БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай 1945 оны Бүх ард түмний санал хураалтын 70 жилийн ой энэ сарын 20-нд тохионо. Ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музей, МАХН хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж, эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцов.
УИХ-ын дарга З.Энхболд эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ "БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол гаргасан нь Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн ач холбогдолтой шийдвэр байсан юм. Тухайн үед бүх нийтийн санал асуулгын санал хураалт явуулсан зарчим нь монголчуудын хувьд анхны ардчилсан сонголт байсан гэж бид үзэж байгаа юм. Үүнийг олон баримтаар нотолж болно.
Хэдийгээр санал өгсөн нийт иргэдийн 54 орчим хувь нь бичиг үсэг мэддэг байсан хэдий ч анх удаа явагдсан бүх нийтийн санал асуулгад хүн бүр идэвхтэй оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, ардчилсан сонголтоо хийж чадсан ард түмнээрээ Монголын залуучууд, хойч үе бахархах учиртай. Тийм ч учраас бид энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх учиртай. Энэ түүхэн өдрийг хэрхэн тэмдэглэх, бүх нийтийн санал асуулгын түүхэн ач холбогдлыг судлах, дэлгэрүүлэхэд эрдэмтэн судлаачид их зүйл хийнэ гэдэгт итгэж байна” хэмээн тэмдэглэв.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан гол байгууллагуудын нэг МАХН байв. Тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлсэн үгэндээ "1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр болсон Бүх нийтийн санал асуулгаар Монгол Улсын тусгаар тогтнолын гол шийдвэр гарсан. Түүхт ойн энэ өдрийг тохиолдуулан монголчууддаа, эрдэм шинжилгээний хуралд оролцож буй та бүхэндээ халуун баяр хүргэе.
Би өнөөдөр төр, засагт ажиллаж байгаа биш учраас саналаа ийм маягаар, энд илэрхийлье гэж бодлоо. 1945 оны аравдугаар сарын 20-ны Бүх нийтийн санал асуулга үнэхээр түүхэн үйл явдал болсон. З.Энхболд даргын хэлдгээр ардчилсан сонголт болсон. Би дээр нь нэмж хувьсгалт сонголт болсон гэж бодож байгаагаа та бүхэнд хэлье. Яагаад гэвэл 1911, 1921 оны хувьсгалын үйл явдал өрнөсөөр байгаад ард түмний сонголт улс орны тусгаар тогтнолыг баталгаажуулсан сонголт болсон.
Түүний өмнө буюу 1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон гурван орны удирдагчдын уулзалтын үеэр Монгол Улсын статус ковог батлах тухай асуудлыг тэр үеийн ЗХУ-ын удирдагч И.Сталин тавьж, АНУ, Английн Ерөнхийлөгч гарын үсэг зурсан нууц гэрээ үзэглэгдсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол ийм өндөр төвшинд яригдаж байсан байна. Ийм хэмжээнд яригдах гадаад бодлогыг Монгол Улс тэр үед явуулж байжээ. И.Сталиныг тэр үед янз янзаар ойлгож байсан хүмүүс манай эрдэмтдийн дунд байдаг. Тэд сонин санаа, сэдэл ч дэвшүүлэх байх гэж бодож байна.
Түүний дараа Хятад, Зөвлөлтийн хооронд найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэр гэрээндээ Монголын статус, квогийн асуудлыг хэлэлцэж, Зөвлөлтийн тал, ялангуяа И.Сталин нэлээн хатуу байр суурь барьсан учраас тэр үеийн Хятадын тал хүлээн зөвшөөрч тодорхой зарим нөхцлийн тохироон дунд Монголын статус квог зөвшөөрөх тухай ойлголцсон байдаг.
Гэхдээ Хятадын тал миний ойлгосноор бол Бүх ард түмний санал асуулгаар шийдэх замыг тогтож, хэлбэрийг нь сонгосон. Ард түмэн нь өөрөө яаж шийднэ, түүгээр болтугай гэсэн саналыг дэвшүүлсэн байна.Ингээд тухайн үеийн Монгол Улсын хууль тогтоох байгууллага, төр, засгийн байгууллагууд, түүнийг удирдаж байсан МАХН энэ асуудалтай холбоотой шийдвэрүүдийг гаргаж, 1945 оны аравдугаар сарын 20-нд санал асуулга явуулсан байна.
Үүний дараа 1946 оны нэгдүгээр сард Хятад улс Монгол Улсын статус квог дэмжсэн шийдвэрийг гаргажээ. Чан Кай Ши дарга Монголын тусгаар тогтнолын асуудлаар ЗХУ-ын талаас тавьсан саналуудыг дэмжих, тайлбар хурлыг хийлгэсэн тухай түүхэнд бас бичигдсэн байна. Тиймээс энэ үйл явц олон үе шаттай, олон талын оролцоотой болсон томоохон үйл явдал болжээ. Монгол Улсын орчин үеийн түүхэнд магадгүй хамгийн том үйл явдал гэхэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй байх. Одоогоос 70 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг ингэж шийджээ.
