Хотын захиргааг Яармаг руу шилжүүлэх төслийг баталлаа


Хотын захиргааг Яармаг руу шилжүүлэх төслийг баталлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд  "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ.

Энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

Монгол Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” гэсэн бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Үүний нэг нь Улаанбаатар хотын доторх төр захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилготой "Шинэ яармаг” хотын төв юм.

Энэ хотын төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах тухай НИТХ хэлэлцэж "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолын хүрээнд ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг нийслэлийн төр захиргааны байгууллагыг ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр лүү нүүлгэх эхний загварыг танилцууллаа. Нийт 5.0 га хэмжээтэй газрын 0.9 га газрыг барилгажуулах юм.

Захиргааны нийт 5 блок барилга барихаар төлөвлөжээ. Эдгээр барилгад НИТХ-ын байр, Хурлын заал, үйлчилгээний нэгдсэн төв, спорт танхим, Засаг даргын тамгын газар, харьяа агентлагууд байрлах юм. Энэхүү бүтээн байгуулалтын хийлгэхээр "Эм Зэт Жэй”, "Талст ширээт”, "Темпланд” ХХК-уудад урилга хүргүүлсэн байна. "Темпланд” ХХК урилгыг хүлээн авч, хамтран ажиллах саналаа ирүүлжээ. Одоогийн байдлаар БОАЖЯ-аас газрын зөвшөөрөл авах асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэв.

Ийнхүү Тэргүүлэгчдийн санал хураалтаар "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийг баталлаа.

 
 

Мөн хуралдаанаар Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг гэр хорооллын дунд бүсэд хэрэгжүүлэх хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу "Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэх 16 байршлын газрыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор "Дэд бүтцийн төв”ийн эхний ээлжийн 50 байршлыг баталсан билээ.

Харин энэ удаа 2015 оны зургаадугаар сард батлагдсан "Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийн аравдугаар зүйлийн 10.1.1-д заасан "Хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил, зааг зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах” гэсэн заалтыг үндэслэн "Дэд бүтцийн төв”-ийн шинэ 16 байршлыг сонгон авчээ. Тус 16 байршилд нийслэлийн есөн дүүргийн хороод, тэр дундаа Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт байрлах газрууд багтжээ.

Уг 16 газрын зарим нэгэн хэсэг нь эхний ээлжинд батлуулсан 50 газартай давхацсан байсан юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх, мөн НИТХ-ын төлөөлөгчдөөс энэхүү 16 газрыг хэр оновчтой эсэх талаар санал авах чиглэл өгч "Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэх байршлыг батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ.

Энэхүү газрыг ашиглах талаар иргэдээс санал авч, тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр сайжруулсан танилцуулгыг ирэх наймдугаар сарын 1-ээс өмнө дахин танилцуулахыг НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлын хэсэгт даалгалаа.

 

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.