Монголын уул уурхайн салбар 100 шахам жилийн түүхтэй. Өнгөрсөн онд 95 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн. Анх Богд хаант Ардын засгийн газраас 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд улс орныхоо нутаг дэвсгэр, газрын хэвлийд байгаа баялгаа нийт ард түмний өмч хэмээн зарлан тунхаглаж, Налайхын уурхайг улсын үйлдвэр болгосон байдаг.Эндээс тус салбарын түүх эхлээд зогсохгүй жил болгон “Уурхайчдын өдөр” –ийг тэмдэглэдэг болсон юм. Хэдийгээр 1910-1915 онд Налайхын нүүрсний ордыг нээн ажиллуулж байсан ч тухайн үед зөвхөн Монголд ирж суурьшсан хятад худалдаачид эзэмшиж байжээ. Тиймээс Монгол Улс баялагтаа эзэн сууж, тус уурхайг төрийн мэдэлд авснаар энэ салбарын түүчээг эхлүүлсэн нь өдгөө хөгжлийнхөө бас нэгэн шинэ үед хүрч ирээд байна. Мөн энэ хүртэл олон алдартан, нэрт эрдэмтэд, уул уурхайн шилдэг инженерүүд тус салбараас төрөн гарчээ. Хамгийн анх 1957 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын зарлигаар Налайхын уурхайн малтагч, бэхлэгч Д.Даваажавт Хөдөлмөрийн баатар цол олгосноос эхлээд өдгөө хэдэн арваар тоологдох баатар, алдар гавьяатнууд, эх оронч зүтгэлтнүүд бий. Тэдний нэгийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог-ийн зочноор урилаа. Энэ хүн бол насаараа ажиллаж ирсэн уул уурхайн салбарыхандаа “Амьд архив”, “Геологийн нэвтэрхий толь” хэмээн хүндлэгдсэн Налайхын уурхайн зөвлөх инженер асан, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн доктор, профессор Ядамсүрэнгийн Гомбосүрэн юм.
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ЗҮТГЭСЭН ХАГАС ЗУУН ЖИЛ
Нийтлэлийн зочинтой уулзахаар гэр рүү нь очих замдаа “Уул уурхайн салбарын нэрийн хуудас болсон эрхмүүд дотор Монголын Геологи уул уурхайн яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурцаас эхлээд олон алдартан байдаг юм байна” даа гэж бодож явав. Учир нь Я.Гомбосүрэн гуай өөрийгөө “Би наран мандах нутгийн зүгийн хүн шүү дээ. Миний төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Халзан сум даа” хэмээсэн юм. Ийнхүү хаалга тогштол хүргэн бэрүүд нь цуглаж, ач зээ нар нь шуугилдсан хөл ихтэй айлд орж явчихав.
Ярианы оршил болгож, бас нийтлэлийнхээ зочныг хөглөж “Танай нутгийнхан ихэвчлэн Хурц, Адъяа, Ухнаа, Моонон гэх нэртэй байх юм. Бас аймгийнх нь сумд сонин нэртэй, Халзан, Онгон гээд” гэвэл Я.Гомбосүрэн гуайн бэр Д.Лхагвасүрэн инээгээд “Тэгэлгүй яахав. Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ч манай нутгаас гаралтай хүн. Яахав нутаг орны онцлог, зан заншилтай холбоотой байх. Бас энхрийлсэн байдлаар өгсөн нь ч бий” гэж байна.
Я.Гомбосүрэн доктор Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Шүүт гэдэг газар 1934 онд төржээ. Сумандаа долдугаар анги, Чойбалсан хотын 10 жилийн сургуульд наймдугаар анги төгсч, Улаанбаатар хотын Аж үйлдвэрийн техникумын уулын ангид орж суралцсанаар Монголын эрдэс, түүхий эдийн салбартай анх холбогджээ. Дараа нь Москвагийн уул уурхайн дээд сургуульд уурхайн барилга, байгууламжийн инженерийн мэргэжил эзэмшжээ. Энэ мэргэжлийг эзэмших болсон нь тухайн үед “Совмонгол метал” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан авга ахтай нь холбоотой. Авга ах нь онц сурдаг дүүгээ уул уурхайн мэргэжлээр суралцахыг санал болгосон тэр аж.
