Монгол морио гэж... Монголчуудыг үүсэн бий болоход хөлийг нь дөрөөнд хүргэсэн эрдэнийн шандаст хүлэг юм. Монгол морины үүх түүх монголчуудынхтай салшгүй холбоотой тул морьдоо бид монгол төрийн эрдэнэ хэмээн шүтсээр иржээ. Энэ молор эрдэнэ зөвхөн монголчуудад ч бус дайнд нэрвэгдсэн хөрш Зөвлөлтийн ард түмэнд ч жинхэнэ хүлэг гэдгээ баталж чадсан юм шүү.
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ-ын төр, ард түмний үндэсний баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсоноор энэ 2019 оны энэ өдөр 74 жилийнх нь ой тохиож байна.
Энэ ой бол монголчууд бидний хувьд болон фашист германий эсрэг дайнд ямар нэг хэмжээгээр дэмжин оролцсон дэлхийн олон орны агуу их ялалтын баяр, оршин тогтнолынх нь түүхэн баталгаа болсон юм. Дэлхийн хоёр дахь социалист орон БНМАУдөчөөд оны тэр үед эр хүнгүй шахам болсон байлаа. Ихэнх эрчүүд нь лам, хар, шар феодал эсвэл хувьсгалын эсэргүү, гадаадынтагнуул хэмээн гадны шахалтаар хороогдсон, залуус нь бүгд цэрэгт байсан ч бид энэ дайны эхнээс нь дуустал хөрш ЗХУ-д эрвийх дэрвийхээрээ тусалж өөрсдөө дайны байдалтай байж бүхнээ фронтод зориулж байсан юм.
Зовох цагт нөхрийн чанар аа гэж... Их хэлмэгдлийн үеийн ЗХУ-ын тухай бид муу санаа агуулаагүй. Германы фашистуудын эсрэг дэлхийн дайны холбоотон Америк, Англи улс зэр зэвсэг,онгоц, танк, их буу хэдэн арван мянгаар, хоол хүнсээр тусалсан юм гэнэ лээ.
Монголчуудын хувьд харин энд төдийлөн дурсагдаагүй байгаа нэг сэдэв байдаг. Тэр нь юу вэ? гэж үү. Тэр бол энэ дайндморьдоо бэлэглэж монгол морьд онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай юм. Эх орноо хамгаалах үйлст иргэн бүр нь чин сэтгэлээсээ оролцон, ялалт эсвэл үхэл хэмээн тангараг тавьсан ЗХУ-ын улаан арми, баатар хотуудынхаа хамт Гитлерийн германы эсрэг энэ аймшигт дайнд ялсан гол хүч бол эх оронч, эрс шийдэмгий, хатан зоригт ард түмэн нь байв. Эхлэсэн өдрөөс нь хойш 1414 хоногүргэлжилсэн энэ аюулт дайнд ЗХУ |фронтод 20 сая цэрэг| нийт 30 орчим сая иргэнээ алдсан бөгөөд ард үлдэгсэд нь өнчрөл зовлонд учраагүй нэг ч гэр бүл, нэг ч иргэн үлдээгүй гэдэг. Ийм хохирлоор оросын баатарлаг ард түмэн эх орноо хэрхэн хамгаалж чаддагаа дэлхий дахинаа харуулсан юм. Энэ ширүүн дайн тулаанд монгол морьд хамт явж, дэлхийд хамгийн том газар нутагтай орос орны өндөр уулс, өргөн талд цомбон туурайныхаа мөрийг үлдээсэн нь оросын ард түмний ой санамжид орших түүхэн үнэн юм.Монголчууд бид энэ гавъяаг нь үнэлж монгол мориныхоо тухай олон сайхан дуу бүтээсний нэг нь авъяаслаг зохиолчид Д.Тарваа, Лха. Дорж нар үг, аяыг нь хийж, алдарт дуучин Цогзолмаа гуай дуулсан “Монгол морь” хэмээх дуу юм. Энэ дууны нэг бадгийг, дахилтын хамт сийрүүлвээс
Яруу алдарт эх орноо
Ялалтаас ялалтад дэвшүүлж
Ялгуулсан тугаа мандуулахдаа
Ямагт бид морьтойгоо явсан.
