Нэгэн цагт бүхэнд хүлээн зөвшөөрөгдөж, шар дээлтэй "хаан” шахуу явсан Н.Энхбаярт ч, дахин сонгогдож, хожлын хөзрийг хоёронтоо атгасан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид ч улс орноо Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх боломж байсан. Гэхдээ тэд татгалзсан-
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээсэн нь олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэв.
Ээлжит бус чуулганыг хуралдуулах болсон шалтгаан нь Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн "төрийн албыг арилжаалсан "60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна хэмээх утга бүхий бичгийг хүргүүлсэн юм. Хэдийгээр Ерөнхийлөгч хуульд заасан эрхийнхээ дагуу энэ асуудлыг тавьж байгаа ч үүнийг зарим нэг улстөрчид өөр утгаар ч тайлбарлаж буй юм. Хэрвээ уншигчид санаж буй бол тэрбээр орон нутгаар айлчлах үеэрээ очсон газар бүртээ УИХ-ыг тараая хэмээн ухуулж байсан. Уг нь эв нэгдлийг сахин хамгаалах ёстой Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан үүргээрээ бол намаараа талцчихаад байгаа ард түмнээ эвлэрүүлэн нэгтгэж, төрт ёсны уламжлалыг чандлан сахих ёстой.
Өдгөө Монгол Улсад тогтвортой байдал, талцалгүй улстөр л юу юунаас илүү хэрэгтэй баймаар. Гэхдээ түүний энэ үйлдлийн цаана УИХ-ыг тарааж, АН-д дахин боломж олгохоос гадна парламентын засаглалыг халж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжье гэсэн санаа байж ч болох юм.
Нэгэн цагт бүхэнд хүлээн зөвшөөрөгдөж, шар дээлтэй "хаан” шахуу явсан Н.Энхбаярт ч, дахин сонгогдож, хожлын хөзрийг хоёронтоо атгасан ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид ч улс орноо Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх боломж байсан. Гэхдээ тэд татгалзсан. Ялангуяа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид илүү боломжтой байсан ч тэрбээр парламентын засаглалыг тууштай дэмжсээр ирсэн. Учир нь Ерөнхийлөгчийн засаглалтай болоод "Монголд ашигтай юу, аюултай юу" гэдэг асуултад тэд хэдийнэ ашиггүй, бас аюултай гэдэг хариултыг тавьсан байж болох юм. Харин "надад ашигтай " хэмээн зөвхөн өөрийгөө бодсон бол насаараа хаан суух боломж харагдаж л байсан байх даа.
Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн маань далд санаа юу байгаа бол. "Надад ашигтай” гэх хувилбар мэдээж байх ёстой. Даргын суудлыг ноёны сэнтийн хэрд андуурдаг манайханд бол Ерөнхийлөгчийн алба хааны дүрээр харагддаг биз ээ. Нөгөөтэйгүүр мань эр байсхийгээд л Владимир Путин, Дональд Трамп, Рональд Рейган гэж ирээд жишээ авах болж. Гэвч Монгол Улс Америк биш. Бидэнд их гүрэнтэй өөрсдийгөө харьцуулах нь арай л хүнд асуудал болно. Тиймээс л Еоөнхийлөгчийн далд санаа юу байгаа бол. Таах гээд оролдоод үзье.
Erennews.mn
Сэтгэгдэл