Ийнхүү энэ салбарт мэргэжил эзэмшсэн шинэхэн инженер тэрээр 1959 онд Налайхын их уурхайд инженер, ерөнхий инженерээр ажлын гарааг эхэлж, Аж үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, 1966 онд Аж үйлдвэрийн яамны нүүрс, уул уурхайн салбар эрхэлсэн орлогч сайдаар дэвшинж ажилласан байна. 1971 оноос уул уурхайн салбартаа эрдэм шинжилгээний ажилд хүчээ сорьж, секторын эрхлэгчээс эрдэмтэн нарийн бичгийн дарга хүртэлх албыг хашжээ. 1988 онд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газрын металлургийн хэлтсийн зөвлөх, 1991 онд Москва хотноо докторантур дүүргэж, “Эрдэнэт” үйлдвэрийн Москва болон Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт инженер, 1999 оноос ШУТИС-ийн УУИС-д багш, профессорын багийн ахлагчаар ажиллаж ирсэн бол одоо Эрдмийн зөвлөлийн гишүүн юм.
Эрдэс баялаг, уул уурхайн салбартай ажил, амьдралаа холбосон түүний 53 жилийн замнал, хөдөлмөр зүтгэл нь зөвхөн Монголын геологи, уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй юм. Тухайлбал, түлш, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чиглэлд хийсэн олон арван судалгаа, шинжилгээний бүтээл нь эдийн засгийн эргэлтэд оржээ. Түүнчлэн салбарын удирдах ажилтны хувьд, хойч үеэ бэлтгэх сурган хүмүүжүүлэх чиглэлд түүний оруулсан хувь нэмэр асар их ажээ.Ганц жишээ хэлэхэд, Я.Гомбосүрэн доктор Монголын нүүрсний 10 гаруй ордын ашиглах үндэслэл, өнгөт, үнэт металлын салбарт алт, гянт болд, цагаан тугалга, цайр, хайлуур жонш зэрэг ашигт малтмалын 40 шахам ордын нөөцийн тооцооны жишгийн ашиглалтын ТЭЗҮ, төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Судалгааны ажлууд, тэр дотроос 1972 онд дэд докторын зэрэг хамгаалсан “Монгол Улсад нүүрсний ил уурхайг хөгжүүлэх теникийн болон эдийн засгийн шинжилгээ”, 1991 онд докторын зэрэг хамгаалсан “Ашигт малтмалын бүлэг ордын нөөцийн жишгийн үнэлгээний онол арга зүй” зэрэг бүтээлүүд нь улс орны болоод уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүний Аж үйлдвэрийн яамны орлогч сайд, Монгол Улсын нүүрсний үйлдвэрийн нэгдлийн ерөнхий инженерээр ажиллах үедээ эхлүүлсэн шинэ санааг хэрхэн нутагшуулсан талаар салбарын сайдууд хэрхэн үнэлсэн нь үүнийг гэрчилнэ. Тухайлбал, Уул уурхайн салбарын анхны Төрийн соёрхолт, доктор У.Мавлет “ Налайхын уурхайд иж бүрэн механикжсан төхөөрөмж нэвтэрч, уурхайчдын хүнд хүчир ажил механикчжиж, тэдний ахуй амьдрал эрс дээшилсэн нь доктор, профессор Я.Гомбосүрэнгийн бүр эртнээс бодож төлөвлөж, судалгаа хийсэн ажлын шинэ үр дүн бүрэн биелэлээ олсныг онцлон тэмдэглэе” гэсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаа цагаан дээр хараар дурайж байна. Түүнчлэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат түүний талаар “Я.Гомбосүрэн Монголын уул уурхайн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн. Монголын уул уурхайн салбарын хөгжил, эрдэс баялгийн цогцолборын инженер эрдэмтдийг бэлтгэхэд их хувь нэмэр оруулсан гавьяатай хүн” гэж тодотгосон нь ч бий. Монгол Улсын эрдэс баялгийн судлалаар дагнан ажилласан, энэ салбарын тэргүүлэх эрдэмтний хувьд тэрээр өнөөдөр “Монголын уул уурхайн нэвтэрхий толь”-ийг ангил, монгол хэлээр гаргахаар гардан хийж суугаа нь түүний хэн болохыг, ямар гавьяа байгуулсныг нь тодорхойлчихож буй учир дээр нь элдэв нэмэр хачир илүүц биз ээ.
“БАЙГАЛИЙН ХУУЛЬ ХАТУУ, УИХ-ЫН БАТАЛСАНТАЙ АДИЛГҮЙ”
Ажил хөдөлмөрийн зам, хийсэн бүтээсэн зүйл, уул уурхайн салбарынхаа ололт амжилт, түүхэн хөгжлийн талаар ярихдаа Я.Гомбосүрэн гуайн нүд очтон гэрэлтэнэ. Харин хувийн амьдрал, намтар түүхийг нь сонирхохуй “Бид эхээс олуулаа байсан бололтой юм билээ. Гэвч гурвуулхнаа хамт өссөн. Ах, эгч хоёр маань өндөр насласан. Байгалийн хууль хатуу юм даа. Энэ хууль УИХ-аас баталдагтай адилгүй” гээд нүдэнд нь гуниг тодорсон. Тэрээр айлын отгон хүү. Аав нь О.Пааваа гэж жирийн малчин хүн байж. Харамсалтай нь аав нь эрт бурхан болж, тэрээр нутгийн заншлаар том ахаараа овоглосон гэнэ. Түүний ууган ах Ядамсүрэнгээрээ овоглосон түүх ийм.
