Эдийн засгийн эргэлтэд оруулахаар
яригдаж ирсэн стратегийн ордуудын нэг бол Асгатын мөнгөний орд. Гэхдээ
улстөрчид өнгөрсөн жилүүдэд энэ ордтой холбоотойгоор их л маапаан тарьж
байсан. Ямартаа л 2007 оны гуравдугаар сард "Асгат” ХК-ийн 49 хувийг
эзэмшигчид Баян-Өлгийд хуралдаж өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр
"Монголросцветмет”-д уг ордыг бэлэглэсэн эрх баригчдыг буруутгаж байв.
Хожим нь Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дахь
удаагийн хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний
ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан. Монголын талын
эзэмшил 51 хувь, Оросын талын эзэмшил 49 хувийг хадгалах замаар
хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан
ажиллаж буй гэх мэдээлэл гарч байв. Харин дараа нь анхаарал татсан
мэдээллүүд гарах болсон. Юу гэхээр Асгатын мөнгөний ордыг эзэмшигч
"Асгат” ХК-ийн хувьцааны 49 хувь буюу 47 мянга шахам хувьцааг Монголын
16 аймгийн 400 гаруй иргэн эзэмшдэг байтал "Асгат” ХК-ийг нууцаар,
хууль бусаар татан буулгаж, 100 хувь "Монголросцветмет”-д шилжүүлсэн
тухай мэдээлэл гарсан билээ. Улмаар үүнийг Засгийн газраас тогтоогоод 49
хувийг эзэмшигчдийг оролцуулсан хурлыг зарлан хуралдуулж, асуудлыг
хуулийн дагуу шийдвэрлэх, шийдвэрийг эс биелүүлбэл хариуцлага тооцох
заалт гаргасан байдаг. Энэ бүгдээс харахад Асгат тойрсон маапаан их.
Уг
нь бол Асгатын мөнгөний ордын 51 хувь нь "Монголросцветмет” -ийн
мэдэлд, 49 хувь нь Баян-Өлгийн ард түмний нэр дээр хувьчлагдсан байдаг
ч, манай зүгээс "Полиметалл”-тай байгуулсан гэрээндээ Асгатын мөнгөний
ордын дурмийн санг 32 сая ам.доллараар тохирч, улмаар "Полиметалл”
компаниас 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байдаг.
Харин манай талаас өмнө нь хийгдсэн сая ам.долларын хөрөнгө оруулалт
болон лицензийн зөвшөөрөл зэргээ 16 сая ам.долларт үнэлэн хамтран
ажиллахаар ярьж тохиролцсон талаар яригдаж байсан. Энэ нь
"Монголросцветмет”-ээс тусдаа өөрийн мэдлийн 50 хувиа хуваах тухай гэрээ
бөгөөд ингэснээр манайд Асгатын мөнгөний ордын 50 хувь л ногдож байгаа
талаар, мөн Оросын Засгийн газрын мэдэлд байгаа 50 хувь, "Полиметалл”
компанийн нэр дээр шилжээд байгаа 25 хувь хоёр цаагуураа нэгдэж байгаа
гэх анхаарал татсан мэдээллүүд ч байдаг. За тэгээд Асгатын мөнгөний
ордыг хууль бусаар "Полиметалл”-д шилжүүлэхэд "Монголросцветмет”-ийн
захирал асан О.Эрдэнэ, ТӨХ-ны дарга асан Д.Сугар хүчин зүтгэсэн гэх
мэдээлэл бий.
"Асгат” ХК-ийн
удирдлага гурван жилийн өмнө ярихдаа "Энэ ордод геологийн хайгуул сайн
хийгдсэн. Хоёр орны Засгийн газрын төвшинд энэ ордыг эдийн засгийн
эргэлтэнд оруулах шийдвэр гарсан. Одоо технологийн туршилт хийж,
технологио сонгох, хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах ажлууд үлдсэн.
Шинэчлэлийн Засгийн газар томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд
оруулах ажлыг идэвхжүүлж байгаа” гэсэн. Ингэж ярьснаас хойш цаг хугацаа ч
өнгөрчээ.
Гол нь Асгатын орд яг
хэнийх вэ гэдэг асуулт хариулт нэхсэн хэвээрээ байгаа юм. Ямартаа л тус
ордыг "Асгат” ХК-ийнх уу, аль эсвэл АНУ-ын Apex Asia компанийн
оролцоотой "Асгат мөнгө” компанийнх уу, ТӨХ-ны мэдлийнх үү гэхчлэн олон
асуултыг хэвлэлийнхэн гаргаж тавьсан ирсэн. Нэгэнтээ тус орд стратегийн
чанартай учраас тэр талаарх мэдээллийг хавсарган хүргэх нь зүйтэй юм.
Асгатын тухай
Үндэсний
аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд
нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт
бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж
байгаа болон буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэж
хуулинд заасан байдаг. Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын
гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь
өнгөрсөн жилүүдэд эзэмшиж буй, Монголын баруун-хойд хэсэгт Оросын
Холбооны Улсын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий
аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог Асгатын мөнгө- холимог
металлын ордын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Оюутолгой,
Тавантолгой гэх ордуудтай харьцуулахад Асгатын орд газар нь бүс нутгийн
дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх ордуудын нэг гэж яригдаж ирсэн.
Монгол,
Оросын төр засгийн тэргүүнүүд харилцан айлчлал хийх үеэрээ Асгатын
ордыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцсаар ирсэн байдаг.
1973
онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн
дагуу Зөв лөлтийн геологичид манай улсын ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс
зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай нутгийн гүнд
100 км-т геологийн судалгаа явуулжээ. Улмаар судалгааны хүрээнд 1980-
аад оны сүүлээр Асгатын мөнгөний ордыг, Хөвсгөлийн фосфорын ордыг,
Цагаан чулуутын алтны ордыг тус тус илрүүлсэн аж.
Асгатын
мөнгөний ордын геологи хайгуулын ажлыг Монголын геологичид Оросын
геологичдын техникийн туслалцаатайгаар Монголын төсвийн хөрөнгөөр хийсэн
бөгөөд далд малталтаар дөрвөн штольн нэвтрэлтийн ажлыг Зураг төслийн
институтийн орлогч захирал, доктор А.Базарын удирдлагаар Налайхын
уурхайчид гүйцэтгэсэн аж. Өдгөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг
"Монголросцветмет” нэгдэл нь хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд лиценз
эзэмших хугацаанд лицензийн болон бусад үйл ажиллагааны зардлыг гаргаж
байжээ.
Эл орд нь өндөр уулын бүсэд
уул-техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан дүүрэгт
байрладаг. 1991 оны арваннэгдүгээр сарын 1-нд Улсын геологийн төвийн
шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ордын нөөцийг
С1 2389 мян.тн хүдэр, 912 тн мөнгө, С2 1644 мян.тн хүдэр, 482 тн мөнгө,
Р1 6000 мян.тн хүдэр, 2130 тн мөнгө гэж баталсан байдаг байна.
Мөн
тус орд нь 12.2 мян.тн висмут, 106.6 мян. тн сурьма, 238.2 мян.тн
зэсийн нөөцтэй болохыг тодорхойлсон бөгөөд ордод хүдрийн таван биет
судлагдаж үйлдвэрийн шинж чанартай нөөцтэй хэсэгт нь мөнгө 1000 гр.тн,
зэс 0.5, марганц 0.25, сурьма 0.56, висмут 0.05, мышьяк 0.2, хар тугалга
0.02, төмөр 40 хувийн дундаж агуулгатай болох нь тогтоогдсон гэж
доктор У. Мавлет бичсэн байна.
Харин
салбарын яамнаас гаргаж буй мэдээлэлд "Үйлдвэрлэлийн С1+С2 зэргээр
6,402.6 мянган тонн хүдрийн нөөц тогтоогоод байна. Хүдэр дэхь мөнгөний
агуулга 351,08 г/т бөгөөд уг ордын металлын нөөцийг мөнгө-2247,8,
зэс-72646,6, сурьма-31830,9, висмут-3319,8 тонноор тус тус үнэлжээ.
Өнөөгийн байдлаар Асгатын ордын геологийн судалгаа хийгдсэн, технологийн
туршилтийн үр дүнгээр ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах хэд хэдэн
хувилбар тооцоо, урьдчилсан үнэлгээнүүд хийгдсэн.