Монгол морины чадал
Хэмжээлэшгүй ихийн адил
Монгол хүний зориг
Хязгаарлашгүй их байдаг.... гэдэг бадгууд нь өнөө үеийн зохиолын дуунуудаас өөр, эрмэлзлэл, аймшиггүй зориг дүүрэн, шулуун төгс үгтэй тул хэн бүхний боловчиг сэтгэл зүрхэнд амилан шингэдэг увидастай дуу байж дээ. Эх оронч, оновч, хурц үгтэй энэ шүлэгт Лха Доржийн цэх шулуун, эрэлхэг давшингүй агаад хатираа сайт морины гүйм хатираар яваа мэт хэмнэл, Цогзолмаа гуайн яруу агаад тунгалаг хоолойн цар хүчээр түргэн урсгалт голууд нийлж мөрөн болохуй эрч хүчээ аван тэлэх лугаа адил цуурайтах нь бүх монгол аяар тэр үеийн хүн бүхний сэтгэл зүрхний угт гүнээ хүрч, эх оронч үзлийг бадраан, фашизмын эсрэг үйлсэд уриалж байлаа. Дайны дараа ч энэ дуу хүн бүхний сэтгэлд үлдэж бидний үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн юм даа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гарсан энэ дуугаар монгол түмэн бахархаж, тэр үеийн хүүхдүүд бид дуулж, монголжуу хүн болжхүмүүжин, хүн төрхөө олж байсиймаа.
Богд эзэн Чингис хаан өсөх наснаас эхлээд амьдралынхаа турш олон сайхан хүлэг морьтой байжээ. Орог шинхул мориороо гурван хоног явж найман шаргаа дээрэмчдээс авч, ам цагаан хул морио унан аймшиггүй зоригт дайчдаа дагуулан хоногийн газрыг цагаар товчлон газар дороос ургасан мэт гэнэт дайсныхаа өмнө гарч ирэн ялж байсан нь түүхэнд бий. Дэлхийн дайн эхэлсэн дөчөөд оны эхээр монголчууд аж үйлдвэрийн комбинатын |АҮК| тэргүүний ажилчин хүмүүсдээ улсын ударник цол олгож эхлэсэн гэдэг. Тэр үеийн ударник цол бол өнөөгийн МУ-ын хөдөлмөрийн баатартай дүйж байсан хэрэг л дээ. Налайхын уурхайчин Товуу гэдэг эмэгтэй өөрийн хүрэн мориороо олон жил уурхайн гүнээс нүүрс зөөн төлөвлөгөө, нормоо давуулан биелүүлж мориныхоо хамтаар улсын ударник цол шагнуулж байсан нь түүхэнд үлджээ. Ингэж монгол морь ударник болж олны хайрыг хүлээснээр “Омголон хүрэн” гэдэг дуу гарсан юм билээ.
Уурхайн ажилчин ударник би
Омголон хүрэн морьтой доо
Мянган хувийнхаа нормыг
Мориныхоо хамтаар биелүүлдэг .. гээд л дуулж байлаа. 1941 оны дундуур Дэлхийн дайн эхлэчихсэн Гитлерийн арми Зөвлөлт улсын олон хотод нэвтэрч үхэх сэхэхийн дэнсэнд байсан хүнд, хэцүү үед монголчууд бид Зөвлөлт нөхөддөө агт морьдоо, арьс ноосоо, агнасан ангаа ер нь байгаа бүхнээ хоёргүй сэтгэлээс тусалж, ард иргэд юу л байна, түүнийгээ өгч Монголын төр “Хувьсгалт Монгол” |Революционная Монголия| сөнөөөгч онгоцны эскадриль хоёр удаа, “Монгол ард” |Монгольский арат| хэмээх танкийн цувааг хөрөнгө мөнгө гарган “Бүхнийг фронтод” уриан дор илгээж байжээ.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын|миний төрсөн нутаг| харъяат улсын ударник эмэгтэй Жаргалын Наранцогт гуай тэр үед ид залуу, АҮК-д ажиллаж байхдаа хонины үзүүрсэг элдэн, нэхийгээр нь дулаан, оготор дээл |полушубка|, бээлий, малгай, ноосон цэмбээр цэргийн шинель оёж тэр үед өдөр шөнөгүй ээлжээр ажиллан, үйлдвэр дээрээ хонодог, ажилчид нь АҮК-ын яндангийн|дуут дохио| дуугаар цаг баримжаалдаг байсан тухай Наранцогт гуайн дүү Рэнцэнгийн Намхайдорж агсан | Халх голын дайнд оролцож байсан| хуучилдаг байв.
Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир гэвээс монгол морьд бол эзэн Чингисийн үед ч тэр, энхийн цагт ч, эх орны дайны үед ч ямагт бидэнтэй хамт байж хаана ч, хэзээ ч өөрт ноогдсон үүргээ биелүүлж ирсэн тухай юм.
Орос оронд эх орны дайны хүнд үед унааны морьд нийлүүлдэг гол орон нь Монгол улс, хойд хилээр агт нийлүүлэхэд хамгийн дөт хялбар нь манай нутгийнхны хувьд бол Сэлэнгэ аймгийн хилийн боомтууд байлаа. Монгол орон даяар газар сайгүй, жирийн ард иргэд сайн дураараа эмэгтэйчүүд нь зүүсэн ээмэг бөгжөө, эрчүүд нь унааныхаа ганц морийг ч гэсэн өөрөө хөтлөөд авчирч өгч байсан юм билээ. “Өгвөл ганцаасаа, уйлвал сохроосоо” гэж. Ингэж
“Санаа сайтай монголчууд
Сайн мориороо тусалсан удаатай” гэдэг “Монгол морь” дууны бадгууд нь бодит амьдралаас урган гарсан юм. Монголчууд ийм л хүмүүс, үнэ хөлс гэж юу ч нэхээгүй.Тэд морьдоо Улаан армид бэлэглэхдээ толгой, хондлойг нь нудраганыхаа омгоор илэн, ногтоо мултлан авахдаа
Магнай халзан хээр минь
Малин даагаад гараарай
Монгол хүний өмнөөс
Дайснаа дараад ирээрэй... гэдэг байв. Мөн монгол эрчүүд өөрсдөө сайн дураараа фронтод явж байсан гэдэг. Монгол эсгий гутал, хурган малгай, хонины ноосон шинель, нэхий дээл, бээлий хийгээд дулаан хувцастай орос цэргүүд, хөхүй өвлийн хүйтэнд савхин гуталтай, саравчтай малгайтайгаа бээрсэн герман цэргийг ялахад бидний бэлгэнд шингэсэн сэтгэлийн илч, тус дэм болсон хэмээн бодном.
Бургалтайн |Сэлэнгэ, Баруунбүрэн| малины агтыг миний аав шатан хөлт хэмээх Лувсанцэрэнгийн Найдансүрэн, ногоон хэмээх Дашийн Сэрээнэн гуай нар тууж Сэлэнгийн Цагаан арал, Ламын хийдийн мал бэлтгэл баазад малинд хүргэж байсан тухай аав минь амьд сэрүүн байхдаа дурсдаг байлаа. Эх орны дайны үед Монголоос фронтод бэлгэнд өгөх морьдыг халдварт ям өвчинд өртсөн эсэхийг үзэхдээ маллейн хэмээх эмийг нүдэнд нь дусааж шалгадаг байснаар монголчуудын дунд “малин” гэдэг үг гарсан гэдэг. Маллейн |ям| хэмээх латин үгээс гаралтай энэ эмийг ямын савханцраас гарган авдаг тухай ном сударт бий. Ям гэдэг бүтүү туурайтны энэ аюулт өвчин туссан адуу өөрөө турж үхэн, халдвар нь маш түргэн тархдаг аж. Эх орны дайны үед бид олон зуун хүлэг морьдоо адуун сүргээсээ харамгүй барьж Зөвлөлтийн улаан армид ийнхүү бэлэглэсэн юм даа. Ямар морьд байсан гээч. Гайхамшигт монгол морьд!
