Богд уул бол дэлхийн хамгийн анхны дархан цаазтай бус нутаг төдийгүй тусгай хамгаалалттай газар. Тусгай хамгаалалттай газрыг хувьдаа эзэмшихийг хориглодог бөгөөд зөвхөн 5 жилийн хугацаатайгаар, аялал жуулчлалын зориулалтаар түр буудаллах байр барихыг зөвшөөрдөг. Мөн энэ хугацааг нэг л удаа дахин 5 жилээр сунгах боломжтой. Гэтэл Шадар сайд С.Амарсайхан хууль зөрчин, өөрийн мэдэл бүхий амины орон сууцыг дархан цаазат Богд уулын энгэрт барьж, гэр бүлийнхэнтэйгээ амьдарсаар байна. Хуульд тусгай хамгаалалттай газар орон сууц барьж, үл хөдлөхийн гэрчилгээ олгохыг хориглодог ч эрхэм шадар сайд нарын "томчуудад" үйлчилдэггүйн нэгэн жишээ энэ.
Г.Шийлэгдамба БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үед “Юко” гэх компанид 4 га газрыг анх аялал жуулчлалын зориулалтаар олгож байсан. Харин 2022 онд Юко ХХК “газрынхаа хэмжээг багасгая” хэмээн гайхмаар хүсэлт гаргасны дагуу БОАЖЯ-аас 4 га газрыг нь 1 га болтол хасжээ. Харин энэхүү 1 га газар дээр одоогийн Шадар сайд С.Амарсайханы хаус боссон аж. Түүнчлэн С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын мэдлийн “Зүүнбаян рефайнери” компани эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,6891 га талбайн туулийн бургасан ойг сүйтгэсэн хэрэг саяхан. Уг компанийн тухайн үеийн үйл явдалд, Хотын даргын алба хашиж байсан С.Амарсайхныг хамаатуулсан мэдээлэл цацагдаж байв. Тухайн үед Шатар сайд С.Амарсайхан БОАЖ-ын сайдаас газар эзэмших эрхийг цуцалж байж асуудал тэрхэн зуур намжиж байсан. Гэвч энэ бүхэн худал хуурмаг гэдгийг батлах нэг зүйл гарсан нь тухайн компанийн газар эзэмших А/26 тоот тушаал гарснаар дахин 5 жилээр сунгасанд байгаа юм.
Тэгвэл газар эзэмших зөвшөөрлийн хугацаа энэ оны буюу 2023 оны наймдугаар сард дуусгавар болж байгаа. Тухайн үеийн С.Амарсайхны ард түмнийг хулхидсан попролт асуудлыг хэдийгээр намжааж байсан ч, газрын зөвшөөрлийг сунгасан явдал нь шадар сайдын хэр худалч болохыг харуулж байгаа хэрэг. Төрсөн ахтайгаа нийлж туулын бургасыг хядаж, өөрөө Богд уулын дархан цаазат газар тансаг зэрэглэлийн хаусаа барьж амьдарч байгаа түүний нэр нүүр үүгээр ч дуусахгүй. Ардын хүүхдийн боломжийг хулгайлж, боловсролын зээлийн сангаас санхүүжилт авч хүүхдээ гадаадад сургасан явдлаас өгсүүлээд С.Амарсайхны хуульгүй явдал хэрээс хэтэрсээр.
Туулын бургасын олноор нь хядаж, байгаль орчинд онц ноцтой аюул учруулж байгаа С.Амарсайхны болон түүний ахын үйлдлийг өөхшүүлж байгаа Байгаль орчны сайд ч үүнд буруутай. Туул гол ч тэр Богд уул ч тэр хэнбугай ч байгаль орчинд дархан эрхээ тогтоож, даварч болохгүй.
Гэтэл хуулиар хориглосон газарт хууль санаачлагч нар нь өөрсдөө тансаг хаус, үйлчилгээний төв барьж зэрэг зиндаагаа харуулах ёсгүй. Төрийн шийдвэрийг уландаа гишгэлж, төр түмэндээ ширэн нүүрээ улалзуулах нь улс төрч, хүнээс гарах ухаан ёс зүй мөн үү Шадар сайд аа...