Өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарласан. Тэгвэл тэдгээр нэр дэвшигчдээс Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ц.Анандбазар, Х.Нямбаатар, Д.Өнөрболор гэх таван хүнийг онцолж байна.
Дээрх таван хүнээс хамгийн өндөр орлоготой нь “Сөүл” группын захирал Д.Өнөрболор юм байна. Түүний жилийн нийт орлого 853 сая төгрөг. Мөн тэрбээр 18 тэрбум төгрөгийн үнэ бүхий 12 орон сууц болон бусад эзэмшлийн газартай нэгэн аж. Мэдээж улс төрөөс ангид, цэвэр өөрийн хөдөлмөрөөр бизнес эрхэлж, өдий зэрэгтэй яваа түүнд хөрөнгөө нуух ямар шалтгаан байх билээ. Харин дээрх бусад дөрвөн эрхэм хөрөнгөө бичих гэж залхуурсан уу, эсвэл нууцалмаар санагдсан уу? Юутай ч уншигч танд харуулж, тайлбарлая.
“МАК-ийн хүү” Н.Номтойбаяр
Хэзээнээсээ л “би мөнгөтэй аавын хүү” гэж хэвлэлээр сайрхаж ярьдаг Н.Номтойбаяр гэх эрхэм ХОМ-ын мэдүүлэгтээ өөрийгөө нэг ширхэг компанигүй, хувьцаа ч үгүй, жилдээ ердөө 26 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Гэр бүлийн гишүүн нь ямар ч орлогогүй. Нөгөө 30 гэр бүлд багтаад байсан эрхэм чинь дундаж амьдралтай нэгэн болж таарч байгаа биз.
Сардаа дунджаар хоёр сая төгрөгийн орлоготой Н.Номтойбаяр үүнийгээ 200, 300 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэхүйц машин хөлөглөж, тэрбумын өртөгтэй байранд амьдардаг гэж байгаа.
Тодруулбал, Н.Номтойбаяр ХОМ-доо нийтийн нэг орон сууцтай, үйлчилгээний зориулалтын бас нэг барилгатай гэж мэдүүлжээ. Энэ хоёрын үнэлгээ 1 тэрбум 543 сая төгрөг. Мөн Mercedes Benz,G 55 AMG- 1,Mercedes Benz,G 55 AMG- 1,Mercedes Benz,G 300- 1 гэх гурван машинтай. Эдгээрийн үнэлгээ 413 сая төгрөг. Сонирхолтой байгаа биз.
Тэрбээр яг шидтэн шиг ажээ. хоёр сая төгрөгөөр тэрбумтан шиг амьдарч байна. Уг нь бол эрхэм гишүүний жилийн орлогоороо эдгээр машиныг авах нь байтугай тэрбумын өртөгтэй байрныхаа жилийн урсгал зардлыг төлж дийлэхээргүй харагдаж байгаа биз.
“Содмонгол”-ын Ц.Анандбазар
Энэ хүний ХОМ-ыг харвал түүнд нэг ширхэг орон сууц байтугай бүр машин ч алга. Хаана, яаж толгой хорогддог юм бол доо зайлуул. Газрын тос импортлогч компаниар зогсохгүй өөр бусад 9 компанийн эзэн өөртөө ганц машин, байр авчих чадалгүй байна гэдэг юу л бол.
Гэхдээ үнэхээр байр, машингүй бол яах вэ? Тэгвэл ёстой юуны чинь сонгууль. Намын нөхөд нь хандив цуглуулж энэ хүнээ нэг өрөө байр, хөл дүүжлэх унаа авч өгмөөрсөн. Харин яагаад банканд 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн сардаа дунджаар 26 сая төгрөгийн орлоготой вэ гэдэг сонин. Мэдээж Ц.Анандбазар энэхүү мэдүүлгээ бичих гэж "халтуурдсан" нь лавтай.
Ц.Нямдорж ба Х.Нямбаатар
Монголын улс төрд бараг 20 жил шахам хугацаанд Хууль зүйн сайд хийсэн Ц.Нямдорж гэх хүн 150 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, зуслангийн байшин гэж мэдүүлснээс өөр юу ч алга. Түүний хэлж байсан шиг “хоёр амбаар” нэртэй хаус нь ч энэ мэдүүлэг дотор алга.
Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн хувьдаа 100 хувийн эзэмшлийн “Хамаг Монгол” гэх барилгын компанитайгаас гадна "Старкатеринг"" ХХК, "Бестдрилинг" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" зэрэг компанийн хувьцааг эзэмшдэг. Гэтэл энэ хүний жилийн орлого нь 26 сая төгрөг юм гэнэ. Өөрөөр хэлбэл, сард дунджаар хоёр сая төгрөг гэсэн үг. Бүхэл бүтэн барилгын компани эзэмшигч тэрбээр сард түүнээсээ ийм бага хэмжээний ашиг хүртдэг гэвэл мөн л эргэлзээтэй.
Эцэст нь дүгнэхэд дээрх нэр дэвшигчдээс Д.Өнөрболор шиг өөрийнхөө ХОМ-ыг чин шударгаар мэдүүлчих хүн байсангүй.
Монголын дараагийн дөрвөн жилийг тодорхойлолцох хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлгээ ард иргэддээ ил тодоор зарлах ёстой. Гэвч энэ мэтээр бодит байдалд огт нийцээгүй зүйл гаргаж тавиад, нүглийн нүдийг гурилаар хуураад байвал бидний цаашдын дөрвөн жил ямар байх нь ойлгомжтой. Тиймээс зарим нэр дэвшигчийн ХОМ-ыг Сонгуулийн ерөнхий хороо анхаарч, худал мэдүүлсэн нэр дэвшигчдийн нэрийг татдаг баймаар байна.
Г.Тэмүүлэн
Эх сурвалж: Өнөөдөр сонин