Белорусс судлал, Лукашенко судлалын өгүүлэл.
Би худал гөрдөөгүй, үнэхээр судалж байна гэдгээ нотлоод, бүр хэрэг болгоод ноён Лукашенко надтай хуучилж байгаа нэг түүхэн зургаа дэлгэчихье. Тэр нөхөр үнэхээр Путиныг цус харвуулахад тун ойртлоо гэдгээ л нотлох мэдээлэл дор ярайна.
Америкийн Foreign Policy сэтгүүлийн энэ оны эхний дугаарт нүдэндээ итгэмгүй үйл явдлыг бичсэн байснаас эшлэе.
Белорусс-АНУ-ын хоорондын харилцааны дулаарлыг Төрийн департамент дэлгэжээ. Белорусст ажиллах америкийн дипломатчдад хязгаар тавихгүй, дипломат төлөөллөө хоёр талдаа өргөжүүлье, Элчин сайд нараа томилъё, Белорусст хүний эрх, ардчиллын элементүүд сэргээд эхэллээ, тэнд ардчиллын тулгуур зарчмуудыг дэмжих, хүний эрх эрх чөлөөг хамгаалахад АНУ бэлхэн байна, нэгэнтээ ийм шинэ боломж нээгдэж буй тул АНУ Белоруссыг онцлох боллоо гэсэн үгс сэтгүүлийн хуудаснаа дурайна.
Tut.by хэмээх сайт дээр Лукашенког Путинд илчилж өгөхөөр мэдээ байна. Белорусс нь НАТО-той харилцан хүндэтгэх харилцаа тогтоох хэрэгтэй, Белоруссын гурвын гурван хөрш нь НАТО-гийн гишүүн, Украин нь НАТО руу адган улайран тэмүүлж байгаа нөхцөлд сөргөлдөөний бэлээхэн хөрс байж байна, тэглээ гээд Белорусст болон хөршүүдэд нь хагалж заагласан шинэ шугам хэрэггүй, НАТО-той ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байна, НАТО-той харилцан бие биесээ хүндэтгэсэн харилцаа тогтооё, тэгсэн цагт эцсийн дүндээ манай эх орны аюулгүй байдал бэхжих болно.
Бид тэдэнтэй ярилцая, бид тэднийг дайсан гэж харах ёсгүй, Белоруссын гадаад бодлогын өрнөд, дорнод тулгуур нь харилцан бие биеэ нөхөх ёстой, эвслийн сөрөг төвлөрөлийн хүйтрэлийг амжилттай даван туулах ёстой, Евразийн эдийн засгийн холбоо ба Европын Холбооны яг уулзвар дахь гайхамшигтай байршлаа ашиглан интеграцын интеграц үзэл санааг дэвшүүлье, энэ байршил маань Белорусст зөвхөн ашиг л авчирна гэхчлэн Лукашенко ярьсан нь Оросын тал бие болоод баруун талд нь фронт болох ёстой тэр улсын тэргүүний үг баймгүй мэт.
“Шатахуунаа дэлхийн зах зээлийн үнээр Белорусст өгснөөс үүдээд татварын салбарт нефтийн маневр бид хийж чадахгүйд хүрэх юм бол Орос Та цорын ганц холбоотноо баруун чиглэлдээ алдах болно шүү!” хэмээн Лукашенко үе үе заналхийлэх явцдаа АНУ, НАТО, Европын Холбооны талаар ийнхүү улам уян хатан байр суурь руу гулсаад байх шиг.