Увс аймгийн малчин Бадам гэдэг эмэгтэй адуун сүргийн манлай Эрх зээрд морио бусад 90 гаруй морьд, 1600 хонины хамт бэлэглэн” Фронд Бадам” нэртэй болж ЗХУ-ын төрөөс Алтан үсгийн үнэмлэхээр шагнуулж байсан гэдэг. Энэ хүний өвөг Бөөрийн Ирүүл гэдэг хүн 1957 онд 13 мянган толгой мал тоолуулж Улсын сайн малчин болж байжээ. Завхан аймгийн Жаргалант сумын малчин Жигжиджав аймгийнхан наадамд дараалан түрүүлсэн хурдан морио улаан армид бэлэглэж байсан нь түүхэнд үлджээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана аа гэж энэ.
Монгол адуунд дулаан зүчээ, бэлэн зэлэн эрдэс тэжээл бэлдэн, биеийг нь угааж, хөлийг нь тахлана гэж байдаггүй. Бүр сайндаа л өвөлжөөндөө тохом татаад өвс тавьж өгнө Тэрээр байгалийн эрс, тэс уур амьсгалд зохицон, аяндаа өсөж үржин, өвс ус хоёр л байвал өөрөө олоод идчихдэг, арчилгаа маллагаа шаарддаггүй, нүүдлийн нөхцөлд уналга эдэлгээнд тэсвэртэй, өл даадаг хоногт гурван цагийн идэштэй байхад л үлдсэн 21 цагт нь ажиллах чадавхтай байдаг юм. Ийм монгол үүлдрийн адуу дайны талбарт тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн гэдэг юм билээ. Угаас шөрмөслөг, байгалийн шалгарлаар заяасан түүний араг яс бат бөх, чац сайтай тул нуруу ачаа 100-130 кг өлхөн даадаг, байгалийн хатуу ширүүн уур амьсгалд өл даадаг,нүүдлийн билчээрт өөрөө билчиж аяндаа өсч үржих чадвартай арчилгаа маллагаа аардахгүй, уналга эдэлгээнд тэсвэртэй, энэ гайхамшигт амьтан дайны хатуу ширүүн цагт тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн гэдэг юм. Түүний уушгины багтаамж их |40-50л| тул унаанд бол нэг өртөө газарт |25 хүртлэх км | зогсолт үгүй давхих шандастай, жирийн явдлаар |маршаар| бол хоногт 90-100 км өлхөн туулдаг, мах нь илчлэг чанартай тул бээрдэггүйн дээр гэрийн тэжээмэл амьтдын дотроос хамгийн хурдан, хөнгөн шаламгай, хамгийн ухаалаг амьтан бол адуу юм. Сайн уургач морь сүрэг дундаас эзнийхээ барих гэж буй адууг жолоо дарах төдийд олж танин, хий алдалгүй даган, үйл явдлын өрнөлийг эзнийхээ оролцоогүйгээр өөрөө олж, хурдлах цагт нь хурдлаж, уургалах үед нь хэзээ сууж өгөхийг мэдэрч сүүлээ газар шүргэтэл сууж өгдөг юм. Барих адууг хөөх үед тойруу газрыг гишигдэл алдалгүй товчлон шууд дайрдаг элдэвтэй байдаг. Чоно хөөж сурсан морь эзнийхээ ташуур барьсан талд нь налж өгдөг юм шүү дээ. Энэ бол монгол морины эрдэм юм. Монголчуудыг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Тэдний хувьд морь бол бусад малаас нь ямагт өндөр байр суурьтай тул монгол хүн, морь хоёрын дотно харьцаа мөнхөд оршиж байдаг ажгуу.
Дайны үед өмнөө тохиосон уул хад, намаг шалбааг гээд л ямарч машин техник гарахгүй газраар монгол морь ажрал үгүй туучин гардаг байжээ. Машин техник хэдий сайн ч чухал үед монгол морь унасан эзнээ авардаг юм даа.
Ийм морьд ч гэсэн их буун дуу нүргээн, дарийн утаа үнэртсэн дайны талбарт анх орж ирээд айж чичирч шээс алддаг байсан ч сүүлдээ адгуус хүртэл дасчихдаг юм гэнэ лээ. Дараа нь бүр тоохоо больдог, тэр ч байтугай эзнээ сэлмээ сугалан уухайлан давших үед улам ч хүч зоригтой болж урдаа яваа дайсныг араас өөрөө шууд чиглэн очдог хэмээн унасан эзэд нь хуучилдаг. Иймээс дайн тулааны тэр хүнд, хэцүү үед монгол морьд бусад ямарч сайн үйлдрийн морьдыг дагуулдаггүй байсан нь ойлгомжтой. Ийм чанар, тэсвэртэй адуу дэлхийд монголоос өөр хаана ч байхгүй. Энэ бол монгол морь, түүний үнэлэмж, бидэнд заяасан хувь тавилан, эзэндээ мөнхийн нөхөр юм.
