Түүхээ “худалдсан” түүхчийг дахин томилох уу


 

Улс орноо эдийн засаг, засаглалын хямралаас гаргах амлалт өгч үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан төр засгаа төвхнүүлэх ажилдаа ханцуй шамлан ороод удаж байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулахаа мөрийн хөтөлбөртэй тусгасан ч томилгоо тойрсон "цаг уур” төдийлөн сайнгүй байна. Тухайлбал, агентлагийн дарга нарын томилгоо Ардын намыг хөдөлгөөнд оруулж, асуудал дагуулж эхэллээ. Түүний нэг нь Архивын хэрэг эрхлэх газар. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд багтдаг тус агентлагийг удирдах хүмүүсийн нэр урьдчилсан байдлаар тодроод байна. Тодруулбал, экс дарга Д.Өлзийбаатар, МУИС-ийн багш, түүхийн ухааны доктор, профессор Д.Дашдулам болон Засгийн газрын архивын даргаар ажиллаж байгаа Б.Золбоо нарын нэрс яригдаж эхэлжээ.

Тэгвэл экс дарга Д.Өлзийбаатарын хувьд тус газрыг удирдаж байхдаа архивын баримт бичгийг хятадуудад "худалдсан” хэрэгт холбогдож, Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байсан юм. Хэргийг эргэн сануулбал, Үндэсний архивын газрын даргаар ажиллаж байсан Д.Өлзийбаатар 2012 оны хоёрдугаар БНХАУ-ын Хил хязгааргүй газар зүйн хүрээлэн гэх байгууллагатай нэгэн гэрээ хийжээ. Энэ гэрээ нь 1674-1911 оны хооронд буюу 237 жилийн турш Монгол орон Манжийн дарлалд байсан тэр цаг хугацаанд холбогдох 2489 хавтас бүхий 640 мянган нүүр архивын баримт материалаар ном хийх тухай байж. Өөрөөр хэлбэл, Үндэсний архивын газрын Түүхийн баримтын сан хөмрөгт хадгалж байсан манжийн дарлалын үеийн Монгол оронд холбогдох архивын бүх фондоо манай улс БНХАУ-д өгчихсөн гэсэн үг. Бүхэл бүтэн 2489 хавтас бүхий 640 мянган нүүр архивын баримттай манай түүхчид өөрсдөө бүрэн гүйцэд танилцаагүй, судлаагүй байжээ. Өөрөөр хэлбэл, уг материалыг судалгааны эргэлтэд оруулаагүй байсан аж.

Түүхийн фондоо хятадуудад өгчихсөн дээрх гэрээг Үндэсний архивын газрын даргаар ажиллаж байсан Д.Өлзийбаатар хууль бусаар, эрх мэдлээ хэтрүүлэн үйлдсэн байж болох үндэслэл байгааг тухайн үед цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна. Юу гэвэл, Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлд архивын баримтыг хуулбарлаж, худалдах үнийн тарифыг тогтоосон байдаг бөгөөд дээрх заалтын дагуу Үндэсний архивын газрын уншлагын танхимаар үйлчлүүлэгч гадаадын иргэнд 1674-1910 оны хоорондох материал бол А4-ийн нэг нүүрийг 3000 төгрөгөөр хуулбарлаж өгдөг байна. Харин эх хувиар нь буулгах бол үнийн тарифыг 50 хувиар нэмэгдүүлдэг аж. Ийм тооцоо хийгээд үзэхэд 2489 хавтас бүхий 640 мянган нүүр материал гурван тэрбум 840 сая төгрөг болж байна. Гэтэл Д.Өлзийбаатар дарга 640 мянган нүүр материал эх хувиар буулгаж хятадуудад өгөх тушаал гаргасан хэрнээ ямар ч төлбөр аваагүй байна. Зөвхөн материалыг эх хувиар буулгаж, компьютерт оруулсан ажилчдад ажлын хөлс гэж БНХАУ-ын талаас 54 мянган ам.доллар өгчээ. Энэ нь манай улс архивын фондоо Хятадуудад зүгээр л бэлэглэчихсэн гэсэн үг. Энэ бэлэгний цаана Монгол Улс наад зах нь гурван тэрбум 840 сая төгрөгөөр хохирчээ. Төлбөр авахгүйгээр фонд хуулбарлаж өгсөн энэ хууль бус үйлдэл нь Д.Өлзийбаатар болон гэрээ хийснийг мэдэж байсан бусад хүмүүс өөрсдөө маш их хэмжээний авлига авсан байж болох өндөр магадлалтайд тооцогдохыг тухайн үед эх сурвалжууд хэлж байв.

Экс дарга Д.Өлзийбаатар эрх мэдлээ хэтрүүлэн гэрээ байгуулсан гэх бас нэг үндэслэл нь 237 жилийн архивын фондыг хуулбарлан өгөх гэж байгаагаа салбарын яам, Засгийн газарт мэдэгдээгүй явдал. Уг нь хуулиараа архивыг өмчлөгч буюу эзэн нь төр. Өөрөөр хэлбэл, төрийн архивын фонд бол төрийн өмч юм. Төрд мэдэгдэлгүйгээр гэрээ хийснийг эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэхээс өөр юу гэх вэ. Түүнчлэн, гэрээг нууцаар хийсэн байх магадлалтай талаар хэвлэлийн хуудаснаа бичигдсэн байдаг. Учир нь ийм гэрээ хийж, архивын фондоо хуулбарлаж өгснийг Үндэсний архивын газрын ажилтнууд мэдээгүй сууж байсан хэрэг шалгах явцад илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, цөөн хэдэн хүнд хөлс өгч энэ ажлыг хийлгэсэн нь шалгалтаар илэрсэн сураг ч байдаг. Гэхдээ энэ хэрэг тухайн үедээ шалгагдаж байсан ч мөрдөн байцаалтын явцад замхарсан юм.

Товчхондоо, түүхээ "худалдсан” түүхчийг Архивын хэрэг эрхлэх газрын даргад яригдаж байгаа хүмүүсийн дунд байгаад түүхчид гайхаж сууна.

А.Баярмаа

dorgio.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.