Лукашенко өрнөд рүү харуулж хэлсэн уяралын үгсийг НАТО-гийн ЕНБД Йенс Столтенберг нөгөө талаас нь хэлээд тавьчих шиг. Украинаар жишээлж ярьсан боловч мөд Белорусс руу хандуулж тэгж ярьж тун мэднэ:–НАТО-д интеграцчилах замд оруулахад нь Умард Атлантын альянс Украинд туслах болно. Европын Холбоо, Умард Атлантын альянсад гишүүнчлэлтэй болохыг дэмжиж баталгаажуулсан чиг шугамаа Украины Үндсэн хуулийн өөрчлөлтөөр (334 дэмжиж, 35 эсэргүүцсэн) хийчихлээ. Одоо Украин бол НАТО-гийн өндрөөр үнэлэгдэх түнш боллоо. Умард Атлантын интеграцын чиглэлд Украины төр улс урагш ахих, зэвсэгт хүчнээ шинэчлэх, реформ хийх, тухайлбал коррупцтай тэмцэхэд нь бид туслана. Хоёрталын харилцааны шугамаар чУкраиныг дэмжихийг уриалах болно-гэх НАТО-гийн даргын үгс оросуудын цөсийг жинхэнээсээ хөөргөсөн төдийгүй яг ийм үг яриа руу Минск дэх хань нөхөд нь гулсаад байгаад Москвад тэвчишгүй.
АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга Жорж Кент Белоруссын нийслэлд айлчлангаа Столтенбергтой адил агуулгатай мэдэгдэл хийснийг оросууд анхааралдаа авчээ. Юу гэвэл тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд АНУ хүндэтгэлтэй хандана гэсэн нь байдаг л ёслолын үгс, харин Крымд Орос бүрэн эрхээ тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Минскийн байр суурьт сэтгэл хангалуун байна гэсэн нь оросуудыг эмзэглүүлээд авчээ.
Москва ба өрнөдийн хооронд сонголт хий хэмээн Минскийг Вашингтон уриалахгүй, гэхдээ хуучин Зөвлөлтийн улсуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг АНУ дэмжих нь хуучны бодлого байж ирсэн, Белорусс нь өөрийн хувь заяа, хөгжлийн ямар чиглэл сонгох дээрээ эрх чөлөө эдлүүлэхийг бид хүсч байна. Хөршөө сонгохдоо ч мөн тэгээсэй билээ гэжээ.
Кентийн ярьснаар Орос нь найрсаг нягт тэр харилцаагаа хөршүүддээ тун хохиролтойгоор нэг бус удаа ашигладаг, зөвхөн Оросын эрх ашгийг ахиулахад тэр нь үйлчлээд цаад түнш нь хохирч үлддэг болж таарч байна. Жишээ татаж байна. 2008 онд Гүржид явагдсан 5 өдрийн дайн, 2014 онд Крымыг аннекс хийсэн, Дорнод Украины мужуудад дайн дэгдээлгээд өнөөг хүргэсэн гэх мэтээр ярьснаа ноён Кент “Крым-энэ бол Украины нэг хэсэг. Донбасс-Украины хэсэг. Крымыг Орос хууль бусаар эзэлж байгааг үл зөвшөөрсөн Белоруссын зарчимч байр суурийг АНУ, дэлхийн ихэнхи улсууд талархан дэмжиж байна”, “Вашингтон-Минскийн харилцаа сүүлийн саруудад эрс сайжирлаа”, “Белоруссын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг дэмжиж, Белоруссын ард түмэн ба эрх баригчидтай ажил хэрэгч харилцаа хөгжүүлэхээр эрмэлзэж байгааг харж итгэх гэж би Минскэд хүрэлцэн ирлээ” гэхчлэн олон зүйл ярьжээ.
Лукашенко өрнөд тийш аажмаар хэлбийхийг дагалдаад Оростой байгуулсан нөгөө Холбооны гэрээгээ цуцлахыг шаардах явдал тус улсад цухалзаж эхэлжээ. “Грамада” хэмээн нам (сөрөг хүчний социал-демократууд) Орос-Белоруссын Холбооны гэрээг мөрдөхгүй, хүчингүй болгохыг санаачлагчаар түүхнээ бичигдлээ. Гэрээг цуцлаад зогсохгүй Оростой жинхэнэ бодит хил тогтоохыг шаарджээ. Орос, Белорусс хоёрыг харьцуулж үзээд тийм гэрээг шууд цуцлах, ерөөсөө холбоотон байлгахгүй байх хэрэгтэй гэжээ. Харьцуулалт нь:Орос нь Белоруссаас газар нутгаараа 82 дахин том, ДНБ-ээрээ 27 дахин том, тийм нөхцөлд жижиг нь томдоо бүрэн уусна, бүрэн эрхт байдлаа хадгалж чадахгүй, Холбооны гэрээ үндэсний эрх ашигт харшилна, Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна, оросын рубль Белорусст тохирохгүй, бүрэн хамааралтай болгож байна, цэргийн нэгдсэн бүлэглэл байж таарахгүй, олон улсын мөргөлдөөнд Белоруссыг татан оролцуулахад хүргэнэ гэхчлэн тэрхүү Грамада нам амны зоргоор цуурсан байх юм. Ингэж ярьснуудыг, ингэж сэтгэдэг болсонд нь Орос хамгаас илүү гомдолтой байхыг хүлээн зөвшөөрнө.
