Улсын тусгаар тогтнол агаарын зам, харилцаа холбоо хоёр дээр тогтдог гэдэг. Монгол Улсын агаарын тээврийн түүх 1925 оноос эхтэй. ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог билээ. Хожим 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж Дундговь, Сүхбаатар, Сайншанд, Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн түүхтэй.
1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээ үзүүлдэг болсон байв. Тэр үед "МИАТ” компани долоо хоногт 4-6 удаа, Улаанбаатараас аймгуудын төв рүү, аймгийн төвөөс сумын төв рүү 2-3 удаа нислэг үйлдэж байсан бөгөөд 1966-1970 онд боловсон хүчний өндөр мэргэшсэн нөөцтэй, онгоцны парк хоёр дахин нэмэгдсэн байлаа.
1987 оноос МИАТ компани ЗХУ-аас Ту-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Москва, Эрхүү, Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээв. Иргэний агаарын тээврийн салбар улам бүр хөгжиж, Монгол Улсын гадаад харилцааны хүрээ тэлж, олон улсын стандартад нийцсэн нислэг үйлдэх шаардлагаас үүдэн 1993 оноос МИАТ бие даасан, төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсон юм.
Энэ үеэс МИАТ улстөрчдийн болоод бизнесмэнүүдийн арааны шүлсийг гоожуулсаар өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Байсхийгээд хэн нэгэн нь МИАТ-ийн хувьчлалын талаар ярьж эхэлдэг. Улмаар олон сонирхол огтлолцоод тэр яриаг нам дарна. Гэвч алахгүй ч айлгана’ гэдэг шиг МИАТ-ийг хувьдаа авч, ёсолж төрлөөгүй ч хувийн юм шиг ашиглаж, мөнгө хийдэг үзэгдэл энэ компанид нүүрлээд удаж байна.
УЛСТӨРЧДИЙН ТАВИУЛУУДЫН БАЛАГ
Мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байсан иргэний агаарын тээврийн салбар улстөрчдийн аазгайг хөдөлгөсөн цагаас эхлэн бодлого нь алдагдаж эхэлснийг хатуу онцлох хэрэгтэй. МИАТ-ийг хувьчлахын тулд нэн тэргүүнд боловсон хүчний бодлогыг үгүй хийж, ашигтай ажиллаж байсан үйл ажиллагааг алдагдалтай гэх үзүүлэлтээр сольсон.
Одоогийн Төрийн түшээдээс эхлээд өөдтэй яваа бизнесмэнүүд ардчиллын салхи сэвэлзэхтэй зэрэгцэн ганзгын наймаа эрхэлж, өнөөгийн өндөрлөгийнхөө үүд хаалгыг нээж эхэлсэн үе. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга, "Буян”-гийн Б.Жаргалсайхан, "МCS”-ийн Л.Оджаргал, "АПУ”-г үүсгэн байгуулагч Г.Батхүү, "МАКС”-ийн Д.Ганбаатар гээд нэрлэвэл уртхан цуваа урсах вий. Тэд МИАТ-ийг нэг бодлоготой байх үед Орос-Хятадыг холбосон торгоны замаар явж өнөөдрийн амжилтынхаа мөрийг тавьж байв. Гэхдээ эсрэгээрээ МИАТ-ийн сүйрлийн ул суурь тавьсан гэхэд болно.
МАН доторх нөлөө бүхий эрхэм Т.Бадамжунайгийн хүн Б.Эрдэнэбилэг МИАТ-ийн захирлаар томилогдсоноор энэ салбарт ёстой л аадрын хар үүл бүрхсэн гэдгийг энэ салбарын төлөө зүрх сэтгэл нь цохилдог хэн бүр хэлдэг. Ээлж дараалан мэргэжлийн ажилчдыг шоронд явуулах операцийг ч энэ үеэс эхлэлтэй гэдэг.
МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар 2008 оны 3-8 дугаар сард электрон тийзийн дэмжлэг, төлбөр гэх нэрээр хууль бусаар нийт таван удаагийн үйлдлээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс ХонгКонг руу 291,708 ам.доллар буюу 338,447,181,36 төгрөгийг шилжүүлж онц их хэмжээний хохирол учруулсан байдаг.