Дайны дараа нутагтаа амьд ирсэн монгол морь байгаагүй гэдэг. Цөөн тоогоор ирснийг нь хэрэг болгож анзаараагүй ч байж болох л доо. Дашрамд 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумаас Вьетнамд ачуулсан агт дотор нэг хар зүсмийн азарга орсон байжээ. Тэр азарга хоёр жилийн дараа 1963 онд нутагтаа гүйж ирсэн тул Улаанбаатар хотын захиргаа авч Богд ууланд гүү хураалган тавьсан юм билээ.
Дайны дөрвөн жилд бид хагас сая шахам хүлэг морьдоо Зөвлөлтийн улаан армид илгээсэн гэдэг тоо байдаг юм. |заримыг нь худалдсан байх|.Бид энэ дайнд оролцсон монгол цэрэг эрсийнхээ тоог ч нягтлан гаргаж чадаагүй болохоор морьд чухам хэд гэдгийг нарийвчлан тоолсон гэдэг нь юу л бол. Үүний дараа Монголын морьт отряд 80 гаруй мянган мориор 1945 оны чөлөөлөх дайнд оролцон тавдугаар морин дивиз хятадын Цагаан хэрмийн цаана Жэхэ, Губайху хот хүрч нийт 3 мянга гаруй км зам туулсан нь түүхэнд үлдсэн билээ. 1957 оны Солонгосын дайнд монголчууд 40 гаруй мянган агт морио бэлэглэж байлаа. Энэ бүх үйлсэд ямагт бид морьтойгоо л явсан. Өнөөдөр бид дээрх дайнуудад оролцсон монгол морьд амь хайргүй тулалдсан олон баатруудаас амьд үлдсэн цөөн ахмад буурлуудаасаа үгийг нь сонсож буй сүүлчийн үеийнхэн байж ч болох юм. Дэлхийн нэгдүгээр дайнд 80 гаруй сая морь үхсэн гэдэг юм билээ. Хоёрдугаар дайнд хэд үхсэн нь тодорхойгүй. Харин энэ дайны ялалтад монгол морьдын эр зориг тэсвэр хүч онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Гэхдээ ядарч зүдэрч, өлсөж цангаж бас хүн шиг зовлон туулж, үхэж үрэгдэж байсан даа. Дайны дараа ганц нь ч нутагтаа буцаж ирээгүй тэгээд л өнгөрсөн. Дайнд ингэж оролцсон монгол морьдод хөшөө босгосон ч буруудахгүй дээ... гэж аав маань амьд сэрүүн байхдаа дурсан ярьдаг байлаа. Тэртээ дээр аавын маань ярьж байсан хүсэл биелж хоёр монгол морь фашистуудын эсрэг улаан армийн их бууг шалбааг дундуур чирч яваа хүрэл хөшөөг монгол залуу уран барималч А.Очирбал урлан, оросууд 2017 онд онд Москва хотын түүхийн дурсгалт хэсэг болох Поклонный өндөрлөгт босгосон байна лээ. Энэ сэргэлэн дэнж дэх хүрэл хөшөөнд дайсны эсрэг их гарын хүнд их буу чирэн бүтэн биеэр нь нэвчсэн шавар шалбааг дундуур хамрын нүхээ сартайлган, хоёр чихээ хулмайлган, ууц нуруугаа хотойтол, урд хоёр хөлийнхөө туурайг газар шигдтэл, хамаг чадлаараа сүвээний гурван хавиргаа зурайтал зүтгэж буй монгол морьдын нүд нь дайсны өмнөөс цоо ширтэх мэт харагдана. Ийнхүү монгол морьдын эрэлхэг агаад уран дүр агуу их орос орны түүхэнд үлджээ.
Найдансүрэнгийн Бадарч