Орос-Украины хямрал хурцадмал, Оросын эсрэг олон санкцууд тавигдсан, Оросын нэр хүнд базаахгүй байгаа нөхцөлд Лукашенко энэ чиглэлд тоглолтоо үргэлжлүүлсээр, оросуудыг даапаалж, араар нь тавьж, ашиг олж хөлждөг хэвээрээ тухай мэдээ мэдээлэл Оросоос салахаа болилоо.“Украин танкуудыг белоруссын шатахуунаар цэнэглэв” гэсэн гарчгаар гөвж өгчээ. Украины хамаг техник хөдөлж байгаа нь белоруссын засварчид, шатахуун нийлүүлэгчдийн гавьяа, тэр байтугай онгоцны шатахуун хүртэл Белоруссаас. Гэтэл Белорусс нь олон жилийн турш Оросоос нефть оросын дотоодын үнээр авч ирсэн, авснаа нөөцөлдөг, нөөцөөсөө Украинд илүүчилдэг, 2014 оноос бүр ч цагаандаа гарсан, дайн өрнөөд байлдааны зэвсэг техникийг хөдөлгөх шатах тослох материал хөвөрч өгсөн, бүр украины өөрийнх нь статистик байна, 2014 онд Белоруссаас украины авсан импортын 82 хувь нь дан нефть, нефтен бүтээгдэхүүн байсан (тэр жилийн ханшаар 3.2 тэрбум ам.доллар) ба өмнөх 2013 онд нь Украин шахатуундаа 2.4 тэрбум доллар зарцуулсан, эдийн засаг нь өсч дэвжиж байхдаа ч тийм их шатахуун хэрэглэдэггүй байсан тухай оросын хэвлэлд хилэгнэн бичсэн нь Лукашенко руу хандуулсан зэмлэл биз ээ.
Belarus Security гэх аналитик төвийн захирал Андрей Поротников, беларусь сэтгүүлч Денис Лавникевич нар оросуудын зэвүүг хүргэх гэсэн мэт мэдээллийг бүр ч нотложээ. 2014 оны зун Дорнод Украинд украины арми хүнд зэвсэг хэрэглэн байлдаж ахуйд Белоруссаас шатахуунаар найдвартай хангаж, бүр худалдах бус дараа төлбөрт гэдгээр тасралтгүй нийлүүлж байсан, хожим төлөгдсөн эсэх нь тодорхойгүй өнгөрсөн гэжээ.
Мөн украины бараа таваар, хүнсний экспортыг ихээхэн дэмжиж, идэвхтэй худалдан авалт хийжээ. 2013-2017 онд Белорусс дахь украины хүнсний худалдаа 4 дахин нэмэгдсэн, тэр ч бүү хэл Украинаас авсан дээрээ белорусс шошго наагаад Орост аваачиж борлуулдаг, тэр утгаар Белорусс нь Украин-Оросын хооронд транзит улс болчихсон, реэкспортоор гаршиж байна. Оросын зах зээлд борлогдож буй бяслагны 4/1 нь украиных, оросын судлаач Андрей Суздальцевын үзэхээр ийм реэкспортын контрабандаас белоруссын эрх баригчид жилдээ нэг тэрбум хүртэл долларын ашиг олдог. Дмитрий Болкунец гэх орос судлаачийн үздэгээр Украинаас орж ирж буй санкц тавиулсан реэкспортыг Москва мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрүүлдэг, Лукашенко хүссэнээрээ Оросын зах зээл дээр чөлөөтэй тоглодог, Путин түүнийг яаж ч чаддагүй гэсэн байх юм.
