Вашингтон Лалын Бүгд Найрамдах Иран улсын тогтвортой байдлыг ганхуулах оролдлого хийсээр байна. Үр дүнд нь Ойрхи Дорнодын бүс тэр чигтээ тогтворгүй байдалд орох төлөвтэй байгаа аж. Тодруулбал, АНУ-аас Тегераны эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа төдийгүй сөрөг хүчнийхэнтэй нь идэвхтэй хамтран ажиллаж, эсэргүүцлийн шинэ давалгаа үүсгэхээр зэхэж байгаа гэнэ.
Америкуудын Ираны нефтийн экспортыг зогсоох гэсэн хүслийн хариуд тус улсын засаг захиргаа Персийн булангийн орнуудын нефть тээвэрлэх гол зам болох Ормузын хоолойг хаахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Хэрвээ энэ буланг хаах юм бол дэлхийн экспортын 20-иос доошгүй хувийг эзэлдэг булангийн орнуудын нефть баруун нийлүүлэгдэх боломжгүйд хүрнэ.
АНУ-ын Төрийн департаментын улс төрийн төлөвлөлтийн хэлтсийн захирал Брайан Хукийн мэдэгдсэнээр Вашингтон Ираны нефтийн худалдааг зогсоох замаар "Ираны ард түмний чин хүсэлд нийцсэн” зүйлд хүргэх, тус улсын засаг захиргаанд нөлөөлөх оролдлого хийж байгаа гэнэ.
Гэхдээ америкууд Лалын Бүгд Найрамдах улсын дэглэмийг солих зорилго тавьсан нь сөрөг хүчин, Ираны радикалуудтай нягт хамтран ажиллаж байгаагаас ил харагдаж байна.
Тухайлбал, өнгөрсөн 06 дугаар сарын 30-нд Францын Вильпент мужид Ираны Үндэсний эсэргүүцлийн зөвлөлийн оролцоотой бага хурал зохион байгуулагдсан юм. Уг хуралд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хуульч Руди Жулиани, Канадын Ерөнхий сайд асан Стивен Харпер болон АНУ-ын төрийн томоохон албан тушаалтнууд асан хүрэлцэн иржээ.
Үндэсний эсэргүүцлийн зөвлөл нь 1960-аад онд шахыг түлхэн унагах зорилгоор байгуулагдсан. 2012 оныг хүртэл тус улстөрийн хүчин нь АНУ-ын алан хядах бүлэглэлийн жагсаалтад багтаж байсан боловч саяхнаас нэрийг нь уг жагсаалтаас хасчээ.
Бага хурлын үеэр Ираны өнөөгийн дэглэмийг өөрчлөх хүслийн талаар хэд хэдэн удаа дурдагдсан байна.
Энэ бүгд өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээс эхлэн Иранд тогтмол үйлдэгдэж буй засгийн эсрэг арга хэмжээнүүдийн үеэр болж байгаагаараа дахин хардлага төрүүлж байна. Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханигийн хэлснээр энэ бүгд улсын дотоод асуудалд бусад улс орнууд хутгалдан орж буйн илрэл гэнэ.
АНУ-ын яг одоогийн зорилго бол нэн тэргүүнд Тегераныг нефтийн худалдаанаас орох орлогогүй болгох юм. Ингэснээр Ойрхи Дорнодод буюу Сири, Йеменд цэргийн үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч, нийгмийн эсэргүүцлийн хөрсөн дээр Иранд "өнгөт хувьсгал” гарна гэсэн үг.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улстай хийсэн цөмийн гэрээгээ цуцалснаас хойш Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ тавих талаар яригдаж эхэлсэн юм. Цөмийн гэрээгээр Тегеран цөмийн пуужин үйлдвэрлэхээсээ татгалзаж, уран, плутоний баяжуулахаа зогсоосон. Ингэснийхээ төлөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван улс, дээр нь Германы зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалсан билээ.
Тэгвэл одоо Вашингтон уг хориг арга хэмжээгээ дахин эхлүүлж, Ираны эдийн засгийг сулруулах оролдлого хийж байна. Ингэснээр улс дотроо асуудал хурцадна гэсэн үг.
Үүнээс гадна Германд энэ сарын эхээр Ираны нэгэн дипломатчийг Бельгид саатуулагдсан алан хядагчидтай холбоотой байсан, алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан хэргээр саатуулсан байна. Ираны зүгээс энэ асуудлыг Иран, Европын хоорондын харилцааг таслах зорилготой хуйвалдаан байсан гэж мэдэгджээ.
Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Бахрами Касеми мэдэгдэхдээ уг өдөөн хатгалга Ерөнхийлөгч Хасан Роуханыг цөмийн хөтөлбөрийн гэрээгээ хэвээр хадгалах зорилготойгоор Европт айлчлах үеэр болсныг онцлон тэмдэглэсэн байна.
Нэг үгээр хэлбэл АНУ Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг тогтворгүй болгох оролдлогоо үргэлжлүүлсээр байна. Америкууд өдгөө Ираныг сонирхож, тэнд нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэх, цаашилбал дэглэмийг нь өөрчлөх гол зорилго тавьжээ.
Сэтгэгдэл