Одон, медаль, гавъяа шагналын өнөөгийн тогтолцоог шинэчлэх тухай хуулийн гурван ч төсөл Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-д боловсрогдож байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар иргэдээс санал авч олон нийтээр хэлэлцүүлж эхэлжээ. Ерөнхийлөгчийн боловсруулж байгаа дээрх хуулийн төслийн судалгааны хэсгийнхний мэдээлснээр ”Хэрвээ иргэд одон медалийн хуучин системийг ардчилсан төр зах зээлийн эдийн засагтай улс орны өнөөгийн тогтолцоонд нийцэхгүй” гэж үзвэл төр хуучны шагналуудаас татгалзаж, эрс өөрчлөлт хийх юм байна.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн боловсруулсан "Төр алдар цол, гавьяа шагнал өгдөг эрхээ мэргэжлийн олон нийтийн байгууллагад шилжүүлэх замаар эрс өөрчлөлт хийх” хувилбар. Энэ хуулийн төслийн гол онцлог нь гавьяат цол олгох эрхийг иргэний нийгмийн байгууллага буюу иргэдэд шилжүүлж, мэргэжлийн "холбоо”-дуудад олгох юм. Онцгой нээлт, уран бүтээл туурвисан иргэдэд төрийн шагнал, цэрэг цагдаа зэрэг төрийн тусгай албан хаагч, гадаадын иргэдэд хүндэтгэлийн шагналыг Ерөнхийлөгч олгож байхаар боловсруулсан байна.
Одоо боловсруулагдаад байгаа одон медалийн өнөөгийн системийг өөрчлөх тухай гурав дахь хувилбар бол УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нарын боловсруулсан өргөн барихад бэлэн болоод байгаа хувилбар юм. Энэ хуулийн үзэл санаа нь, одон медалийн нэрийг өөрчлөн "Чингис”, "Өгөөдэй”, "Хувилай” хааны нэртэй одон медалиар шагнаж эхлэх юм байна. Ямар ч гэсэн Ерөнхийлөгч УИХ, иргэдэд аль аль нь одон медалийн социализмын үеийн тогтолцоог халах цаг болсон гэж үзжээ.
Тэнэг хүн тэмдгэнд дуртай
Намайг бага байхад манай нутагт Амбаа гэж нэг хэнд ч гэм хийдэггүй, айл амьтны гар хөлийн үзүүрт зарагдсан "тэнэг” өвгөн байсансан. Амбаад гэр орон гэж байхгүй бусдад зарагдан гэдсээ тэжээж явна. Амбаа маань элдэв өнгийн тэмдэгний хоббитой. Хөөрхийг тэмдгэнд дуртай болохоор нь айлууд зарж зарчихаад л "Амбаагаа одонгоор шагналаа” гээд л элдэв зурагтай төмөр зүүгээд өгчихнө. Өвөл ч, зун ч ганц хөвөнтэй дээлтэй. Түүнийх нь энгэр байтугай араар нь дүүрэн тэмдэг. Арьс шир цуглуулах, бой ярга хийх, хашаа хороо барих, айл нүүлгэх, ямаа самнах аль адгийн ажил болгонд Амбаа явна.
Амбааг зарж зарчихаад л хүн болгон ямар нэг тэмдэг зүүж өгнө. Намын даргаас авахуулаад айлын авгай хүртэл Амбаагийн хөдөлмөрийг үнэлж, дурыг нь дагуулаад л элдэв тэмдэг зүүж шагнана. Намайг намын дарга одонгоор шагнасан гээд бөөн хөөр болж хүүхэд бидэнд гайхуулдагсан.
Хүүхдүүд зарим нь Амбааг энэ томчууд доромжиллоо гэж их өмөөрдөг боловч зарим нь нэрмэж цаашлуулна. Тэр үед пивоны бөглөө тэр дундаа зурагтай бөглөө их ховор. Бид бөглөө тоглохоос эхлээд мөнгө тоглож, шулж шулуулж томорсон хүмүүс. Зурагтай шармал бөглөөгөө зэс утсаар оосорлоод Амбаад одон медаль болгож шагнана. Амбаагийн энгэрт эвлэл, пионерийн гишүүний паалан нь хуурсан тэмдэгнээс авахуулаад, Эрээний тэрэгний үйлдвэрийн ойн тэмдэг, пивоны бөглөө, утасны дамарын бөөрөнхий зурагтай цаасан наалт хүртэл зайгүй ярайдагсан. Амбаа бол тийм ч тэнээд явчихаар усан тэнэг биш. Зарим үг нь их мэргэн цэцэн. Манай ээж Амбаагийн хөвөн нь цувсан дээлийг нөхөж өгч байхдаа өнөө олон одон медальд нь уураа гаргаж, "Энэ олон төмрийг хая хая, түлчих юмсан”, "Энэ төмрүүдийг нь хаячих юм бол тэнэг нь одон хаячихлаа гэж боож үхнэ биз дээ” гээд инээж байдагсан. Амбааг ороод ирэхээр ээж "Одон тэмдгийг чинь бүгдийг нь галд хийчихсэн, шатаад дуусчихсан” гэж цаашлуулж билээ. Амбаа "Өө, өө” гэж нэг их муухай эхэр татан орилсноо, "Ээ, Дүнх худлаа хэлээд л...” гээд ээжийн нуусан тэмдгүүдийг харж баярлаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм.
