УИХ-ын гишүүний төлөөлөх боломж ба чадавхийн асуудалд
УИХ нь төлөөлөх шинж, байдлаараа бол агшаасан, тунгаасан Монгол улс, Монголын нийгэм, Монгол орон мэт байх ёстой. Сүүлийн 23 жилийн жишээ, баримтаас үзэхэд УИХ-ын хэмжээ, бүрэлдэхүүн, бүтэц тун олон янз байжээ.
1992 оны эхэнд төлөөлөгч, депутатуудын тоо 420-д хүрч, бараг л жалга, дов бүхнээс төлөөлөгч сонгогдон ирж байв. Тэгэхдээ аймаг нэг бүрийн хувьд депутатууд нь ахлах, захлах хүнтэй, дагаж дууриах тэргүүнтэй, гаргах шийдвэрт чанар нэмэх ч хүнтэй, товчилж хэлэх аваас бүх талаараа үхрийн бөөр шиг алаг, парламентын гишүүний түвшин, зиндааны хувьд бол ихэнх нь тун ч жолдохоор, ёстой л “эсгий хийх газар нохойны хэрэггүй” гэдэг үгийг өөрийн эрхгүй хэлүүлчихээр тийм бүрэлдэхүүн, бүтэцтэй байсан юм. Тоо нь ч тун олон, олныхоо хэрээр чанар нь ч тун муу, овооны наадмын оролцогчид шиг л харагдахаар хүмүүс байлаа. Бүтэн хоёр сарын туршид тэдний чуулахыг харж, сонсож, судалж суухад энэ шинж, байдал нь огтхон ч өөрчлөгдөхгүй байсаар чуулган өндөрлөсөн юм. “Нэг голын усанд хоёр орж болдоггүй” хэмээх үгийн утга худлаа ч юм шиг санагдаж байж билээ...
1992 оны эцсээс УИХ-ын гишүүдийн тоо шинэ үндсэн хуулийн дагуу цөөрч 76 болсон хэдий ч эгнээний нь чанаржилтын түвшин бараг л өмнөх байдалдаа үлдсэн юм. Харин нэгэн шинэ шинж ихэд тодрон гарсан нь тэр үеийн Монголын төв төр бараг л дан ганц улаанбаатарчуудаас бүрдэх болсон явдал билээ. Чингэж нэг болохлоор дов жалга болгоноос төлөөлөл орж ирдэг, нөгөө болохлоор зөвхөн “Нийслэл хүү, охид” Монгол орныг хот, хөдөөгүй, говь хангайгүй дагнан төлөөлдөг сонин туйлшрал ажиглагдлаа.
Зөв жишиг, жишээ бол Увс аймгийн оршин суугчдыг Увсад амьдардаг нэг иргэн, Дорноговь аймгийн сонгогчдыг мөн тус аймагт амьдардаг нэг иргэн төлөөлөх ёстой билээ. Дэлхийн бараг бүх орны жишиг ийм юм. Вашингтон хотод амьдардаг америк эр Нью-Иорк хотын сонгуулийн тойргоос Конгресст нэрээ дэвшүүлж өрсөлдье гэвээс заавалчгүй Нью-Иорк хотод шилжин суурьшаад тэнд 2-3 жил ажиллаж амьдарч байж дараа нь тэндэхийн сонгуулийн тойрогт нэрээ дэвшүүлэх ёстой болдог.
Дүрсэлж хэлэх аваас далайгаас далайн амьтан, говиос говийн амьтан, намгаас намгийн амьтан төлөөлөн ирж байж газар газрын амьтны төлөөлөгчдийн хурлын танхимд чуулах нь зөв шийдэл байдаг ажээ. Гэтэл Монголд энэнийг үл хэрэгсжээ. Эсвэл Монголд энэнийг мэддэггүй ажээ. Говь, тэмээ, тэмээчний амьдрал, байдлаас “Нийслэл хүү” хичнээн хол, төсөө болохыг үзүүлсэн кино байдгийг ч шинэ үндсэн хууль баталж байхдаа ядаж санацгаасангүй...
