Турк, Монголын хамтарсан "Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас авч явж, улмаар Туркийн тусгай үүргийн CT4010 онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд хагас өдөр саатсан нь Монголд төдийгүй олон улсад шуугиан тарьсан юм.
Турк захирлыг хулгайлсан байж болзошгүй гэдгийг анх "Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Б.Ганбат мэдэгдсэнээр тус сургуулийн оюутан, төгсөгч, багш, ажилтан, эцэг эхчүүдийн төлөөлөл цагдаагийн газар болон нисэх буудлын гадна очиж эсэргүүцэл илэрхийлээд байсан юм. Баасан гаригийн үдээс өмнө Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Б.Ганбат "Монголд 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол, Туркийн хамтарсан "Улаанбаатар Эмпати” сургууль хэмээн олон нийтэд танигдсан сургуульд 24 жил ажилласан Вейсел Акчай захирлыг 09:00 цагийн үед гэрийнх нь гаднаас үл таних хүмүүс хулгайлсан. 14:00 цагийн үед Турк улсын жижиг онгоц "Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 3-4 цагийн дараа буцаад улс руугаа нисэх юм байна. Энэ гэмт хэргийг маш хурдан шуурхай илрүүлж таслан зогсоохыг холбогдох хууль эрх зүйн байгууллагуудаас хүсч байна” гэсэн юм.
"ТУРК УЛС МОНГОЛЫН НУТАГТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ”
Ийнхүү цагдаагийн байгууллагад ар гэрийнхэн нь гомдол гаргаснаар хэргийг мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байдаг. Мөн Зам тээврийн хөгжил болон Гадаад харилцааны дэд сайд нар, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүс газар дээр нь ажилласан юм. Улмаар болсон үйл явдалтай холбогдуулан Гадаад харилцааны яам Монгол Улс дахь Турк улсын Элчин сайдын яаманд хандаж, Вейсел Акчайтай холбоотой асуудлаар тайлбар авсан талаар мэдээлэхдээ "Турк улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй” хэмээн мэдэгдсэн гэж байв. Түүнчлэн Вейсел Акчайн эхнэр цахим сүлжээгээр дамжуулан монголчуудаас тусламж хүсч байсан юм. Мөн АН-аас Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлсэн юм.
Б.Цогтгэрэл: ОНГОЦОНД ХЭН Ч НЭМЖ СУУГААГҮЙ
Энэ хооронд Монголын холбогдох албаныхан болон цагдаа, тусгай хүчнийхэн газар дээр нь шуурхай ажилласан боловч тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар баасан гаригийн оройн 21:00 цагийн үед Туркийн тусгай үүргийн онгоц хөөрсөн юм. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл "Хэн ч энэ онгоцонд нэмж суугаагүй хэн ч бууж үлдээгүй ямар ч ачаа аваагүй зөвхөн газрын үйлчилгээ сумалгаа аваад буцлаа” хэмээн мэдэгдсэн юм.
Харин Вейсел Акчайн гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан "Онгоц ямар зорилгоор ирсэн, буцахдаа шатахуун нь дуусаад албан ёсоор орж ирж байгаа юм уу. Үүнийг хууль хяналт хариуцсан байгууллагууд нь тогтоож, ар гэрийнхнийх нь хардлагыг нэг мөр болгох үүрэгтэй гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн хувьд хил хамгаалах байгууллагуудад болон Хууль зүйн яаманд гомдлоо гаргаад байна. Энэ хүн Турк улсын иргэн, Монгол Улсын хуульд заасан эрүүгийн гэмт хэрэгт огт шалгагдаж байгаагүй. Монгол Улсад хуулийн дагуу оршин сууж байгаа” гэв.
Вейсел Акчай: НАМАЙГ ЕСӨН ЦАГ БАРТААТАЙ ЗАМААР АВЧ ЯВСАН
Вейсел Акчай цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч эрх чөлөөтэй болсныхоо дараа монголчуудад хандан талархал илэрхийлснээ цахим сүлжээнд тавьжээ. Тэрээр "Би "Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гарнаас минь барьж, сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна. Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг эх бүгд сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээжээ.
"ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ” МЭДЭГДЭЛ ГАРГАВ
Турк улсын иргэнийг хулгайлсан, тус улсаас тусгай үүргийн онгоц ямар талаар ирсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Мөн Монголын Эмнести интернэшнл байгууллага мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Монгол, Туркийн хамтарсан "Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хүч хэрэглэн авч явсан нь хүний эрх, эрх чөлөөнд халдсан явдал гэж үзэж байна. Хүний эрхийн олон улсын хэм хэмжээний дагуу эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, шударгаар шүүлгэх эрх нь хэдийд ч түдгэлзүүлэх буюу хязгаарлах ёсгүй эрх юм. Хоёр жилийн өмнө буюу 2016 оны долдугаар сард Турк улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа онц байдал зарлаж, хүний эрхийн хамгаалагч, сэтгүүлч, иргэний нийгэм, улс төрийн сөрөг хүчнийхнийг баривчлан, эрүүдэн шүүж, зүй бус харьцан хорьж байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд буруушаасаар байна.
Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, дотоодын хууль тогтоомжоо хэрэгжүүлэн Монгол, Туркийн хамтарсан "Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг хүч хэрэглэн авч явсан балмад үйлдлийг шалган тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, цаашид Вейсел Акчайг Турк улсад шилжүүлэн өгөхгүй байх үүргээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.
Монгол дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг Улаанбаатар хот дахь гэрээс нь баривчилсан тухай Туркийн томоохон өдөр тутмын сонин Сабах мэдээлэхдээ "Туркийн Үндэсний тагнуулын газар Фетуллах Гюлений сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагыг баривчлах ээлжит ажиллагаагаа 8000 км-ийн цаана явууллаа. Вейсел Акчай нь Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал бөгөөд түүнийг Монголын тагнуулын байгууллагын дэмжлэгтэй баривчилжээ” гэснийг мэдээллийн сайтууд онцолж байв.
Мөн дээрх үйл явдалтай холбогдуулан Улаанбаатарт газардсан Туркийн тусгай үүргийн онгоц ямар зорилготой, хүн хулгайлсан гэх ажиллагаанд Монголын хууль хүчний байгууллага эсвэл төр засгийн оролцоо бий эсэх гэсэн олон асуулт хариулт нэхэж байгаа ч гадны иргэнийг Монголын нутаг дэвсгэрээс хулгайлах гэсэн явдлыг монголчууд хүчтэй эсэргүүцэж чадсан нь Монголд хүний эрх, эрх чөлөөг хэрхэн дээдэлдгийг харуулж чадлаа гэдгийг олон улсад онцолж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл