"Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хот байгуулалт, зураг төслийн институтийн эрхлэгч О.Одбаяртай ярилцлаа.
-Хүн амын нутагшилт суурьшлын, хөгжлийн ерөнхий төсөл /ХАНСХЕТ/-ийн хүрээнд Байгаль орчны стратегийн үнэлгээг хийсэн байна. Байгаль орчны стратегийн үнэлгээг хийснээр ямар ач холбогдолтой вэ. Энэхүү үнэлгээний агуулга, цар хүрээний талаар танилцуулбал?
-ХАНСХЕТ-ийн зорилго нь 2040 он хүртэл хүн амын өсөлтийн хэтийн тооцоог гаргаж, нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо бүхий аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээвэр, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн салбарын төлөвлөлтийг судалж, нутаг дэвсгэрийн хөгжлийн орон зайн оновчтой төлөвлөлтийг боловсруулж байна. Тодруулбал, ХАНСХЕТ нь өөрөө хот байгуулалтын төсөл учраас барьж байгуулах бүтээн байгуулалт, дэд бүтцийн төлөвлөлтийн төсөл. Энэ төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө байгальд орчинд учирч болзошгүй эрсдэлүүдийг нь урьдчилан тооцоолж тогтоох зорилготой судалгаа үнэлгээ гэж ойлгож болно. Энэ хүрээнд байгаль орчны эрхзүй, стратегийн шинжилгээ хийх, байгалийн нөөц, экосистемийн төлөв байдал, үнэ цэн, хэтийн хандлагыг тодорхойлохоос гадна байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, түүний үр дагавар, болзошгүй хуримтлагдах сөрөг нөлөөллүүдийг тодорхойлж үнэлж гаргах шаардлагаар энэхүү судалгаа хийгдэж байна. Цар хүрээний хувьд Монгол Улсын нийт газар нутгийг хамруулан гүйцэтгэсэн бөгөөд нэлээд хэдэн гол гол зүйлийг чиглэл болгон авч үзэн судалсан. Уур амьсгал, усны чанар, цөлжилт, ган зудын давтагдал, ан амьтдын тоо толгойг судалж байна. Нөгөө талаас нийгмийн бүхий л салбарууд байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна, нийгмийн хүчин зүйлүүдээс шалтгаалан байгаль орчинд учирч байгаа эрсдэлүүдийг тогтоон, түүнээс зайлсхийх, байгаль орчныг доройтуулахгүй байх ямар стратеги төлөвлөгөө байж болох уу гэдгийг судалж байна.
-Судалгаанаас анхаарал татаж байгаа хэд хэдэн сэдэв байна. Үүний нэг нь манай орны ховор амьтны тархац, тоо толгой, өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар хэрхэн судалсан талаар мэдээлэл өгвөл ?
-Монгол орны байгалийн нөхцөл өөрчлөгдөж, хуурайшиж байгаа нь зэрлэг хөхтөн амьтдын хувьд сөргөөр нөлөөлж байгаа нь мэдээж. Уур амьсгалын өөрчлөлтөөс говь, цөлийн хуурай гандуу нутагт тархсан мазаалай, хавтгай, монгол бөхөн, хар сүүлт зээр, хулан зэрэг ховор амьтдын хувьд усан хангамж хомс, амьдрах орчин доройтож байна. Энэхүү сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монголын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зарим арга хэмжээг авч эхэлсэн байна. Тухайлбал, 2013 оноос мазаалайг хамгаалах, түүний амьдрах орчныг дэмжих зорилгоор Их говийн дархан газрын нутагт газрын генератор хэмээх төхөөрөмжийг суурилуулж, хур тунадсыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Цөлжилт, усны хомсдол, газрын эвдрэл зэрэг дээр дурдсан хүчин зүйлийн нөлөөгөөр тэнд амьдрах зэрлэг хөхтөн амьтдын амьдрах орчин өөрчлөгдсөнөөс шалтгаалан, тэдгээр амьтдын байршил нутаг жилээс жилд өөрчлөгдөж байна. Ялангуяа говийн зарим баян бүрд ширгэснээс тэнд амьдрах хавтгай, хулан, хар сүүлт, зээр зэрэг амьтдын улирлын байршил өөрчлөгдөж, амьдрах орчны таагүй нөхцөл бий болсоор байна. Монгол орны зэрлэг амьтад хил давж нүүх нь элбэг байгаа бөгөөд хилийн наад хэсэгт амьтад идээшин нутаглах боломж хумигдаж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Түүнчлэн мод бэлтгэл, ойн түймэр зэрэг хүчин зүйлийн сөрөг нөлөө ихсэх хандлагатай байгааг энд хэлэхгүй байж болохгүй. Мөн нэн ховор амьтны тархац нутаг хумигдах нь хотжилт, хатуу хучилттай зам, төмөр зам зэргээс хамаардаг болохыг бидний судалгааны ажлын үр дүн болон бусад олон судлаачдын судалгааны үр дүн харуулж байгааг энд онцлон хэлэх хэрэгтэй. Монгол Улсын улаан номд орсон, нэн ховор ангилалд орсон биологийн төрөл зүйлийн хувьд хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг байдаг. Эдгээр зүйлүүд уствал тухайн экосистемд зарим талаар бидний төсөөлж үл чадах эрсдэлүүдийг үүсгэх ч боломжтой.