Тэгсэн мөртлөө Лукашенко энх тайвны төлөө том том ярина. Зөвхөн энх тайвны төлөө бид бүхнийг хийхэд бэлэн байна, энэ асуудлыг манай славяны гурван ард түмэн шийдэх ёстой, европчууд ч,америкчууд ч шийдэхгүй гэж ирээд л Порошенкотой Минскэд амны зоргоор ярилцаж байв. Цаадхи нь байдгаараа инээчихсэн талархаад л. Донбасс руу белоруссын энхийг сахиулагчдыг илгээнэ ч гэж байх шиг. Бүр 10 мянган цэрэг бэлтгэчихсэн болоод явчихсан. Белорусс нь Ливан руу 5-хан энхийг сахиулагч илгээж байсан туршлагатай. Тэр 5-ыг бүрдүүлэх гэж 200 цэрэг шалгаруулаад тэндээсээ 40-ийг сортолж авсан хэмээн оросууд дооглох. Украины үндсэрхэг үзэлтнүүд белоруссын энхийг сахиулагчдыг “Путины трояны морь” гээд урьдчилаад хочилсон, Лукашенко ам мэдэн ярьсаар л.
Тэгэх мөртлөө Оростой цэргийн салбарт олон асуудалтай, олон арван байлдааны онгоц гуйлгаад өгөөгүй, худалдан авах мөнгө алга, иймээс Холбооны улс юм бол үнэгүй өг, чамайг хамгаалахын тул чамаас тэр зэвсгийг авах гэж байна хэмээн оросууддаа ихэрхэнэ. Белоруссын нутагт буй оросын цэргийн хоёр объектыг Лукашенко байнга сануулан дарамтлана. Тэр нь Баранович дахь агаарын цэргийн сөнөөгч онгоцны 61-р нисэх бааз, Вилейк дэх тэнгисийн цэргийн холбооны узел. “Тэднийхээ төлөө бидэнд нойл рубль, нойл копейк төлж байна. Түрээсийн хугацаа дуусч байна, төлбөр өгөхгүй юм бол яаж тохиролцох вэ” гэж Лукашенко ярина. Белоруссыг цөмийн цохилтоос хамгаалах тухай гэрээ байгуулъя хэмээн Орост санал тавьсанаа “Оросыг зөвшөөрнө гэж бодож байна уу? Гонж, ийм л холбоо байгаа юм даа” хэмээн тавласан доромжилсоны дундуур ярьсан ч байх шиг.
Орос нь Белоруссыг уусгаж авах гэлээ гэх хардлага Лукашенкогийн амнаас байнга цухалзана.
“Гүн гүнзгий интеграц” гэх далбаан дор Оросоос санал очоод байгаа юм байх. Зургаан мужийг маань ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэлээ, гүнзгий интеграц гэдгээрээ бидэн дээр маневрлах санаатай, шантаажилж гүйцлээ, биднийг сөхрүүлэх нь үү гэж ирээд л сүртэй ярьсан байсан. Тэгснээ оросын нефтийг дэлхийн зах зээлийн үнээр Белорусст нийлүүлэх аваас интеграцын үйл явц тасалдана шүү гээд заналхийлжээ.
Белоруссын эдийн засаг 2025 он хүртэл 10.8 тэрбум долларын алдагдал оросын газрын тосноос болж хүлээвэл, хэрэв Путинтэй тохиролцож чадахгүй бол интеграцын үйл явц үүрд сөнөх болно,манай хоёрын интеграцын фундаментад асар том хар нүх үлдэнэ–Лукашенкогийн цогтой үгс.
