Монголын төрийн болон төрийн бус бүх байгууллага, ажилтан, иргэн бүр өөрсдийн архивыг хөтөлж бүртгэх болсноор архивын баримтын үнэ цэнэ өсч эргэлтэнд орж, тэр бүхнийг дагаад архивын лавлагааны ачаалал нэмэгдсэн байна. Гэтэл архивын албанд төрийн бусад байгууллагад хэдийнэ нэвтрээд буй цахимжилт, нэг цэгийн үйлчилгээ байхгүй, иргэд лавлагаа авахаар дугаарласан хэвээр байна. Архивын баримт нь бүгд түүх болон үлдэх учир тэр бүхнийг бүрэн бүтэн, үнэн зөв авч үлдэх учиртай архивын үйл ажиллагааг зохицуулж буй Архивын тухай хуулийн заалт зүйлүүд одоо мөрдөж буй зарим хууль тогтоомжтой уялддаггүй болжээ. Энэ хуулийг 1998 онд баталснаас хойш нэмэлт өөрчлөлт оруулаагүй аж.
Тиймээс архив бүртгэл хөтлөл дээр гарч буй зөрчил дутагдлыг шийдвэрлэх нарийвчилсан зохицуулалт байхгүй, хуулийн заалтууд бүхэлдээ цаг үетэйгээ нийцэхгүй байгаа гэсэн. Иймд Архивын тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж өөрчлөх гэж байна. Өөрчлөхдөө хуучин Архивын албан хэрэг хөтлөлтийн хуульд албан хэрэг хөтлөлтийн талаар хоёрхон заалт байсныг одоо шинэчилсэн найруулгаар тусдаа бүлэг болгон оруулж байгаа аж.
Шинэчилсэн хуульд байгууллагын үйл ажиллагаанд баримтлах албан хэргийг хөтлөх зүйл заалтыг оруулж, үйл ажиллагааг хэрхэн зөв бүртгэн хөтлөж баримтжуулж түүнийгээ архивлах зэргийг тусгахаар болжээ.
Сэтгэгдэл