Хүдрийг
далд аргаар олборлоно. Үйлдвэрийн жилийн хүдэр олборлох хүчин чадал нь
350-600 мянган тонн байхаар тооцож байгаа. Уулын үйлдвэрт 4,548 мВт
цахилгааны ачаалал шаардагдах тул Баян-Өлгий аймгийн төвөөс Асгат хүртэл
110 кВт-ийн 150 км урттай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын
шугам татах, дэд станц барих, Ногооннуур сумаас Асгатын орд хүртэл 70
км, Асгатын ордоос Цагааннуурын дамжлага бааз хүртэл 110 км, нийт 180 км
урт замыг сайжруулан засварлах, Асгатын голоос татсан усаар усан сан
байгуулж усаар хангах хувилбарыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
Нүүрсний галлагаатай уурын зуухаар дулаан хангамжийг шийдвэрлэх бөгөөд
КТМ – 1.25 маркийн зуухыг тосгоны зуухтай хамтад нь хэрэглэнэ. Асгатын
ордын хүдрийг флотацийн технологоор баяжуулахад хүдэрт агуулагдаж буй
металлын сульфидүүдийг хам баяжмал болгон ялган авах, түүнээс хорт
хольцод тооцогддог мышьяк, сурьмагийн агуулгыг ялгах технологи, хам
баяжмалыг борлуулах, эсвэл Монголд хайлуулах үйлдвэр байгуулах талаар
судалгаа, тооцоо хийх хэрэгтэй байна.
Төслийн
нийт хөрөнгө оруулалт 47.4 сая ам. доллар юм. Төслийн үргэлжлэх
хугацаанд орж ирэх үйл ажиллагааны нийт мөнгөн урсгал нь 173.7 сая ам.
доллар болох бөгөөд уг ашгийг жилийн 10 хувиар бууруулан, өнөөгийн
мөнгөнд шилжүүлсэн цэвэр ашгаар тооцвол 97.9 сая ам. доллар болж байна.
Нийт төслийн хугацаанд Асгатын ордоос 198 сая ам. доллар орох тооцоо
гарч байгаа юм” гэжээ.
Мөн
доктор У. Мавлет хуучин нэрээр БНМАУ-ын Геологи, уул уурхайн яам
энэ ордын зам харилцаа, хүдэр нь баяжигдах эсэх талаар судлаад Асгатын
мөнгөний ордод Монголын талаас орох замгүй, ЗХУ-ын талаас штольн малтаж
байгаа гэж дуулсан тул ЗХУ-ын Геологийн сайд Е.А.Козловскийгоос Алтайн
хязгаарын "Курайн” экспедицэд зочлох талаар зөвшөөрөл хүсч, улмаар 1983
онд Я. Нархүү, У.Мавлет, З.Барас, Л.Мягмар, Цэнд-Аюуш нар очиж
"Курайн” экспедицийн штольны (далд хонгил) ажилтай танилцаж "Курайн”-аас
Асгатын орд, түүний хүдрийн бүс биетүүдийн байршилд нисдэг тэргээр ирж,
геологийн тойм зураглалын хэмжээнд танилцаж байсан тухайгаа өгүүлжээ.
Түүнчлэн,
Яамны орлогч сайд З.Барас, Яамны ерөнхий геологич, төрийн шагналт
Л.Мягмар нар уг ордын геологи хайгуулын төслийг боловсруулж, хайгуулын
ажлыг Хов дын геологийн экспедици хэрэгжүүлсэн бөгөөд З.Барас, доктор
У.Мавлет хоёр Ю.Цэдэнбал даргад ажил танилцуулах далимаар Асгат руу
Монголын талаас зам тавиулахад шаардагдах 1.0 сая төгрөгийг Улсын
төлөвлөгөөний комиссоор гаргуулж, замтай болсон түүхтэй юм байна.
Геологийн
төв лабораторийн химич инженер Санжмятав, баяжуулагч ииженер
Б.Цогт-Очир, Пүрэв-Очир нарын хэсэг мэргэжилтэн яамны даалгавраар
Асгатын мөнгөний баяжигдах чанарыг тодорхойлох зорилгоор хам баяжмал
гарган авч, түүнээс 100 гр.тн мөнгө, зэс 8-10, сурьма 15, висмут 20
хувийг авсан ч мышьякийг ялгаруулж чадаагүй бөгөөд үүнээс тус ордын
мөнгөний холимог металлыг тийм ч хүнд биш технологоор олборлон баяжуулах
бололцоотой гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ.
