Дэлхийн нийт автомашины тоо ойрын ирээдүйд 90 хувиар цөөрч магадгүй гэж судлаачид таамаглаж байна. Ирээдүйд хүн бүр автомашин эзэмшихээ больж, гэртээ жолоочгүй автомашиныг дуудлагаар авчраад зорьсон газартаа хүрдэг болж магадгүй ээ. Каршеринг буюу гишүүнчлэлтэй машин түрээслэх үйлчилгээ зэрэг хамтран ашиглах хэлбэрүүд өргөжин тэлэх төлөвтэй. Харин энэ бүхний улмаас хэдэн зуун мянган хүн ажилгүй болно гэж Оросын түүхч, олон улсын харилцаа судлаач Дмитрий Добров дүгнэн бичсэнийг орчуулан хүргэе
Зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг “Аликс партнерс” (AlixPartners) гэдэг Америкийн нэгэн компаниас бэлтгэн гаргасан илтгэлд дурдсаныг үзвэл, дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарт хямрал нэгэнт нүүрлэчихээд байгаа ажээ. Хятад, АНУ, Европ гэсэн хамгийн том гурван зах зээлд анх удаагаа борлуулалт буурсан байна. Дэлхий хамгийн том зах зээл болох Хятадад гэхэд борлуулалтын хэмжээ 2017 онтой харьцуулахад 6 хувиар багасчээ. Энэ оны эхний улиралд гэхэд дэлхийн даяар автомашины борлуулалт 5,5 хувиар буурсан бөгөөд энэ бууралт нь юуны түрүүнд «Даймлер», “Фольксваген”, “Женерал моторс”, “Форд” гэсэн 4 том концернийн автомашинуудад хамаатай юм.
Ялангуяа Герман улсад хямралын шинж тэмдгүүд хамгийн тод илэрч байна. 2018 онд борлуулалт шууд 10 хувиар унасан бол энэ оны 2 дугаар улиралд 13,4 хувиар буурчээ. Германы шинжээч Штефан Братцелийн үзэж байгаагаар, уг хандлагыг өөрчлөх нь маш хэцүү бөгөөд хямрал наад зах нь хэдэн жилийн турш үргэлжлэх аж. Өөр нэгэн шинжээч Фернинанд Дуденхёфер-ын таамагласнаар, ойрын 5-10 жил бол тус салбарын хувьд анх автомашиныг зохион бүтээснээс хойш тохиож буй хамгийн хүнд бэрх үе байх ажээ. Компаниуд хоорондоо нэгдэх, бие биенийгээ уусган нэгтгэх, дампууран хаагдах зэрэг олон үзэгдэл ирээдүйд болох нь.
Хямралын гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын өдөөсөн худалдааны ба хоригийн дайнууд, мөн Брексит мөн гэж Дуденхёфер дүгнэж байна. Бусад шинжээчдийн хувьд, үндсэн шалтгаан нь Хятадын эдийн засгийн удаашралтай холбоотой бөгөөд учир нь дэлхий даяар үйлдвэрлэж буй автомашинуудын ¼-ээс илүү хувь нь тус улсад ногдож байгаа аж.
Австрийн “Штандарт” /Der Standard/ сонин автомашин үйлдвэрлэгчдэд дарамт болж буй хоёр хүчин зүйлийг онцлон дурдсан байна. Юуны түрүүнд, ямар шинэ технологиудыг сонгох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа явдал. Шинэ технологи нэвтрүүлэх нь асар их хөрөнгө оруулалт шаардах ба эрсдэл ихтэй гэдэг нь “Тесла” гэдэг цахилгаан автомашиныг үйлдвэрлэхэд тулгарч буй бэрхшээлүүдээс харагдаж байна. Хоёрдугаарт, дэлхий даяар үйлдвэрлэл буурч байгаа явдал. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, автомашины борлуулалт дэлхийн хэмжээнд энэ онд 5 хувиар унаж, 25 саяас илүүгүй автомашин борлогдох төлөвтэй байгаа нь 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад 2 саяар цөөн гэсэн үг. Эл хандлага 2023 он хүртэл үргэлжлэх бололтой.
Европ болон АНУ-д ч мөн адил байдал сайнгүй байна. Дэлхий даяар борлуулалт буурсан нь цахилгаан автомашинд асар их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж буй концернуудын орлогод нөлөөлж эхэллээ. Үүн дээр экологийн маш хатуу шаардлагууд нэрмээс болж байна. Шинжээчдийн тооцоолсноор, ойрын 5 жилийн хугацаанд дэлхий даяар шинэ технологид оруулах хөрөнгийн хэмжээ 240 тэрбум еврод хүрэх ба энэ мөнгөний 80 хувь нь автомашиныг “цахилгаанжуулах”-ад зарцуулагдах гэнэ. Ингээд 2021 он гэхэд шинэ загварын 30 гаруй цахилгаан автомашиныг үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа боловч тэдгээр машинууд зах зээлд амжилттай борлогдоно гэсэн ямар ч баталгаа байхгүй.
Сонгодог загварын автомашинуудын борлуулалт буурсан нь тухайн салбарт бүтцийн өөрчлөлт хийхээс аргагүйд хүргэжээ. Сүүлийн 3-хан жилийн хугацаанд дэлхий даяар 16 үйлдвэр хаагдаж, 120 мянга гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд орсон байна. Эл хандлага улам даамжирч, Америкийн “Форд” компани 2020 он гэхэд Европ дахь 6 үйлдвэрээ хааж, 12 мянган ажлын байрыг цомхотгоно гэдгээ мэдэгджээ. Тус компани ширүүн өрсөлдөөнд тэсч үлдэх, техникийн шинэчлэл хийхийн тулд 11 тэрбум доллар хэмнэхээр төлөвлөж байгаа аж.