Тэд Монгол Улсыг төлөөлж авдаг "Монголиан Эйрлайнс” хэмээх нэрийг өдгөө Кандад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболдтой нийлж ХонгКонгт нэрийг нь авсан байсныг хэн ч хэрэг болгон авч хэлэлцэлгүй орхисон. Улмаар өөрсдийн эхнэр, хүүхдээ МИАТ-т мэргэжилтэй, мэргэжилгүй хамаагүй лангууны худалдагч аятай нийлүүлсээр байна. Нөхрийнхөө буянаар МИАТ-т билет бичигчээр орж байсан бүсгүй өдгөө маркетингийн хэлтэст чухал алба хашсан шигээ сууж байна. Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа хүргэх тул энд түр орхиё.
Түүнчлэн "МИАТ” компанийн удирдлагууд асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн болон "Монголиан Эйрлайнс” компанийн захирал асан Ч.Суурьтогтох нарын нөхөд "Дайны эрсдлийн сан” гэх нэрээр зохиомол даатгалын компани руу их хэмжээний мөнгө гуйвуулсан, мөнгө завшсан, угаасан, улсад хохирол учруулсан хэргээр буруутгагдаж, зарим нэг нь ял сонсч байв. Гэвч тэд буруутгагдлаа гээд Монголын авиа компани сэргэсэнгүй, харин ч МИАТ алдагдал хүлээж, мэргэжлийн боловсон хүчин нь тэдний эхнэр хүүхдээр солигдсон.
Тэдний дараа МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригттойгоо таарамжгүй байсаар ажлаа өгсөн. Г.Жаргалсайхан 2012 оны аравдугаар сарын сүүлчээр томилогдсон. Яг гурван жил ажиллаад 2015 оны аравдугаар сарын 19-нд чөлөөлөгдсөн байдаг. Ингээд "МИАТ” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Г.Жаргалсайханы дараа тус компанийн гүйцэтгэх захирлаар Төмөрбаатарын Тамирыг томилов.
Дайны хажуугаар дажин гэгчээр МИАТ-ийн ажилчдыг хууран мэхлэх замаар ажлаас нь халах ажиллагааг гардан гүйцэтгэсэн хүн нь "МИАТ” ХК-ийн Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт гэдгийг ажилчид нь олон нийтэд мэдэгдэж байлаа. Ийнхүү хоноцын сэтгэлээр хандах улстөрчдийн тавиулууд багаа бүрдүүлэхийн тулд мэргэшсэн алба хаагчдыг ажлаас нь халсан уршиг өнөө хэр тасрахгүй байна.
МИАТ УЛСТӨРЧДИЙН ГАРААС ХУУЛЬЧДЫН ЗАСАГЛАЛ РУУ ШИЛЖИВ
МИАТ дахь их хэлмэгдүүлэлтийн улмаас улстөрчдийн утсан хүүхэлдэйгээр хүрээлэгдэж байсан эл компани хууль, хүчний байгууллагынхны эрхшээлд аажмаар орсон. Төмөрбаатарын гэхээсээ Б.Хурцын Тамир гэгддэг нөхөр. 1980 онд төрсөн энэ залуу Унгарын Будапешт хотын Бизнесийн сургуулийг олон улсын эдийн засаг, харилцааны чиглэлээр төгссөн. Итали, НҮБ-ын Шударга ёс судлалын хүрээлэн, Турины их сургуульд олон улсын эрх зүйн магистр зэрэг хамгаалсан. Гэвч магистр төдийхөн эрхзүйч нөхөр Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан арвин намтрыг ах нарын буянаар үүсгэчихсэн.
Тэрбээр МИАТ-ийн захирлаар ирсэн даруйдаа хийсэн зоригтой ганц ажил нь Бизнес төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Тулга овогтой Эрдэнийг Лондон хотын Брунейн Их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын ангид нэг жилийн хугацаанд суралцуулах асуудлыг шийдвэрлэж, сургалтын төлбөр, амьдрах зардалд зориулж нийт 104 сая төгрөгийг МИАТ компанийн төсвөөс гаргах тушаалыг гаргав.