2000 оны сонгуулиар парламентад шинээр орж ирсэн хүмүүсийн ам хэл, ажил төрлийг харахад намууд УИХ-д нэр дэвших хүмүүсээ сонгохдоо чухам юу юуг нь гол шалгуур болгож байгаа болох нь тун ч үл ойлгогдохоор байлаа. Аливаа ажил, зорилгод хүмүүсийг сонгон авахад “зайлшгүй хийгээд хүрэлцээтэй шинж, болзол” гэж байдаг. Монгол төрийн түүхэн уламжлал ёсоор бол төрийн түшээдийг сонгож авахдаа гол шалгуур болгодог зүйл нь Нэгдүгээрт: эрдэм мэдлэг, хоёрдугаарт: туршлага, чадвар, Гуравдугаарт: туулсан зам, туурвисан бүтээл, Дөрөвдүгээрт: цэгц шударга зан авир, Тавдугаарт: түвшин талбиун намба, төрх-энэ тавыг “зайлшгүй хийгээд хүрэлцээтэй шинжүүд”-ийн цогцлол хэмээн үзэж иржээ. Тэгэхдээ тухайн хүний энэ шинжүүд нь түмэнд нэгэнт ил болсон, тиймээс ч олны итгэл хүлээх нь огт маргаангүй байх ёстой байлаа.
Аль нэгэн намын дарга, удирдлага нь зөвхөн өөрөө л сайн мэдэх, зөвхөн өөрт нь үнэнч, зөвхөн өөрийг нь тойрон хүрээлэх, шүтэхээ андгайлсан цөөн хэдэн зуйгар, зальхай нөхдөө зөвхөн нийслэл хотоос “тодруулж” хөдөөгийн тойргуудад нэр дэвшүүлээд араас нь магтаалын үгсийг зохиомжлон цацсаар байгаад сонгуулаад авчихдаг болбол төр, түмэн хоёр хоёулаа хохирох болно. Өнөөдөр бид яг ингэж л хохирч байгаа билээ.
Монголд засгийн газрын үйл ажиллагааны бүх хүрээнд бол нэг аймгийн нийт иргэнийг зөвхөн ганц засаг дарга нь л бүрэн төлөөлж байдаг атал хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд бол нэг аймгийн сонгогчдыг дундчаар 3 хүн төлөөлж байгаа нь хачирхмаар баримт юм. Хууль тогтоогчдын тоо ийм олон байгаагаас монголын хамгийн том нь гэгддэг МАХН хүртэл боловсон хүчний нөөц хүрэлцэхгүйгээсээ болж УИХ-ын гишүүн ба засгийн газрын гишүүний үүргийг нэг хүнд төлөөлүүлэн үүрүүлдэг боллоо. Гэвч УИХ-д авсан суудлынхаа тоонд шууд пропорционалиар олон зуун сая төгрөгийг намынхаа хөрөнгөнд татан авахын шуналд автсан намуудын аль нь ч гэсэн УИХ-ын гишүүдийн тоог боломжит доод хэмжээнд нь хүргэж цөөрүүлэх талаар ганц үг ган гэхгүйгээр 22 жилийн нүүрийг үзээд байна. Үнэндээ бол татвар төлөгчид бид л төрийн удирдлагын зардлын хэмжээ болон парламент ба засгийн газрын гишүүдийн тоог товлон тогтоох эрхтэй билээ. Иймд энэ 2012 онд багтааж ард нийтийн санал асуулга явуулж УИХ-ын гишүүдийн тоог цөөлөх талаар шинжлэх ухааны үндэстэй шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Эс тэгвээс зөвхөн хувиа л бодсон намууд удирдлагын зардал, хангамжийг дааж давшгүйгээр их болгон өсгөж ч чадна. Эрх баригч намын удирдах хэсэг, элит гэгдэх хэсэг бүхлээрээ парламент ба засгийн газрын гишүүн, орлогч сайд, газар, агентлагийн дарга болоод ч цаана нь өч төчнөөн том албан тушаал үлддэг болжээ. Чингэснээр төв төрийн хийгээд орон нутгийн удирдлагын зардал жилээс жилд өссөөр байна.