Европ тивийнхний хувьд дизель хөдөлгүүрээс татгалзахаар болж байгаа нь ноцтой асуудал дагуулж байна. АНУ-аас ялгаатай нь гэвэл тус тивд дизель хөдөлгүүртэй автомашин асар олон бий. Европын Холбоон дахь нөлөө бүхий хүмүүс 2030 он гэхэд дизель автомашинуудыг бүрэн хориглох санал дэвшүүлж байна. Энэ нь хэрэглэгчдийн орлогод маш хүнд цохилт болох нь. Тодруулбал, 2012 онд Францад явж байсан 10 автомашины 7 нь дизель хөдөлгүүртэй байсан бол одоо 34 хувь болж цөөрчээ. Дизель машиныг ашиглалтаас бүрэн гаргаваас олон арван мянган хүн ажилгүй болж, олон үйлдвэр, засвар үйлчилгээний төвүүд хаагдах аюул нүүрлэж байна. Үйлдвэрүүдийг шинэчлэн тоноглоход хэдэн тэрбум евро шаардагдах бөгөөд уг зардлыг автоконцернууд нуруундаа үүрэх нь. Гэтэл Германы автомашин үйлдвэрлэлийн салбар гэхэд хэд хэдэн удаагийн “дизелийн дуулиан”-аас хойш сэхэл авч чадахгүй байгаа билээ.
Германы “Фольксваген”, “Ауди”, “Мерседес-бенц” загварын автомашинуудын борлуулалт дэлхий даяар буурч байгаа бол Франц-Японы хамтарсан “Рено-Ниссан” концернийн захирал Карлос Гон-ыг баривчилсны дараа тус компанийн ашиг 64 хувиар багасч, одоо 10 мянган ажилтнаа халахаар зэхэж байна. Германы автомашины үйлдвэрүүдийг шинэчлэн тоноглохын тулд маш хатуу хэмнэлтийн бодлого явуулж, олон мянган ажлын байрыг цомхотгох шаардлагатай болжээ. Жишээ нь, BMW концерн гэхэд ойрын 4 жилийн хугацаанд 12 тэрбум евро хэмнэхээр төлөвлөсөн гэх мэт.
Nissan-Renault
Одоо тулгамдаж буй асуудал бол компаниуд хоорондоо нэгдэх, ашиггүй ажиллаж буй үйлдвэрүүдийг хаах явдал юм. Энэ үйл явц аль хэдийнээ эхэлчихсэн бөгөөд Германы ВМW, Их Британийн “Ягуар-Лэнд ровер” хоёр аажмаар үе шаттайгаар нэгдэж байна. Хоёр компани хамтран шинэ загварын цахилгаан мотор, шинэчилсэн бензин ба дизель хөдөлгүүрүүдийг зохион бүтээж байгаа ажээ. Энэхүү хамтын ажиллагаа нь шинэ хандлага бий болсныг харуулж байна. Урьд нь хоорондоо өрсөлдөж байсан компаниуд ноу-хау, технологийн шинэ шугам бий болгоход хамтран хөрөнгө оруулж байгаа нь энэ юм. Учир нь, нэг компани үйлдвэрлэлийн шугамаа бие даан шинэчлэн тоноглож хүчрэхгүй билээ.
“Фольскваген”, “Форд” хоёр ч мөн адил дээрх хэлбэрээр хамтран ажиллаж, шинэ загварын цахилгаан автомашин ба жолоочгүй автомашин зохион бүтээж байна. Хамтарсан төслийн өртөг хэдэн тэрбум доллароор хэмжигдэнэ. Францын “Пежо” концерн 2017 онд “Опель”-ийг худалдан авснаар жилийн ашиг нь 40 хувиар өссөн нь компаниуд нэгдсэнээр үр дүнд болохыг харууллаа.
Хэвлэлийнхэн, экологичид болон лоббичдын “зүтгэл чармайлтаар” дизель хөдөлгүүрийн “нэр хүнд” унасан боловч цахилгаан автомашинд шилжих үйл явц удаашралтай хэвээр байна. Ийм төрлийн автомашин нь өндөр үнэтэйгээс гадна өдөр тутмын хэрэглээнд тохиромж муутай аж. Жолоочгүй автомашин зохион бүтээх туршилтууд тэр бүр амжилттай болохгүй байна. Цахилгаан автомашин үйлдвэрлэнэ гэдэг бол хөдөлмөрийн зах зээлд хүнд цохилт өгнө гэсэн үг. Ийм төрлийн автомашиныг угсрахад ердийн автомашиныг бодвол цөөн тооны эд анги шаардлагатай байдаг учраас ажилчдын тоо шууд 30 хувиар цөөрөх гэнэ. Жишээ нь, 2030 онд Германд дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох үед 620 мянган хүн ажилгүй болох төлөвтэй байна.
Энэ бүхэн бол дэлхий даяар ажиглагдаж буй хандлага болой. Ирээдүйд хүн бүр автомашин эзэмшихээ больж, гэртээ жолоочгүй автомашиныг дуудлагаар авчраад зорьсон газартаа хүрдэг болж ч магадгүй. Каршеринг буюу гишүүнчлэлтэй машин түрээслэх үйлчилгээ зэрэг хамтран ашиглах хэлбэрүүд өргөжин тэлэх болов уу. Үүнээс шалтгаалан дэлхий дээрх автомашины тоо 90 хувиар цөөрнө гэсэн таамаглалыг Мюнхений Техникийн их сургуулийн судлаачид дэвшүүлжээ.
Орчуулсан Б.Адъяахүү