Энэ өдрийг бид ой санамждаа санаж байхгүй бол тусгаар тогтнолын маань ойлголт бүдгэрч судалгаагүй болох вий гэсэн болгоомжлол байгаа учраас ШУА, Архивын ерөнхий газар, Улсын төв музей, УИХ-ын даргын оролцоотойгоор эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа нь энэ ой санамжийг сэргээх, тусгаар тогтнолоо баталгаажуулах том ажил гэж бодож байна. Ардчилсан, хувьсгалт сонголтыг хийсэн 70 жилийн ойд оролцогч та бүхэн хуралдаа идэвхтэй оролцоорой” хэмээн онцлов.
Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хэлэлцүүлэгт доктор Да.Эрдэнэбат "Монгол Улсад тусгаар тогтнолын тухай Бүх ард түмний санал хураалтыг явуулсан нь”, Ч.Болдбаатар "Санал хураалтын бэлтгэлийг хангасан нь”, магистр Ч.Батдорж "Санал хураалтыг хөдөө орон нутагт зохион байгуулсан нь”, доктор Г.Мягмарсамбуу "Санал хураалтыг зохион байгуулах комисс хөдөө орон нутагт ажиллаж, удирдсан нь”, магистр Т.Сайнжаргал "Санал гаргуулах дүнгийн тухай” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Үдээс хойшх хурлаар доктор Г.Чулуунбаатар "Бүх нийтийн санал хураалт нь тусгаар тогтнолын төлөө бодлогын үр дүнг баталгаажуулсан нь”, доктор Д.Өлзийбаатар "Санал хураалтын өмнө болон дараа Зөвлөлт, Хятадын удирдагчдын Кремльд хийсэн ярилцлагууд”, доктор Д.Хишигт "БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ зөвшөөрсөн нь”, Д.Базардорж "ДИУ-ын төлөөлөгчид санал хураалтыг ажигласан нь”, Г.Дашням "Санал хураалтын ухуулах хуудас, зурагт хуудасны судалгаа” сэдвээр илтгэл тавьсан юм.
Хурлын төгсгөлд Монгол Улсын өнөөгийн улстөр, эдийн засгийн байдал, ард нийтийн санал асуулгын талаар доктор Ч.Өлзийсайхан тун сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээний хурлын үеэр Бүх ард түмний санал хураалтын түүхэнд холбогдох сонирхолтой баримт, гэрэл зургууд, дурсгалт эд зүйлсийг дэлгэсэн "БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил” тусгай үзэсгэлэнг Улсын төв музейн хамт олон сонирхуулсан юм.
Санал асуулгад олныг хамруулах суртал ухуулгын ажлууд хэрхэн хийгдэж байсан болон зураг хуудсууд, тоо баримт бүхий түүхэн мэдээллүүдийг тэнд цогцоор нь харуулжээ. Санал хураалтад тухайн үед 494.960 хүн оролцож, бүгд тусгаар тогтнолоо батлан зөвшөөрсөн бол Монголын ард түмэн асар их хүчин чармайлтын дүнд 1946 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Дундад иргэн улсаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нот бичгийг хүлээн авсан баримтуудыг дэлгэсэн байна.
Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхт 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, БСШУ-ы дэд сайд Б.Тулга, МАХН-ын нарийн бичгийн дарга нар болон албаны бусад хүмүүс оролцов. Төрийн болон ТББ-уудаас Түүх, Археологийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, ҮТА, МУИС, МУБИС, Улаабаатар их сургууль зэрэг судалгаа, сургалтын байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцсон юм.
Хэн, юу хэлэв?
ЭРДЭМТЭН, СУДЛААЧДАА СОНСЪЁ
Э.Эрдэнэжамъян /Хууль зүйн дэд сайд асан/:
-Тусгаар тогтнолоо баталгаажуулсан 1945 оны аравдугаар сарын 20-ныг түүхэн тэмдэглэлт өдөр гэж үзэж байна. Монголчууд Манжийн үеэс 200 жил тусгаар тогтнолоо алдсан. Тэгвэл түүхийн хугацаанд тусгаар тогтнолоо олж авч дахин зарласан. Харамсалтай нь удалгүй гурван улсын хэлэлцээрээр Автономит улс болгож хувьсгалын үр дүнг бууруулсан. Дараа нь 1921 онд хувьсгал хийсэн. Харамсалтай нь олон улсад төдийлөн хүлээн зөвшөөрүүлж чадаагүй.
