Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Боковагаас өчигдөр хүлээн авлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол үндэстний өв соёлыг хадгалан хамгаалах, сурталчилан таниулах үүднээс Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж, Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тухай гаргасан нь ийнхүү бодит ажил хэрэг болж байна.
Батламж бичиг хүлээн авах ёслолын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Боковатай хоёр талын уулзалт хийж, түүнд "Алтангадас” одон гардуулан, ЮНЕСКО-гийн Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.