Нийслэл хотод амьдардаг сэхээтнүүд л дангаараа УИХ-ыг эзлэн суух болсноор авилгал, архидалт, “Чи надад би чамд” гэсэн харилцаа, ер ялзралын бүх элемент төрийн ордныг эзэллээ. Шуналын шүлс, цус ойртолтын согог хоёр хэргээ хэзээ, ямраар гүйцээх бол гэхээс цэгц шударга хүний нуруугаар хүйт даах болжээ. Элдэв балаг нь илчлэгдэх бий гэхээс эмээсэн зарим дарганцрууд иргэдийн мэдээлэл өгөх ба авах эрх чөлөөг хязгаарлах гэж ч оролдох боллоо.
“УИХ-ын сонгуулийн тухайн тойргоос нэр дэвших хүн нь заавалчгүй мөн тойргийн нутаг дэвсгэрт наад зах нь сүүлийн 2-3 жил ажиллаж, амьдарч байгаа иргэн байх” гэдэг амин чухал заалтыг сонгуулийн хуульд оруулж өгөх хэрэгтэй байна. Эс тэгвээс тухайн тойргийн сонгогчдын зовлон, жаргалыг өөрийнхөө арьс, махан дээр огт мэдрээгүй, мэдрэх ч үгүй тийм нэгэн “Нийслэл хүү”, “Нийслэл охин” олон арван мянган сонгогчдыг дам маягаар, амлалт ба авилгын ачаар төлөөлөх болчихоод байна. Тойргийнхоо сонгогчдын уудаг ус, иддэг хоол, эдэлдэг бараа, амьдардаг сууц, тэдний боловсрох ба эрүүл мэндээ хамгаалах орчин, нөхцлийн талаар яс, махандаа шингэсэн үнэн ойлголтгүй “Нийслэл хүү, охид” мөнхүү сонгогчдыг төлөөлж чадна гэж үү? “Нийслэлд өссөн, халхжсан, гахай, тарваганы маханд орсон, архи ба авгайд хөл алддаг тэр муу золиг биднийгээ яаж ч төлөөлж чадах билээ!” хэмээн нэгэн казах эр шүүрс алдахыг судлаач миний бие нүдээр үзэж, чихээр сонсож явсан билээ. УИХ-ын сонгуулийн хууль бол Улаанбаатарын сэхээтнүүдийн овсгоотой, зальжин хэсгийн ашиг, сонирхлыг хамгаалсан хууль мөн гэж хэлэх хүн ч бас тааралддаг. “Хөдөөдөө тунаж үлдсэн, орхигдсон хүмүүсийн нөхцөл, байдал, амьдралын хэрэгцээ, шаардлагыг Улаанбаатар хотоос нэр дэвшээд улиран улиран сонгогдож байгаа эрхэм гишүүд мэдэхээ, ойлгохоо бүр больсон шүү дээ” гэсэн үгийг ч мөн бишгүй сонслоо. Наадамших, эрэмшин танхайрах гэдгийн нэгэн адил “Эрхэмшиж гишүүншиж” гүйцээд аливаа зүйлд ерөнхийлөн даргархаж хандах, амьдралаас хол хөндий сэтгэх, зөвхөн хувийн явуургүй үзэл, бодолдоо хөтлөгдөж, хоосон мэдэмхийрч хандах, ихэмсэглэж томорч хандах, асуудлын уг, учирт орохоос залхуурч, яршиглаж хандах шинэ цагийн өвчин буй болсон талаар хэлэх, сануулах хүн хот, хөдөөд олон болжээ...
“Монголын ард түмний хувьд нэгэн том эмгэнэл бий. Энэ бол төрийн хэрэгт жинхэн ёсоор зүтгэж чадах эрдэмт хүнээ төв төрд огт ойртуулдаггүй хачин үзэгдэл юм. Сүүлийн 20 гаруй жилд эсвэл хоосон популист, эсвэл том дуутай догматикууд, эсвэл овжин, зальжин луйварчингуудад, эсвэл “том” гэгдэх намаас нэр дэвшсэн хэнхэг эрхмүүд, хирээ үл мэдэх онгироо залуус мэтийг л ард түмэн УИХ-д сонголоо. Сонгогдсон хүмүүс нь засгийн газрыг бүрдүүлэхдээ бүүр ч долоо дордуулсан сонголт, томилолт хийж байв.
