
Тэгвэл энэ удаагийн Абу Дабигийн гараанд "Мерседес” багийн Герман нисгэгч Нико Росберг 1 цаг 38 минута 30.175 сек-н амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Түүний араас багийн анд, Дэлхийн аваргын болзол хангаад байсан Л.Хэмилтон 8.271 сек-н алдагдалтайгаар дэд байранд орсон бол гуравдугаар байранд "Феррари” багийн Финланд нисгэгч К.Райконнен орсон байна. Уралдаан эхлэхээс өмнө тестийн гараа болон байрлал тогтоох уралдаанд "Мерседес” багийн нисгэгчид хурдан байсан. Ялангуяа Н.Росберг Абу Дабид тун өнгөтэй байж пол позишноос уралдааныг эхлүүлэх болоод байсан. Герман нисгэгч ийнхүү сүүлийн 6 гараа дарааллан уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх эрхтэй болсон бол мөн сүүлийн 3 гараанд дарааллан түрүүлээд байна. Аустины гранприд тэргүүн байр эзлэн Дэлхийн аварга болох болзлоо хангаад байсан Л.Хэмилтон сүүлийн 3 гараанд дэд байранд орж байна. Тэгвэл энэ оны хамгийн сүүлийн гараанд "Феррари” багийн нисгэгч, Дэлхийн 4 удаагийн аварга С.Феттел гайхалтай уралдаан үзүүллээ. Тэр байрлал тогтоох уралдаанд 15-р байранд ороод байсан ч уралдааныг 4-р байраар өндөрлүүлжээ.
Ийнхүү
өнгөрсөн 3-р сарын 15-нд Австралийн гранпригаар эхлэж байсан 2015 оны
Формула-1 уралдаан 19 гараа зохиогдон дүнгээ гаргалаа. Энэ оны
Формула-1-н гранпри Австрали тивд 1 гараа, Азид 6 гараа, Европт 8 гараа,
Хойд Америкт 3 гараа, Өмнөд Америкт 1 гараа зохиогдсон байна. Нийт 19
гараанд 11 гараанд Л.Хэмилтон, 7 гараанд Н.Росберг, 1 гараанд С.Феттел
нар пол позишн хийсэн бол Л.Хэмилтон 10, Н.Росберг 6, С.Феттел 3 гараанд
тус тус тэргүүлсэн байна. Нийт 10 баг оролцсон энэ оны Формула-1
уралдаанд "Мерседес” баг өнгөрсөн жилийн амжилтаа давтаж, хоёр жил
дарааллан Дэлхийн аварга цолыг хүртсэн бол багийн нисгэгч Л.Хэмилтон мөн
хоёр жил дарааллан Дэлхийн аварга цолыг хүртэж байна. Тэгвэл өнгөрсөн
жил тун хангалтгүй уралдсан Италийн Феррари баг шинээр ирсэн Герман
нисгэгч С.Феттелийн ачаар 2-р байранд орж байна. Харин энэ онд хоёр ч
Дэлхийн аваргыг эгнээндээ нэгтгээд байсан "МакЛарен” баг тун хангалтгүй
уралдаж 19 гарааны 5 гараанд л онооны бүсэд багтсан байна. Уг нь
"МакЛарен” багт Дэлхийн хошой аварга Ф.Алонсо, 2009 оны Дэлхийн аварга
Ж.Баттон нар байгаа. Гэвч тэд энэ жил тун хангалтгүй уралдаан үзүүлжээ.
Энэ жил "Мерседес” багтай "Феррари”, "Уильямс”, "МакЛарен” болон "Ред
Булл” багуудыг хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж үзэж байсан. Гэвч "Мерседес”
баг бусдаасаа илүү хурдан байлаа. Харин энэ оны Дэлхийн аваргад анх
удаагаа уралдсан "Торо Россо” багийн 18 настай Нидерланд залуу Макс
Верстаппен нээлт боллоо. 18 настай Нидерланд залуу 19 гарааны 10 гараанд
нь онооны бүсэд багтаж, "Торо Россо” багийг 7-р байранд ороход гол
үүрэг гүйцэтгэсэн. Энэ жил 18 настай Нидерланд залуу ирэх жил илүү
туршлагажиж, хүчтэй өрсөлдөөн үзүүлэхийг үгүйсгэхгүй юм.
Нисгэгчид нийлбэр дүнгээр:
- Л.Хэмилтон 381 оноо (Мерседес баг)
- Н.Росберг 322 оноо (Мерседес баг)
- С.Феттел 278 оноо (Феррари баг)
- К.Райконнен 150 оноо (Феррари баг)
- В.Боттас 136 оноо (Уильямс баг)
- Ф.Масса 121 оноо (Уильямс баг)
- Д.Квят 95 оноо (Ред Булл Рено баг)
- Д.Риккардо 92 оноо (Ред Булл Рено баг)
- С.Перез 78 оноо (Форс Индиа баг)
- Н.Халкенберг 58 оноо (Форс Индиа баг)
- Р.Грожен 51 оноо (Лотус баг)
- М.Верстаппен 49 оноо (Торо Росс баг)
- Ф.Наср 27 оноо (Саубер баг)
- П.Малдонадо 27 оноо (Лотус баг)
- К.Сайнз 18 ноо (Торо Росс баг)
- Ж.Баттон 16 оноо (МакЛарен баг)
- Ф.Алонсо 11 оноо (МакЛарен баг)
- М.Эриксон 9 оноо (Саубер баг)
- Р.Мерхи 0 оноо (Маруссиа баг)
- В.Стивенс 0 оноо (Маруссиа баг)
Багууд нийлбэр дүнгээр:
- Мерседес баг 703 оноо (Герман)
- Феррари баг 428 оноо (Итали)
- Уильямс баг 257 оноо (Их Британи)
- Ред Булл Рено баг 187 оноо (Австри)
- Форс Индиа баг 136 оноо (Энэтхэг)
- Лотус баг 78 оноо (Их Британи)
- Торо Россо баг 67 оноо (Итали)
- Саубер баг 36 оноо (Швейцар)
- МакЛарен баг 27 оноо (Их Британи)
- Маруссиа 0 оноо (Их Британи)
Ийнхүү хурд, хүчний гайхамшиг болсон Формула-1 уралдааны 2015 оны гараа дүнгээ гаргалаа. Ирэх жилийн ДАШТ 2016 оны 3 сарын 20-нд Австралийн гранпригээр эхэлнэ. Мөн ирэх жил Малайз улсын "Хаас” баг шинээр уралдах бол хоёр гараа ирэх оны календарт нэмэгдэж байна. Германы гараа энэ онд зохиогдоогүй бол ирэх онд эргэн ирж байгаа бол хуучин Европын гараа нэртэй байсан Европын гараа Бакугийн гараа нэрийн дор эргэн ирж байна.
ssport.mn
Сэтгэгдэл