Цогтой үгс нь Москвад жинхэнэ шантааж болж дуулддаг байх. Хариу нь ч тэр дороо. “Белорусст үнэ төлбөргүй туслахыг Орос хүсэхгүй, Минскэд итгэл алдарч дууслаа. Нэг талдаа ашигтай байхаа больё, Та нар манай хөрш, Холбооны гэрээгээр бол манай холбоотон, гэвч сүүлийн үед итгэл маань гээгдлээ” – ОХУ-ын Засгийн газрын 1-р орлогч дарга, Сангийн сайд Антон Силуанов хэлээд тавьчихлаа.
ОХУ-аас Белорусст суух шинэ Элчин сайд Михаил Бабичийг хүлээн авч уулзахдаа Лукашенко бараг үгийн зөрөөгүй л “Белорусс нь ямар нэг улсын бүрэлдэхүүнд нэгдэж орох бодолгүй байна. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал гэдэг нь манай орны оршин суугчдын хамгийн ариун дагшин ойлголт” гэснийг Гадаад хэргийн сайд Владимир Макей нь яг тоть шиг давтаж ярих аж.
“Дорнын их ах” гэж хөөрөгдөн Хятадыг тойгдох маневрыг Лукашенко гайхамшигтай хийж байна. ОХУ-тай элдэв асуудалтай гэсэн мөртлөө АНУ, Хятадтай ойртох тактикаа ил зарлан урагшилна.
Гадаад бодлого дахь Оросын тулгуураасаа салахаар зэхлээ хэмээн оросууд хардана. Арга ч үгүй юм. Оростой яриагүй, хамтран хийе гээгүй пуужин бүтээх ажлыг Хятад хийж өгөхөөр боллоо. Белоруссын байгалийн баялгаас Хятадад нийлүүлнэ, Хятад хариуд нь пуужингийн цогцолбор, технопарк байгуулж өгнө, ингээд белорусс-хятадын харилцаа хол явчихна хэмээн оросын «Лента.ру» сайтад харамсан бичжээ.
“Еврохолбооны улс”–Лукашенко Оростой найрамдал ярьдаг, харин тулгуураа Европоос хайдаг гэж гарчигласан өгүүлэл тэр сайтад бас байна. Лукашенко мөн л амны зоргоор ярьсныг нь өлгөн аваад Путинд сэрэмжлүүлэх санаатай тэгж гарчиглажээ. Цаад нөхөр нь “Оросыг ах дүү улс хэмээн Минскэд үзэхгүй, Орос бол зөвхөн түнш” гээд туучихаж. Мөн л газрын тосны наймаан дээр Орос татварын маневр хиймэгц ч мань хүн өчих мэхээ хийжээ. Оросын татварын маневрын нөхвөрийг авчих санаатай Кремлийг дарамталж байгаа хэлбэр нь.
Лукашенког хэдхэн жилийн өмнө «Европын хамгийн сүүлчийн диктатор» хэмээн нэрлэж байсан бол одоо төрөл арилжихын босгон дээр ирчихээд байна. Олон тулгуурт гадаад бодлого гэдгээрээ Европын Холбооны «Дорнод түншлэл» гэх программд оросуудаа гомдоон гомдоон оролцоод явж байна.
2013-2014 оны Киевийн төрийн эргэлтээс хойш бүр ч гаргуунаар Европ руу ханарлаа. “Төрийн эргэлт” гэдэг нь Москвагаас өгсөн тодорхойлолт. “Хэтэрхий олон геополитикийн салаа замын уулзвар дээр байна шүү” хэмээн Лукашенкод оросууд сануулахаа мартахгүй. Минскэд Майдан тохионо, өөр сценар–крымын маягийн ч юм тохионо гэх сануулга анхааруулгыг Лукашенко тоох янзгүй. Тэрээр Янукович шиг үхсэн царайлахгүй хэмээн бардам хэлнэ. Украинд ямар хэрэг явдал өрнөнө, Орос-Белоруссын эрх баригчдын итгэлцэлийн хямрал дээд цэгтээ тулдаг уламжлал хэвшсэн юм биш үү? Оросууд өөрсдөө тэгж бичээд байна.
Олон улсын харилцааны судлаач- профессор Д.Баярхүү