“Миний ээж, аавын үед зураг, хөрөг гэж бараг байгаагүй шахуу. Тиймээс хүүхдүүддээ энэ эмээ, өвөө нь юм шүү гээд үзүүлэх юм ховор доо. Харин ээжийнхээ паспортын зургийг харж сийрүүлсэн зураг надад бий. Одоо санахаар би бага сургуульд байхдаа зурж байсан бодогддог гээд нямбайлан жаазалсан зургийг үзүүлэв. Ээжийнхээ зургийг жаал хүү балын харандаагаар хичээнгүйлэн зурсан байлаа.
Ээж нь Ё.Долгор гэж хөдөөгийн эгэл даруухан эмэгтэй эцгээсээ эрт хагацсан өнчин жаахан үрсээ өсгөж, улсдаа нэр төртэй, амжилт бүтээлтэй амьдрах замын эхлэлийг нь тавьсан буянтан юм. Түүний ээж, аавын үед зураг, хөрөг гэж бараг байгаагүй шахам. Тиймээс хүүхдүүддээ “Энэ эмээ, өвөө чинь юм шүү” гээд үзүүлэх юм ховор гэнэ. Харин ээжийнхээ паспортын зургийг харж сийрүүлсэн зураг өөрт нь байдаг аж. Бага сургуульд байхдаа зураг гайгүй зурчихдаг хүү байж. Балын харандаагаар хичээнгүйлэн зурсан ээжийнхээ хөргийг нямбай гэгч жаазалсан нь түүний шүтээн, нэг ёсондоо бурхан нь гэсэн. Харин аавыгаа бурхан болоход дэндүү балчир үлдсэн болохоор дүр төрхийг нь сайн санадаггүй. Гэхдээ сахалтай, нэлээд ширүүн харцтай хүн байсан санагддаг гэнэ. Түүнийг 2-3 настай байхад аав нь нууранд орсныхоо дараа хатгаа авч, тухайн үед эм тариа ховор байсан учраас эмчилгээ хийлгэж чадалгүй хатгаа нь хүндэрснээс бурхан болжээ.
Хүүхдүүд ээж, аавын “толь” хэмээдэг ч амьдралын замд зөв хүн байх, ажил хөдөлмөрийн замд хөлөө олоход нутгийн ахмадуудаас их зүйлийг сурдаг юм хэмээн тэрээр өдгөө хуучилж сууна. Түүний үеийнхэн бага залуудаа ахмадуудаас ихээхэн эмээдэг байж. Ахмадууд ч тэднийг буруу зүйл хийвэл ташуур бариад босоод ирэх энүүхэнд. Тэр ийм л амьдралд хат сууж хүн болжээ. Энэ тухай тэрээр өдгөө “Эргээд бодож байхад хүүхдийг зөвхөн эцэг эх биш багаар хүмүүжүүлдэг байсан юм болов уу даа. Хэдийгээр баг гэдэг үг сүүлийн үед ихээр хэрэглэгдэх болсон ч монголчууд эрт цагаас л багаар ажилладаг байж дээ гэж санадаг юм. Ээж маань бидний багад “Айл хүний амь нэг, саахал хүний санаа нэг” гэж сургадаг байлаа. Зөвхөн ээж, аав, ах дүүгээ хүндэтгэхээс гадна нутгийн ахмадуудынхаа үгийг их сонсоно. Ер нь тэр үеийнхэн баргийн зүйлийг тоохгүй, биедээ их л хүндэтгэлтэй ханддаг байсан юм. Одоо бол цаг өөр болжээ. Байдал эвгүйдвэл цагдаа, шүүх гэх болсонд эмзэглэж явдаг даа” хэмээн хуучилж сууна.
ХҮҮХДҮҮДЭЭ ЭРДЭМ НОМТОЙ ХҮН БОЛГОХЫГ ЗОРЬЖЭЭ
Шинэ он гарахаас урьтаж аавындаа цугласан хүүхдүүд ширээ тойрон сууж байгаад хөөрөлдөв.