-Тухайлбал, ямар амьтдын тоо толгой цөөрч, эрсдэлтэй байна вэ?
-Байгаль орчны эмзэг байдлын нэгдсэн үнэлгээний дүнгээр дараах үнэлэлт, дүгнэлтийг өгч байна. Үүнд, Байгаль орчны эмзэг байдлын нэгдсэн үнэлгээгээр 480 өргөргөөс хойших бүсийн Хөвсгөл, Увс, Хяргас, Хар-Ус, Буйр, Тэрхийн цагаан гэх мэт нууруудын орчмын нутаг, ойт хээрийн бүсийн ойн сан, ойн болон уулын тууртан амьтдын цөм амьдрах орчин бүхий нутаг нэн эмзэг бүсэд хамаарч байна. 450 өргөргөөс урагш мазаалай баавгай, ирвэс, хулан, бөхөн гэх мэт нэн ховор амьтдын цөм амьдрах орчин, баян бүрдүүд орчмын нутаг нэн эмзэг бүсэд хамаарч байна. Энэ бүсийн үлдэх нутаг нь хөрсний язмагийн агууламж бага, усны нөөц хомс, нэн ховор, ховор биологийн төрөл зүйлийн боломжит амьдрах орчин эмзэг, дунд зэрэг бүсэд хамаарч байна.
Харин хээрийн бүс бусад байгалийн бүс бүслүүртэй харьцуулахад нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг бага зэрэг эмзэг бүсэд орж байна. Цаашид байгаль орчны эмзэг байдал хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын хүчин зүйлээс хамаарч хэрхэн хувьсан өөрчлөгдөх чиг хандлагыг Ус цаг уурын эрдэмтэд "Байгалийн бүс, бүслүүрийн экосистемийн урт хугацааны өөрчлөлтийн судалгаа”-ны хүрээнд 1970-1990 оны хоорондох 20 жил, 1991-2008 оны хоорондох 18 жилийн ган зудын индекс болон бэлчээр ашиглалтын индексийг ашиглан бэлчээрийн экологийн эмзэг байдлыг тооцоолсон үр дүнтэй харьцуулбал цөлийн болон цөлөрхөг хээрийн (говийн бүс) бүсийн эмзэг байдал бэлчээр ашиглалт, ган зудын давтагдал нэмэгдэж буйтай холбоотойгоор хүрээгээр тэлэх эрсдэл өндөр байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний 2018 оны тайланд усны нөөц, ой, цэвдэг, биологийн төрөл зүйл, амьдрах орчин, бэлчээр, хөрс, байгалийн гамшигт үзэгдлийн давтагдал зэрэг экосистемийн хам бүрдлийг авч үзээд НҮБ-ын хүний хөгжлийн индекс тооцоолох нормчлолын арга, олон шинжүүрт анализын арга зэргийг ашиглан бүс, аймгийн түвшинд эмзэг байдал, эрсдэлийг 1986-2005 оны хоорондох өгөгдлийг ашиглан өнөөгийн төлөв байдлыг, 2046-2065 оны ирээдүйн уур амьсгалын үзүүлэлтээр эрсдэлийг тооцсон. Эдгээр эмзэг байдлын болон эрсдэлийн үнэлгээний дүнгээс үзэхэд цөлийн болон цөлөрхөг хээрийн бүс улам эмзэг болж уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөх эрсдэл ихсэх зүй тогтол ажиглагдаж байна.
