-ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ
БЭЛЭН БАЙДАЛД БАЙЛГАСАНГҮЙ-
Төрийнхөө ордонд салбарын сайдынхаа урилгаар мэргэжил нэгтнүүдтэйгээ дурсамжит уулзалтаа хийхээр баярлан ирсэн ахмад багш харамсалтайгаар хорвоог орхисон хэрэг өчигдөр гарлаа.
Залуу насаа сурган хүмүүжүүлэх их үйлст зориулсан, 87 настай иргэн С Багахангайгаас Улаанбаатар хүртэлх 130 км замыг ямар их хөөр баяр дүүрэн туулсан бол. Энэ уулзалтад хичнээн их бэлдсэн бол гэж бодохоор өр өвдөнө. Хүсэн хүлээсэн хуралдаа сууж чадалгүй, тэр бүү хэл эмнэлгийн тусламж ч авч чадахгүй амьсгал хураасан ахмад багшийн үхэл олон хүний сэтгэлийг сэрдхийлгэв.
Таван жил дараалан зохиогдож буй уг арга хэмжээнд аймаг, сум бүрээс төлөөлөл болон 1000 багш хүрэлцэн ирж, нэг өдрийг дурсамжтайгаар өнгөрүүлдэг уламжлалтай аж. Талийгаач С-ийн хувьд Багахангайгаас уулзалтыг зорьж ирсэн тэндэхийн харъяат хүн юм. Тэрбээр хүсэн хүлээсэн уулзалтдаа оролцохын өмнө таалал төгссөн ч түүний үхлийг үл тоон чуулган үргэлжилдгээрээ үргэлжлээд өндөрлөв.
Уг уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Ахмад багш нарын холбоо хамтран олон улсын багш нарын болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулжээ. Гол санхүүжүүлэгч нь БСШУСЯ. Ахмад багш нарыг аймаг, сумдын боловсролын байгууллагаар нь дамжуулан урьж авчирчээ.
1000 бол бага тоо биш. Тэр тусмаа 1000 өндөр настай хүнийг цуглуулахаар ажиллаж байгаа бол зохион байгуулагчдын зүгээс өндөр дээд түвшинд бэлтгэл хангасан байх ёстой. Ахмадууд бол онцгой анхаарах ёстой хүмүүс. Тэдний дунд даралт ихэсдэг, хэт баярласан эсвэл уурласнаасаа болж зүрх нь дэлсдэг гэх мэт шалтгаантай олон хүн байгаа нь тодорхой.
Талийгаач С ямар ч зовиуртай байсан юм билээ. Бие нь муудан унахад түргэн тусламж дуудсан ч тэднийг ирэхийг хүлээж чадалгүй газар нээрээ амьсгал хураасан гэдэг. Тиймээс хурал зохион байгуулагчид энэхүү болзошгүй эрсдлийг тооцоолж эмнэлэг, онцгой байдал, цагдаагийхныг бэлэн байдалд байлгасан бол өнөөдөр ахмад багш амьд байж ч болно шүү дээ. Гадны ганцхан төлөөлөгч ирэхэд эмнэлэг, цагдаа, онцгойг бэлэн байдалд ажиллуулдаг хэрнээ өндөр настай голдуу 1000 хүн цуглуулахдаа үүнийг мартсан нь үнэхээр харамсалтай.
Талийгаач С 1000 хүн бужигнасан Төрийн ордонд ирж шахалдаагүй, галынхаа дэргэд сууж байсан бол өнөөдөр амьд мэнд үр хүүхэддээ харагдаж байх байсан ч юм билүү гэдгийг бодох л ёстой. Ямартай ч дээрх уулзалтыг зохион байгуулагчид хариуцлагагүй ажилласан нь тодорхой байна.
"САЛБАРЫН САЙД НЬ 1000 БАГШИЙНХАА ӨМНӨ ҮГ ХЭЛЖ БАЯР ХҮРГЭЭД
САЙХАН Л ХУРАЛ БОЛЛОО”
Хуралд оролцогч багш нар "Бидэнд хүндэтгэл үзүүлсэнд баяртай байна. Сайхан хурал боллоо” хэмээн ярьж байна. Талийгаач С ч амьд сэрүүн байсан бол ингэж л хэлэх байсан. Хэдий харамсалтай хэрэг гарсан ч энэ хурлыг хэн нэгэн албан тушаалтан нэр хүндээ өсгөх далдхан зорилго өвөртлөн зохион байгуулж ирсэн гэх хардлага байна. Хэзээнээсээ улс төрчид багш, эмч гээд жирийн ажилтнуудыг олноор нь гоё хувцсыг нь өмсгөж цуглуулаад улс төрийн PR, нэр хүндээ өсгөхдөө ашиглаж ирсэн шүү дээ.
Төрийн ордонд харамсалтайгаар нас барах хүн энэ ахмад багшаар дуусаасай. Талийгаачийн үхэл цааш цаашдаа иймэрхүү хурал зохион байгуулахаар төлөвлөж буй сайд, гишүүдэд сургамж өглөө. Манай эрхэм хүндэт сайд, дарга нар нэр хүндээ өсгөхийн тулд Төрийн ордонд хурал зохион байгуулах нь их болсон.
Сав л хийвэл хүмүүс цуглуулж савсаганадаг болсон дарга нар цаашид хурал зохион байгуулахдаа эмнэлэг, цагдаа, онцгойгоо бэлэн байдалд ажиллуулж байгаасай. Сонгууль дөхөж буй учраас 2019 онд хэд, хэчнээн уулзалт, хурал Төрийн ордноо болохыг бид тааварлашгүй. Харин тэр хурлуудын үр дүн хэрхэн, яаж гардаг нь одоо ч тодорхой бус.
-НЭГ БУС ХУРЛЫН ҮЕЭР ИРГЭД АМИА АЛДАЖ БАЙСАН ТОХИОЛДЛУУД БИЙ-
Төрийн ордонд биш ч энд тэндэхийн их хуралд оролцож байгаад болон оролцоод буцахдаа нас барсан тохиолдлууд их байдаг. Тухайлбал, 2007 оны МАХН-ы их хурлын үеэр Ерөнхий сайд асан П.Жасрай гэнэт таалал төгссөн гэдэг. Мөн өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Д.Тэрбишдагвын сонгогчидтой уулзах уулзалтын үеэр нэгэн иргэн нас барсан. Өвөрхангайд болсон МАН-ын нэгэн хуралд оролцоод буцаж явсан даргын машин осолдож, жолооч нь нас барсан.
Энэ мэт сургамж болохуйц олон хэрэг бий. Сайд, дарга нар цааш цаашдаа олон хүнийг хамруулсан томоохон хурал, уулзалт зохион байгуулахдаа өндөр бэлтгэлтэй байж, харамсалтай хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг дээрх хэргүүд харуулж байна.