Үндэсний их баяр наадмын тасалбар энэ сарын 7-ноос нэг цэгийн үйлчилгээгээр тараагдаж эхлэхээр болсон. Гэвч наадмын тасалбар горилогчдын урт дараалал уржигдраас буюу долоодугаар сарын 1-ний өдрөөс үүсчээ.
Зургаан буудлын "Оргил" худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний үүдэнд л гэхэд өчигдөр/2018.07.02/-ийн байдлаар 10 гаруй хүн оочерлож байв. Ингэхдээ нэг хүн дор хаяж 100 гаруй тасалбар авах тул хүн бүр ардаа 20-30 хүний дараалал хадгалж байгаа гэж бидэнд мэдээлсэн юм.
Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 16, 20, 24 мянган төгрөг байх аж. Харин олон хоног дараалал үүсгэн зогссон шагчид наадмын тасалбарын үнийг 120-160 мянга хүртэл нь хөөрөгддөг байна.Энэ бол хамгийн бага хэлж буй үнэ.
Харин нэг цэгийн үйлчилгээг тойрон олон хоногоор дараалалд зогсож чадахгүй иргэд төрийн албаны хүнд суртлыг тойрох гэж буй мэт танил талаа ашиглаж, эсвэл гуйж, гувшиж байж 100 мянган төгрөгөөр авдаг сурагтай.
Жилийн жилд л Үндэсний баяр наадмаа дэг журамтай зохион байгуулна хэмээн амлачихаад тасалбар борлуулахаасаа эхлүүдээ иргэдийг ийнхүү бухимдуулж байгаа хүмүүс яажшуухан наадам зохион байгуулдаг юм болдоо хөөрхий.
Техник технолги хөгжсөн 21-р зуунд амьдарч байж бид хэдий болтол ийм картын барааны үетэй ноцолдох вэ?
Уг нь бид олон улсын технолгийн дэвшлийг ашиглан асуудал шийдэж ирсэн багагүй туршлагатай. Жишээлбэл, цахимаар хүүхдүүдээ цэцэрлэгт оруулж, газар өмчлөх гэх мэт. Ямартай ч байсан нэг их хэл ам гараагүй иргэд ч бухимдаж нервээ баралгүй асуудлыг шийдээд болоод л байсан.
Тиймээс картын барааны очерлодог үеэсээ салж технологийн дэвшлийг ашиглаад тасалбарын захиалгыг онлайнаар аваад борлуулахад болохгүй зүйл байхгүй шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=10551
Сэтгэгдэл