-Судалгаанд амьтныг хамгаалах боломжийг хэрхэн судалж тооцож зөвлөж байгаа вэ?
-Амьтны тухай хуулийн 6-р зүйлд заасан хэлбэрээр амьтныг хамгаалах боломжийг бүрдүүлэхэд тус зүйлийн 1.3 дахь заалт нь ХАНСХЕТ төслийн хувьд илүүтэй чухалчлан авч үзэх заалт юм. Учир нь тус ерөнхий төсөлд тусгагдсан дэд бүтцийн байгууламжууд нь амьтны тархац нутаг, нүүдлийн замыг хаах эрсдэл өндөр байна. Гэвч манай оронд амьтдын тархац нутгийг нарийвчлан тогтоож, хууль эрхзүйн түвшинд хязгаарлалт тогтоосон баримт бичиг гараагүй байна. Иймд амьтны аймгийн тархац нутгийг хамгаалахад шаардлагатай менежментийн арга хэмжээг тодорхойлох тэдгээрийн боломжит амьдрах орчин, орон зайн тархалт түүнд нөлөөлөх хүчин зүйлс (жишээлбэл, уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалт гэх мэт)-ийг зөв тодорхойлох нь чухал ач холбогдолттой.
Түүнчлэн Монгол улсын хэмжээнд устаж буй, ховордож буй эмзэг амьтдын амьдрах орчны чухал байршлыг тодорхойлсноор төлөвлөж буй авто зам, төмөр замын трассын дагуу амьтдын дамжин өнгөрөх гарц гармын байршлыг зөв төлөвлөх боломж бий тул тэдгээр түлхүүр амьтдын амьдрах орчныг тодорхойлох зорилгоор MaxEnt загварчлалыг ашигласан болно. Мөн уулын тууртан амьтанд аргаль хонь, янгир ямаа гэх хоёр зүйлийг авч үзэхэд энэ хоёр зүйлийн тархац нутаг дундуур Сайншандаас Хөөт, Зүүнбаянаас Ханги, Даланзадгадаас Арц Суурь боомт, Хөшөөтөөс Ярант боомт хүртэлх төмөр зам төлөвлөгдсөн байгаа. Аргаль хонины боломжит амьдрах орчны загварчлалаар хамгийн өндөр нягтшилтай гарсан Зүүнбаянаас Ханги боомт хүртэлх төмөр зам нь Говийн жижиг уулсын хооронд байнга шилжилт хөдөлгөөн хийдэг энэ амьтны хувьд нөлөөлөл хамгийн их байх онцлогтой.
Даланзадгадаас Гурвантэс орох хэсэгт Гурван сайханаас Номгоны нуруу, Хөрхийн нурууны нягтшил өндөртэй хоёр хэсгийн дундуур гарч байгаа нь шилжилт хөдөлгөөн хийхэд сөрөг нөлөөлж байна. Монгол алтайн нурууны зүүн хэсэг Гичгэний нуруу, Баян цагаан, Их богдын нурууны дундуур мөн хамгийн өндөр нягтшилтай хэсгээр дайрч байгаа тул нөлөөлөл хамгийн их байх болно. Иймд энэ хэсэгт аргаль хонинд зориулсан гарц барихад илүүтэй анхаарах шаардлагатай байна.
Хан Тайширын нуруу, Хар азаргын нурууны дундуур гарч байгаа тул энд мөн гарц, гарам барихад илүүтэй анхаарах шаардлагатай. Мөн нэг онцлог нутаг бол Хөшөөтөөс Ярант орох зам энд Монгол Алтайн нурууг давж байгаа хэсэгт онцгойлон анхаарч төлөвлөх шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг өгч байна.