Үүнээс хойш 1939, 1945 оны дайны дараа шинэ дэлхий хуваагдаж тусгаар улсуудыг зарлаж байх үед, НҮБ байгуулагдахын өмнөхөн БНМАУ-ын тусгаар тогнолын асуудлыг шийдсэн. Тухайн үед Ард түмэн өөрсдөө тусгаар тогтноё гэж үзвэл зөвшөөрье гэж шийдсэн. Монголын ард түмэн энэ санал асуулгад бүх нийтээрээ оролцож, тусгаар тогтнолоо зарласан.
Энэ өдөр үндсэндээ Монголын ард түмэн ардчилсан маягаар, бүх нийтээрээ оролцож тусгаар улсаа зарласан. Манай намын зүгээс энэ өдрийг уламжлал болгож тэмдэглэе, монголчуудын хамгийн том баяр гэж үзэж энэ жилээс эрдэм шинжилгээний хурал зохиож эхэлж байна. Бид түүхт үйл явдлын ач холбогдлыг байнга дурсч, эрдэмтэн судлаачдаа сонсч байх ёстой.
"МИНИЙ ӨВӨӨ САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦСОН”
З.Баянсэлэнгэ /УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд/:
-МАХН, УИХ, Засгийн газар, ШУА хамтран БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхт сонголтын 70 жилийн ойд зориуж эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Бүх нийтийн түүхт санал асуулгад нэг сарын дотор 380 мянган хүн оролцож, 98 хувийн саналаар тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн байдаг. Миний өвөө Өвөрхангай аймгийн Сант сумын иргэн Б.Аюурын Бүх ард түмний санал асуулгад оролцсон саналын хуудас бидэнд хадгалагдаж байна.
Тухайн үед манай улсын иргэн хэд байсан билээ, хүн амыг хамруулсан саналын хуудсыг бүгдийг гараар бичиж, төв комисс ажиллаж, дээр нь ДИУ-аас ажиглагч ирж, монголчууд тусгаар тогтнолоо эв нэгдэлтэйгээр баталгаажуулсан нь түүхт үйл явдал юм. Энэ өдрийг Монголын ард түмэн үеийн үед санан дурсч, түүхээ сэргээж, мөнхжүүлж, баталгаажуулж явах ёстой.
ТҮҮХЭЭ ДАРХЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Б.Энхтүвшин /ШУА-ийн ерөнхийлөгч/:
-Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө олон жил тэмцсэний дүнд 1945 оны аравдугаар сарын 20-нд Бүх нийтийн санал асуулга явуулсан. Дэлхийн II дайны төгсгөлд манай улсын стратегийн түнш ЗХУ санаачилж, Монголын статус квог баталгаажуулсан юм. Англи, Америк тухайн үед тохирсон байдаг. Хятадын тэр үеийн Засгийн газар ард түмнийх нь дуу хоолойг сонсъё гэсэн. Улсын Бага хурлын дарга О.Бумцэнд тэргүүтэй хүмүүс санал асуулгыг богино хугацаанд зохион явуулж, сонгуулийн насны иргэдийн 98 хувь нь оролцсон. Энд гурван чухал зүйлийг тэмдэглэх хэрэгтэй.
Нэгдүгээрт, Чингис хаан, Их Монгол Улсын үеэс төр улсаа, газар нутгаа хамгаалах асуудал Монгол төрийн бодлогын чухал хэсэг байсан. Чингис хаан "Алд бие минь алдарваас алдартуй, Ахуй төр минь бүү алдартугай” гэсэн нь бий. Үүнийг Монголын төр ямагт бодож хэрэгжүүлж байх ёстой. Хоёрдугаарт, жинхэнэ түүхийн олон асуудлыг улам тодруулж, цэгцэлж байх хэрэгтэй. Монголын ард түмний үнэт зүйлсийн нэг нь тусгаар тогтнол юм. Ач холбогдлыг ойлгуулж, түүхэн боловсрол олгох ажлыг илүү эрчтэй хийх нь зүйтэй.
БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ОДОО Ч ҮНЭ ЦЭНЭТЭЙ
З.Батбаяр /хуульч/:
-1945 оны үйл явдлыг Монгол Улсын түүхэнд гүйцэтгэсэн үүргээр нь 1921 оны ардын хувьсгалтай, эсвэл 1990 оны ардчилсан хувьсгалтай зэрэгцүүлж ойлгож болно. Тусгаар тогтнолын тухай энэ санал асуулгаар Монгол Улсыг бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрөх үндэслэл бий болсон. 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэн орохын угтвар нөхцөл нь 1945 оны Бүх нийтийн санал асуулга байсан. Үүнээс гадна өнөөдрийг хүртэл Бүх нийтийн санал асуулга ач холбогдлоо алдаагүй байна. Монгол Улсад тулгамдаж буй олон асуудал зөвхөн улстөрчдийн үгээр биш Бүх нийтийн санал асуулгаар шийдэх нөхцөл шаардлага байсаар байна.
Ч.Олдох
Зууны мэдээ
Сэтгэгдэл