Мөн
доктор У.Мавлет гуайн хэлж буйгаар Асгатын ордын лицензийг
"Монголросцветмет” нэгдэлд шилжүүлсэн түүхийг цухас өгүүлэхэд "1996
онд Жасрай гуай түүнд "Асгаттай холбоотой бүх материалыг бэлдэж, надад
танилцуул” гэж даалгажээ. У.Мавлет доктор ч уг асуудлыг дэлгэрэнгүй
танилцуулжээ. Тэгэхэд Ерөнхий сайд "Асгатын ордыг ашиглах цаг болсон.
Хөөцөлдөх эзэнтэй болгох хэрэгтэй. Бор-Өндөр, Бэрх зэрэг далд уурхайтай,
гадаад дотоодын байгууллагуудтай холбоотой "Монголросцветмет” нэгдэлд
хөрөнгө оруулагч олох, далд уурхайн мэргэжилтэн бэлдэх үүднээс
лицензийг нь тэдэнд өгвөл яасан юм бэ” гэж хэлж байж.
У.Мавлет
доктор хариуд нь "Хамтарсан үйлдвэрт орд газар өгч болохгүй” гэсэн ч
П.Жасрай гуай "Бүрмөсөн өгч байгаа юм биш. Хөрөнгө оруулагч олж, уурхай
байгуулах тохиолдолд хэлэлцээрээр зохицуулагдана” гэсэн бөгөөд удалгүй
Засгийн газрын хуралдаанаар Асгатын лицензийг "Монголросцветмет”
нэгдэлд шилжүүлэхдээ ямар ч үнэ өртөг, болзолгүйгээр тавиад туучихсан
аж.
Гэхдээ лицензийг авсан
"Монголросцветмет” зүгээр суугаагүй гэх мэдээллийг өгдөг. Тухайлбал,
1996 онд АНУ-ын "АПЕКС Силвер Майнинг” компанитай хамтарсан "Асгат
мөнгө” ХХК, 2004 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улстай хамтарсан
"ЭМ-ЭС Асгат” ХХК зэрэг компаниуд байгуулжээ. Улмаар "АПЕКС Силвер
Майнинг” компани нь Асгатын геологи хайгуулд зарсан 5.0 сая америк
долларыг хүчингүй болгох, Өлгий сумаас Ногооннуур сум хүртэл 110 квт-ын
шугам татаж өгөх зэрэг болзол тавьсан, мөн тус аймагт дэлхийн
стандартад тохирсон технологи байхгүй зэрэг шалтгаануудаас үүдэн үр
дүнтэй ажил болж чадаагүй аж.
Харин
эхэнд өгүүлсэнчлэн Полиметалл компани хэрхэн Асгатад оролцох болсон
талаарх мэдээллийг албаныхан дараах байдлаар тайлбарладаг.
2006
онд ОХУ-ын "Полиметалл” нэгдлээс тавьсан Асгатын мөнгөний ордыг
хамтран ашиглах талаарх саналыг, Засгийн газар хоорондын комиссын
Монгол, Оросын талуудад танилцуулснаар авсан зөвшөөрлийн дагуу хамтарсан
"Асгат Полиметалл” компанийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны
арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байгуулжээ. Гэрээг байгуулахдаа "Мөнгө,
зэсийн холимог хүдэр боловсруулах технологийн туршилтыг ОХУ-ын
байгууллагууд урьд өмнө нь хийж байсан, Хайлуулах үйлдвэр Асгатад барьж
байгуулах хугацаанд хам баяжмалыг худалдан авагч нь тээврийн зай,
өртгөөс шалтгаалан ОХУ-ын металлургийн үйлдвэр байхаас өөр сонголт
үгүй, Энэ ордод хүрэх буюу ашиглахын тулд ОХУ-ын хилээр байнга орж
гарч байх шаардлагатай гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн аж. Гол
нь "Бороо гоулд” "Цайрт минерал”, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудад
гаргасан алдааг давтахгүйн тулд Асгатад зөвхөн баяжуулах үйлдвэр барьж,
баяжмал зөөх төдийхнөөр ажиллахгүй. Юуны түрүүнд баруун бүсийн
томоохон орд газруудын ирээдүйг бодолцож, асуудлыг цогц байдлаар шийдэх
ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байдаг.
Эдгээр
мэдээллүүдээс үзэхэп Асгатыг тойрсон хэд хэдэн компани байгуулагдаж
байжээ. Гэсэн ч өдийг хүртэл эдийн засгийн эргэлтэд орсонгүй. Хүлээлгийн
өрөөнд байсаар байгаа юм.
Э.Болор