Я.Гомбосүрэн гуайн эхнэрийг Д.Долгорсүрэн гэдэг байжээ. 1956 онд танилцан айл гэр болж таван хүүхдийн эцэг эх болсон байна. Дөрвөн хүү, ганц охиноо тухайн цаг үеийн жишгээр өсгөж, хүмүүжүүлжээ. Ээж нь хүүхдүүдээ төлөвшүүлж, аав нь ном эрдэмд шамдахад сургасан байна. Тэгвэл “Архи ууж болохгүй” хэмээдэг аавын захиас, гэрсэг байхыг сургасан ээжийн сургааль өдгөө хүүхдүүдийнх нь гол “философи” гэнэ. Өдгөө хүүхдүүддээ хүнлэг, гэр бүлсэг байхыг сургасан ээжийнх нь сургаалийг ач, зээ нарт нь зааж сургасаар байгаагаа бэр Д.Лхагвасүрэн ярьж байв.
Я.Гомбосүрэн гуайн том хүүг Г.Зургаадай гэдэг. Өдгөө гэр бүлийнхээ хамтаар Германд ажиллаж, амьдарч буй. Удаах хүү Г.Заяат нь ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хот дахь Ерөнхий консулын газрын визний ажилтнаар ажилладаг байжээ. Одоо эх орондоо гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг бөгөөд “АНУ-Биндэряа” компанийн захирлын албыг хашдаг. Харин ууган охин Г.Ган-Өлзий эмч мэргэжилтэй, өдгөө Германд ажиллаж амьдардаг. Дунд хүү Г.Азат нь мэс заслын эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит III эмнэлэгт ажилладаг байсныг ах, дүү нар нь дурсав. Харин отгон хүү Г.Тайван “АНУ-Биндэряа” компанийн ерөнхий захирлаар ажилладаг юм байна.
Я.Гомбсүрэнгийн хүүхдүүдийн багын зураг. Том хүү Г.Зургаадай, удаах хүү Г.Заяат, ууган охин Г.Ган-Өлзий, дунд хүү Г.Азат, отгон хүү Г.Тайван нар.
Тэрээр миний амьдралын түүх гэхээсээ илүү Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил, цаашид хэрхэх тухай ярих нь зохимжтой санагдаж байна гээд “Сэтгүүлч алсаас яриагаа эхэлж байх шиг байна” гээд инээж суусан. Салбарынхаа талаар ярьж суухдаа тэрээр сүрхий гэгч нь гүн санаа алдсан нь 1990 оны ардчилсан хуьсгалын их давалгаанд Налайхын их уурхай хаалгаа барьж, уурхайчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн нь түүний эмзэглэж явдаг асуудлын нэг юм байна. “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны гамшиг хойноосоо экологийн “мөлхөө” хямралыг дагуулсан юм шүү” хэмээсэн нь энэ тухайд сэтгэл дундуур явдгийнх нь илрэл байв. Ер нь бол ажлын байргүй, мэргэжилгүй орхигдсон Налайхын иргэд хүрз барьж нүүрсний гарц илэрцүүд, ухаш, хонгилоор гар аргаар нүүрс малтан олборлож эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байгаа нь эрсдэлтэй, хууль бус үйл ажиллагаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбарыг үл бүтэх байдлаар нийгэмд харуулж буйтай санал нийлэхгүй хүн байхгүй биз ээ.
“Миний тухай гэхээс илүүтэй уул уурхайн салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ. Яагаад гацаанд орчихов. Яагаад хүмүүс энэ салбарыг болохгүй гэж хүлээж авдаг болов гээд яривал хүмүүст ихээхэн хэрэгтэй байх болов уу гэж санаж байна хүүхээ” хэмээн хэдэнтээ сануулж байсан ч “Амьдралын тойрог”-ийн хойморт урьсан зочныхоо амьдралын хүрдийг чадан ядан эргүүлсэн минь энэ хүрээд өндөрлөсөн юм. Хүүхдүүд нь тэднийд гэр бүлээрээ цугласан нь ч учиртай, удахгүй “Гэр бүлийн хурал”-тай гээд багачуудыг нэг өрөөнд оруулаад тоглоом, наадмыг нь өг, унтах нь ч унтаг гэсэн үүргийг Я.Гомбосүрэн гуай ярианы завсраар хүүхдүүддээ өгч байсан юм. Монголын уул уурхайн салбартай хагас зуун жилийн амьдралаа холбосон ахмад инженер, доктор, профессор өдгөө салбарынхаа мэргэжлийн толь бичгийг эмхэтгэн гаргах их ажилд ханцуй шамлан орсныг энэ дашрамд дуулгая. Монгол-Орос-Англи хэлээр гарах уул уурхайн мэргэжлийн толь бичиг удахгүй энэ салбарынхан төдийгүй монголчуудын гар дээр очих юм байна. Оюуны их хөдөлмөрт нь амжилт хүсэхийн ялдамд эрүүл энхийг ерөөе.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин