Японоос автомашин нийлүүлдэг гэх "Дэлхийн трейд тамга” компанид захиалга өгсөн нэгэн иргэн машин ч үгүй мөнгө ч хоцорчээ. Бүр сүүлдээ нийлүүлэгч компанид мөнгөө өгсөн ч юм шиг өгөөгүй юм шиг бөөн холион бантанд хутгалдаж.
Гэхдээ үүний цаана нарийн зохион байгуулсан луйврын ажиллагаа явагдсан хэмээн хардаж байгаа гэнэ. Захиалагч иргэн жил гаруйн өмнө "Тоёото Клюгер” маркийн машиныг захиалан авахаар "Дэлхийн тамга трэйд” компанитай гэрээ байгуулан тус компаний ерөнхий нягтлан гэх Х.С-ийн дансанд урьдчилгаа 10.4 сая төгрөгөө шилжүүлжээ. Машин Замын-Үүдэд ирсэн, үлдэгдлээ төл гэсэнд ахин 10.4 саяыг мөнөөх ерөнхий нягтлан эмэгтэйн дансанд шилжүүлж.
Гэсэн ч одоо болтол машинаа авч чадалгүй сүүлдээ шүүх цагдаадаа тулжээ. Хуулийн байгууллагын шалгалтаар нэлээд зүйл тодорчээ. "Дэлхийн трейд тамга” компаний ерөнхий нягтлан гээд байсан эмэгтэй нь шал өөр буюу "Гүн бээс” гэдэг компанид хувцас борлуулдаг төлөөлөгч байж таарчээ. Автомашины худалдаанаас огт өөр салбарт ажилладаг, машин зарах нэг ч ажиллагаанд оролцож байгаагүй гэнэ. гэхдээ захиалагч иргэнээс мөнгө шилжүүлж авсан данс нь өөрийнх нь болохыг хүлээсэн ч тэрээр "Дэлхийн трейд тамга” компаний захирал Т.Д, эхнэр Б.Т нар нь энэ дансыг ашиглаж байсан би нэг ч орлого авч нэг ч зарлага хийгээгүй хэмээн мэдүүлжээ. Компаний захирал нь данс нээлгэхдээ чиний нэр дээр л байхаас биш чиний гараар нэг ч улаан мөнгө дамжихгүй тул айх эргэлзэх хэрэггүй гэж ятгаж шахсан гэнэ.
Хуурамч ерөнхий нягтлан нь захиалагчдаас мөнгийг нь хувийн дансандаа хийлгэдэг, харин жинхэнэ гүйлгээг нь интернэт банк ашиглан захирал Т.Б нь хийдэг байсан болж таарчээ. Өдгөө энэ эмэгтэй олон хүний захиалгийн мөнгийг миний дансаар дамжуулсан ч би хувьдаа нэг ч төгрөг аваагүй, захирал л интернэтээр гүйлгээ хийж байсан, тэр тухайд юу ч мэдэхгүй хэмээн өөрийгөө хамгаалжээ.
Анхнаасаа захиалагчид компаний бус хувь хүний дансанд мөнгөө хийж байгаагаа нэг их анзаараагүй аж. "Тоёото Клюгер” захиалсан иргэний мөнгө орж ирсэн өдрөө л гараад явчихжээ. Гэхдээ түүнд "Дэлхийн трейд тамга” компаний гүйцэтгэх захирлын "20.8 сая төгрөгийг компаний ерөнхий нягтлангийн дансанд шилжүүлсэн нь үнэн болно” гэсэн бичиг байгаа аж. Энэ компаний иймэрхүү ажиллагаанд хохирсон нэлээд олон иргэн байгаа гэнэ.
NUUTS.mn