гэрээ алдаа дутагдалтай, МУ-д ашиг багатай хийгдсэн ч энэ бол МУ-ын дотоодод зурагдсан гэрээ. Алдаа завхралыг бүгдийг ил болгон нотлоход эргүүлээд Монгол улс энэ гэрээг өөрчилж, засаж сайжруулж болно.

Тэгвэл Таван толгойн ордынхоо 30 хувийг нэгэнтээ олон улсын хөрөнгийн биржээр урьдчилан арилжчихвал тэрхүү хувь, хувьцаа хэдийнээ МУ-ын дотоодын хууль дүрэмд захирагдахгүй, Олон улсын гэрээ контракт ёсоор хувьцаа худалдан авсан талын өмч болдог тул нэгэнт гаднын хөрөнгийн биржээр арилжигдсаны дараа Монголчууд яаж эсэргүүцээд ч нэмэргүй, худалдан авсан тал үнийнд дүндээ дүйцэх баялагаа авахдаа л авна.

Ард нь Монголын ард түмэн юутай үлдэх нь тэдэнд огтхон ч сонин биш.

Тиймээс, эрхэм нөхөд өө!!!

Монгол улс 21-р зуунд дэлхийн хөгжингүй улс орнуудтай хөл нийлэн алхахын тулд Стратегийн орд буюу улс үндэстний бодлогын ордоо өөрсдөө эзэмшиж байж хойшид төгрөгөө доллартой өрсөлдүүлнэ.

Харин мөнгөн тэмдэгтийн чанарыг хадгалдаг ганц чадвар зөвхөн алтанд бий. Тэгвэл стратегийн ордын нөөцөд байх нүүрс, зэсийг алтанд хувирган Монгол банкандаа хадгалж байж л бид долларын үнийг хэлбэлзүүлэгч, дэлхийн тоглогч болж чадна.

Иймд Монгол төрийн эрхэм түшээд та бүхэн энэхүү асуудал дээр мэргэн ухаанаар хандаж Олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд маш нарийн тооцоололтой хандаж, 30%-иа арилжаалах тухай асуудалд "жинхэнэ стратегийн шийдвэр" гарган, баялгийнхаа дийлэнх хувийг гаднынхны гарт нэг мөр орохоос хамгаална гэдэг итгэл төгс байна.

#Хүндэтгэсэн_Шинху_группийн_Далайгаас


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.