Мөнөөх Т.Эрдэнэ нь МИАТ компанид ажилд ороод жил ч болоогүй бөгөөд Б.Хурцын эгчийн хүүхэд гэж байгаа. Тиймдээ ч Т.Эрдэнийн сургуулиа төгсөөд эргэж ирэх баталгааг Б.Хурцын дүү Б.Мандухай гаргаж, орон сууцаа барьцаалсан байдаг юм билээ. Б.Хурцын дүү Б.Мандухай нь мөн МИАТ-т ажилладаг аж.
Түүнчлэн иргэний агаарын тээвэрт хуруу гар дүрсэн нөхөр Б.Хурцаас гадна Улсын ерөнхий прокурорын орлогч асан Цэрэнбалтавын Түвшинзаяа гэгч бий. Тэрбээр өдгөө Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа. МИАТ-ийн хувьчлалын хамгийн эхний мэдээг дуулгах нэгэн ч гэж тодотгож болох юм. Товчхондоо улстөрчдийн балгаар нисэх биш мөлхөж байсан МИАТ хууль, хүчнийхний гарт шилжсэнээр бүр элгээрээ хэвтсэн гэхэд хилсдэхгүй.
Б.ХУРЦАД ОЛОН НУУЦ БИЙ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж МИАТ компанийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр 3333 кг ачаа буюу ном үнэгүй тээвэрлүүлж, 30 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байсан удаатай. Гэтэл Б.Хурцын дэргэд энэ тоо ёстой инээд хүргэм хүүхдийн тоглоом байж. ТЕГ-ын дарга асан Б.Хурц 200 мянган тонн ачааны асуудалд хутгалдаж, эл хэргээ хав дарсан гэх мэдээлэл байгаа юм.
Б.Хурцын гэр бүлийн хүний ажиллуулдаг дэлгүүрт Солонгосоос авчирсан тарвасыг 100 мянган төгрөгөөр худалдаалдаг. Үүнийг нь монголын томоохон бизнесмэнүүд, өндөр албан тушаалтнууд анддаггүй юм билээ. Харин эрхэм дарга дэлгүүрийн бараагаа онгоцоор тээвэрлэдэг хэрнээ ачааны мөр нь ор сураггүй болдог нь хачирхалтай.
Ийнхүү боловсон хүчний бодлогыг алдагдуулаад зогсохгүй дэлгүүрийн бараагаа ч зөөж байсан түүхийг нь эл салбарынхан анддаггүй, зарим нэг ажилтны утасны камерт баримт үлдсэн ч гэх мессэж бас бий. Дүүгээ маркетингийн хэлтэст шургуулж дөнгөсөн тэрбээр өдгөө МИАТ-ийг бүхэлд нь баздаг гээд хэлэхэд хилсдэхгүй. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эзэмшлийн "Транд степп” гэж компани бий. Б.Хурц энэ компаниа 2014 оноос хойш АТГ-т гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч бичсэн байдаг. Тэгвэл энэхүү "Гранд степп” ХХК нь МИАТ компанийн нислэгийн үндсэн сэтгүүл болох "Хөөрөх цэг” сэтгүүлийг бэлтгэх хамтран ажиллагааны гэрээтэй. Мэдээж энэ гэрээг хийсэн хүн нь өнөөх Т.Тамир. Эрхэм Т.Тамиртан гэрээг 2017 оны наймдугаар сарын 25-нд баталж, нэг талаас "Гранд степп” ХХК-ийн захирал Ү.Сарнай буюу ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр гарын үсэг зурсан байгаа юм. Ширхэг тутам нь 4,500 төгрөгийн үнэ бүхий 4,000 ширхэг сэтгүүлийг улирал тутам МИАТ компанид худалдахаар гэрээнд тусгасан. Тэр бүү хэл, захиалагч нь гүйцэтгэгч талын үйл ажиллагаанд зориулан жилд дөрвөн удаа өөрийн нислэгийн чиглэлдээ 100 хувийн хөнгөлөлттэй тийз, улирал тутам 250 кг ачаа үнэгүй тээвэрлэх эрх олгох заалттай. Энэ мэтчилэн анхаарал татсан, зарим нэг нь гэмт хэргийн шинжтэй байж болох хэд хэдэн баримтыг мөн дараагийн дугааруудад хүргэх тул энэ хүргээд орхиё.
|
Эх сурвалж: niigmiintoli.mn
|