Чингэж эрдэмгүй эрдэмтэн, чадваргүй сайд бэлтгэх сургууль гэж хэрвээ байдагсан бол тийм сургуулийн бэлтгэл ангийн сонсогч төдийхөн баймаар зэрэг зиндааны хүмүүс савангийн хөөс шиг төр, засгийн өндөрлөгт гарч ирцгээгээд байна. Энэ тухай үнэнийг судлаачид та нар яагаад хэлдэггүй, бичдэггүй юм бэ” гэж судлаач биднийг зэмлэдэг 50-60 насны голдуу хүн ч өнөөдөр олон болжээ.
Өмнө яригдсан зүйлүүдэд тулгуурлан дүгнэх ахул Нэгд: Зөвхөн тухайн тойрогт (нутаг дэвсгэрт нь) амьдарч, аж төрж байгаа (сүүлийн 3-5 жил) хүнийг л УИХ-д сонгуулахаар нэрийг нь дэвшүүлдэг байх, Хоёрт: Мөнхүү нэр дэвшигчид тавигдах ёстой уламжлалт шалгуур үзүүлэлтүүдийг сонгуулийн хуульд тусгаж өгөх, хуулийн эл заалтанд тулгуурлан сонгогчид сонгуулийн кампааны явцад нэр дэвшигчдийг шүүж, шигшиж, шалгаруулж сонгодог мэдлэг ба сурцыг олон түмэнд эзэмшүүлэх, Гуравт: Өөрийн төлөөлөгчөө (депутатаа) хянах, шаардлагатай тохиолдолд түүнийг огцруулах энгийн, хялбар механизмыг Монгол улсын үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн хуульд буй болгож ягштал сахиж байх шаардлагатай байна. Иймэрхүү байр сууринаас хандаж чадах эрмэлзлэл, ойлголт, сурц манай сонгогч олонд буй болж эхэлсэн гэж үзэх үндэс ч бас бий юм.
Дээр яригдсан бүхэнтэй уялдаа, холбоо бүхий нэгэн зүйлийн талаар товч өгүүлье. Сүүлийн 4-5 жилийн дотор ажиглагдах болсон, цаашид ихэд газар авч болзошгүй нэгэн үзэгдэлд өнөөдөр хүмүүс дасаж эхлээд байна. Энэ бол намдаа их хэмжээний мөнгө хандивлаад УИХ-д болон өөр том албан тушаалд нэрээ дэвшүүлдэг явдал юм. Тэр хүмүүс ийм арга, замаар биднийг, нийгмийг удирдах эрх олж авахыг хичээж буй ажээ. Энэ нь хэрэг дээрээ бол улс төрийн шийдвэр гаргах эрх мэдлийг ганцхүү үндэсний хөрөнгөтөнгүүдэд өгөх гэсэн санаархал, оролдлого мөн.
Улс төрийн эрх мэдлийг өмч хөрөнгөтэй, чинээлэг, цөөн хэдэн хүмүүс, баячуудад өгснөөр хязгаарлах, жирийн иргэд, дундчуудыг II, III сортын хүмүүс болгож шоовдорлох, тэдний төлөө онцолж юу ч хийхгүй байх, зөнд нь орхих, хувь заяаг нь өөрсөд нь даатгаж хаяхыг зөвтгөж үзэх явдал бол элитийн онол болон цөөнхийн авторитаризмаар тугаа хийсэн зарим залууст түгээмэл үзэгдэл болоод байна.
Большевизм нь либерализмын нэгэн (зүүн) туйлшрал байсан шиг элитийн онол, практик ч гэсэн либерализмын нэгэн (баруун) туйлшрал мөн юм. Адам Смитын (1723-1790) эдийн засгийн либерализмыг баруун тийш нь туйлшруулж, элитаризмын онолыг луйврын капитализмын онол болгож хувиргах оролдлого өнөөдөр Монгол оронд ийнхүү буй болжээ. Энэ бол бага мэдэхийн балаг, нялхсын өвчин, улс төрийн гэнэндүү, бүдүүлэгдүү залуу “баатруудын” гарын ажил, бүтээл мөн болно.
Судлаач, проффесор Д.Чулуунжав
Эх сурвалж: sonin.mn