Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхэлнэ. Дүрэм шинэчилсэн гэхээр иргэд, олон нийт нэгэнт мөрдөгдөж хэвшсэн дүрмийг бүрэн шинэчилж, биелүүлэхэд бэрх болсон мэтээр ойлгох нь элбэг. Гэтэл зарим заалтын зөвхөн нэр томъёоны тодорхойлолтод өөрчлөлт оржээ. Тиймээс замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд орсон зарим өөрчлөлтийг энгийнээр тайлбарлахыг зорилоо.
1. Хуучин заалтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй буюу өөрөөр хэлбэл зөвхөн гараар л ажиллуулах боломжтой телефон утас хэрэглэхийг хориглодог байсан. Тэгвэл шинэ заалтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг /гар утас, таблет, mp3, сонин сэтгүүл/ гарны оролцоотойгоор ашиглахыг хориглосон.
Тайлбар: Өмнө нь зөвхөн автомашин жолоодож байх үедээ гар утас ашиглахыг хориглодог байсан бол шинэчилсэн заалтаар автомашин жолоодож байх үедээ гар утас оролдохоос гадна гараар удирддаг MP3 тоглуулагч сонсох, сонин сэтгүүл унших зэргийг хоригложээ.
2. Шинэ заалтаар зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохиог сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, хэт чанга хөгжим дуугаргахыг хоригложээ. Мөн сонсох боломжийг хязгаарлаагүй чихэвч, тухайлбал сонсголын аппарат зүүхийг хориглохгүй болохыг нарийвчлан тодотгож өгчээ.
Тайлбар: Тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байх үедээ чихэвч зүүх, автомашиндаа хэт чанга хөгжим сонсож өөрт нь хандсан бусдын үгийг сонсохгүй байхаар нөхцөл байдал үүсгэхгүй байхыг хуульчилжээ.
3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ аваад удаагүй байгаа хүмүүс "Шинэ жолооч” гэсэн таних тэмдгийг автомашины арын шилэнд нааж, хөдөлгөөнд оролцоно. Энэ нь жолооч нарын анхаарал, болгоомжгүйгээс үүдэн гарах ослыг бууруулахад чиглэсэн олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой заалт аж.
Тайлбар: Шинэ жолоочид "Шинэ жолооч" гэсэн наалт нааж хөдөлгөөнд оролцоно.
4. Шинэ заалтаар чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 м-ээс илүүгүй зайд шахаж зогсоно.
Тайлбар: Буудал дээр автобуснууд хэт замбараагүй зогсож, хөдөлгөөнд зохиомол түгжрэл, саад үүсгэж байгаа явдлыг арилгах зорилгоор энэ заалтыг нэмж тусгасан байна.
5. Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд ганцааранг нь үлдээж осолдуулах явдал нэлээд гарах болсонтой холбогдуулан гадаадын улс орнууд дүрэмдээ тусгай заалт оруулах болсон. Энэ жишгээр шаардлагатай нэмэлт заалтыг оруулжээ.
Хуучин заалтаар: Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.
Шинэ заалтаар: Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.
Тайлбар: Өмнөх заалтаар автомашинаа орхин явхадаа жолоочоос өөр хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа орхин явдаг байсан бол шинэ заалтаар автомашины орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг орхин явж болохгүй гэдгийг тодотгож өгчээ.
6. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.
Тайлбар: Энэ заалт нь гадаадын улс орны Замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан байдаг тул шинэчлэн оруулжээ.
7. Хуучин заалтаар гүйцэж түрүүлэх гэж байгаагаа бусад жолооч нарт гэрэл шилжүүлэх буюу дуут дохио өгөх байдлаар анхааруулж болно гэж заасан байдаг. Тэгвэл шинэчилсэн дүрмээр гэрэл шилжүүлэх дохиог зөвхөн:
- Гүйцэж түрүүлэх гэж байгаагаа бусад жолоочид анхааруулах зорилгоор
- Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолоочид холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэхийг анхааруулах зорилгоор
Тайлбар: Зам тавьж өгөхөөр зогсож байгаагаа тухайн хөдөлгөөнд оролцогчид мэдэгдэх зорилгоор ашигладаг олон улсад хэрэглэдэг заалтыг нэмж оруулжээ. Дээрх тохиолдлуудад дуут дохио ашиглаж болохгүй аж.
8. Хуучин заалтаар зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад аль ойр байгаа Замын цагдаагийн алба /цагдаагийн байгууллага/-д бүртгүүлж болно гэсэн заалтыг хасч,
Зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол үүргээс чөлөөлөгдөж болно гэдэг заалтыг нэмжээ.
Тайлбар: Ослын улмаас хэн нэгний амь нас хохироогүй, жолоочид өөр хоорондоо үгсэн тохиролцож чадсан бол цагдаагийн байгууллагад хандах шаардлагагүй.
9. Шинэ заалт: Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.
Тайлбар: Хуучин заалтаас "замд” гэдэг үгийг хасаж, суурин газрын гадна хаана ч хурдны дээд хязгаарыг мөрдөхийг шинээр нэмж оруулжээ. Ингэснээр хөдөө хээр талд автомашин, мотоцикл унахдаа ч хурдын дээд хязгаарыг хэтрүүлэхгүй байхыг хуульчилсан байна.
10. Шинэ заалтаар явган зорчигчид дараах зүйлийг хориглоно:
а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;
в/ зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл унших;
г/ зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явах; д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.
Энэ мэтчилэн замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулжээ. Замын хөдөлгөөний шинэчилсэнд дүрэмтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл
Zam-Durem-Tusul дарж уншина уу.
Шинэ дүрэмд:
- Зам тээврийн осол, хэргийг бууруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 20 заалт
- Жолоочийн амь насыг хамгаалахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 4 заалт
- Явган зорчигчийн амь насыг хамгаалахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 7 заалт
- Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 7 заалт
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангахад чиглэсэн нэмэлт өөрчлөлтүүд 6 заалт
- Тээврийн хэрэгслээр зорчигчийн амь насыг хамгаалахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 10 заалт
- Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг багасгаж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 13 заалт
- Тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалан гарах осол, агаарын бохирдол, дуу чимээний түвшинг бууруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүд 8 заалтыг оруулжээ.