Ээжийг тэнэг хүн тэмдгэнд дуртай гэж хэлэхэд Амбаа "Тэгж ярих юм бол хүн бүр тэмдгэнд дуртай. сумын дарга ч, Цэдэндаш хурандаа ч бүгдээрээ тэмдгэнд дуртай. Харин би арай илүү тэмдгэнд дуртай. Тэнэг гэх юм бол хүн бүр тэнэг, харин би арай илүү тэнэг” гэж билээ.
Үнэхээр хүн болгон тэмдгэнд дуртай юм билээ. Социализм ард иргэдээ одон тэмдгээр шагнасаар байгаад бүгдийг нь Амбаа шиг болгоод авсан юм шиг ээ. Өнгөрсөн жил Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяраар Улсын баатарын алтан таван хошуу одонгоос эхлээд баахан одон, медаль тараав. Надад ч Алтан гадас одон оногдлоо. "Алтангадас” зүүгээд харанхуй, хүзүүний ороолт хоёроор одонгоо халхлан гэртээ орж ирлээ. Олуулаа одон авсандаа баярласан юм уу. Ардчилсан хувьсгалын гэрч гэж юм бодсон юм уу, их л баяртай гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд пальтогоо тайлж одонгоо гаргахдаа ичив. Харин хүүхдүүд маань намайг шоолж билээ. "Аав одоо нүдний булай арай ч дээ. Наадахаа авч хая” гэхэд нь би хойч үеийн Амбаа болсноо ойлгосон.
Ардчилсан намынхан дотор одон медалийн бөөн хэрүүл. "Тэр шагнуулахад энэ шагнуулсангүй”, "Тэрний одон томдчихож”, "Тэгж яривал тэр хүн гавъяат болох ёстой”, "Энэ хүн гавъяат болох ёсгүй”, "Хэзээ тэр ардчилсан хувьсгалд оролцсон юм” гэх зэргээр дүүрэг, сумуудад 20 жилийн ойн одон медаль шагнал шагнаснаасаа эс юм болоод бөөн хэрүүл.
Хөдөө байдаг манай ангийнхны зарим нь намайг одонгоор шагнуулсанд үнэн сэтгэлээсээ баярлаж байна. "Амьд явсан хүн Алтан гадас авна гэж энэ дээ, хө. Төрийн сүлд өршөөж байна” гээд "Сумандаа Алтан гадсаар шагнагдсан ес дэх хүн боллоо” гэж тэмдэглэн хониор мялааж билээ. "1990 оны хувьсгалд тэр оролцоогүй байж одон зүүлээ. Би Төв аймагт 1990 оны ардчилсан хувьсгалд оролцсон партизан, чи гэрчилнэ, намайг тодорхойлж, Элбэгдоржоос одон авч өг” гээд нэг л баахан гомдол, агсан согтуу болоод байх. Одоо ч үргэлжилсээр. Энэ жилийн улсын наадмаар одон авах өргөдөл Ардчилсан холбоо, Ардчилсан нам, Ерөнхийлөгчийн тамгын газрыг даржээ.
Зайлуул муу тэнэг Амбаагаа шоололтгүй бид чинь бүгдээрээ Амбаа болчихож. Амбаа болчихож ч биш, коммунист дэглэмийн шагналын тогтолцоо монголчуудыг Амбаа шиг болгочихож. Тэнэг хүн тэмдгэнд дуртай байж болно. Тэмдгээр шагнах "тэнэг” үйлдлээсээ төр татгалзаж чадахгүй бол Амбаа шиг болсон ард түмэн хэзээ ч татгалзахгүй.
Ардчилсан нийгэм шинэ цагийн залуус өөр болж байна. Мань мэт нь хойч үедээ Амбаа шиг харагдаж байна. Хойч үе маань шагналын өвчин туссан бидний үеийхнийг бус өнөөгийн төр засгийн өндөрлөгүүдийг шоолж байна. "Тэнэг төр тэмдгэнд дуртай” гэж шүүмжилж байна. Төр одон медалиар шагнахаа болилоо гээд юугаар хохирох гээд байна. Одоо дэлхийд социалист ЗХУ-ын үеийн шагналын системийг хэвээр хэрэглэж байгаа улс орон гэвэл Хойд Солонгос, Монгол хоёр л үлдэх шив дээ. Төр элдэв төрлийн шагналаасаа татгалзлаа гээд ард түмэн босохгүй, газар хөдлөхгүй, тэнгэр ниргэхгүй, банк дампуурахгүй юм байна.
Нийтлэлч Г.Дашрэнцэн. 2010 он
Сэтгэгдэл