Монгол оронд хамгийн өргөн уудам тархацтай, хамгийн олон тоо толгойтой цагаан зээрийн тархац нягтшилын гол төв цэгт Сайншандаас зүүн зүгт чиглэсэн 4 замын уулзвар төмөр зам оршиж байгаа нь хамгийн онцгой анхаарал татсан асуудал болж байна. Цагаан зээрийн гол байршил нутгийг дөрвөн хэсэг болгох их нөлөөлөл үзүүлэх магадлалтай. Энэ нутагт Жаран тогоон тал, Эхэн худаг гэх зэрэг цагаан зээр хэдэн зуун мянгаар бөөнөөр төллөдөг нутаг байдаг.
Зөвхөн цагаан зээр л нутагладаг онгон зэрлэг нутаг юм. Үүнийг хэвээр хадгалж үлдэхэд бид онцгой анхаарал тавих ёстой.
-Цагаан зээрийн нүүдэл шилжилт хөдөлгөөн, байршил, төлөвлөлтөд сөргөөр нөлөөлөхгүй байх ямар арга байна вэ?
-Үүний тулд дараах зөвлөмж санал болгож байна. Энэ нутагт шинээр суурьшлын бүс байгуулахгүй байх. Ялангуяа төмөр замын бүх чиглэлүүдийн дагуу суурьшлын бүс байгуулахгүй байх. Зөвхөн цагаан зээр л нутагладаг нутагт бүхэлд нь хамарсан нэг түвшний гарц байгуулах, тодорхой зайд галт тэрэг дөхөж ирэхэд цагаан зээр үргээдэг чимээ гаргагч автомат дохиоллын системтэй болгох боломж байна. Жаран тогоон тал, Эхэн худаг орчмын нутгийг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл боловсруулахыг холбогдох байгууллагуудад санал болгох. Төмөр замын дагууд тодорхой нутгуудад ажиглалтын автомат камер байршуулж байнгын ажиглалт тандалт хийж байх шаардлагатай. Дараагийн бас нэг онцгой нөлөөллийн бүс нутаг бол Их нууруудын хотгорт үлдэж хоцорсон цөөн цагаан зээрийн байршил шилжилт хөдөлгөөнийг хэвээр хадгалж үлдэх нь чухал байна. Энэ нь Хомын тал, Завхан голын дагуух нутаг юм. Энд нүхэн гарцууд илүү тохиромжтой байх боломжтой.
Нөгөө нэг нөлөөлөх хэсэг бол Зүүнбаянаас Ханги чиглэлийн төмөр зам. Энэ хэсэгт хулан адуу, хар сүүлийн, аргаль хонь, янгир ямаа зэрэгт зориулсан тохиромжтой гарц, гармыг стандартын дагуу зөв байршилд байгуулсан нөхцөлд цагаан зээрт нөлөөлөл бага байх боломжтой гэсэн зөвлөмжүүдийг өгч байна.
-Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины анхаарах сэдэв мөн. Энэ судалгаанд манай орны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг товч дурдвал?
-Сүүлийн жилүүдэд нэг талаас уур амьсгалын өөрчлөлттэй уялдан манай орны агаарын дундаж температур 2.10С-ээр нэмэгдэж, жилийн нийлбэр хур тунадас 7 мм-ээр буурч, гангийн давтагдал нэмэгдэж, ургамлын шимт чанар 2-3 дахин буурсан, нөгөө талаас уул уурхай, газар тариалан, дэд бүтэц, үйлдвэрлэл, хотжилт хүрээгээ тэлэх хирээр бэлчээрийн нутгийн хэмжээг хумигдах, зах зээлийн жам ёсны дагуу малчдын хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор малын тоо огцом нэмэгдсэн, түүнийг дагаад усан хангамжийн хомсдолд орсон зэргээс бэлчээрийн эмзэг байдал нэмэгдэж байна. Эдгээр сөрөг үр дагаврын улмаас малчдын амьдралын гол эх үүсвэр болсон бэлчээр нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах буюу бэлчээрийн эмзэг байдлыг бууруулах нь гол тулгамдсан асуудал болж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Бэлчээр, газар ашиглалтын өөрчлөлтөөс бэлчээр нутаг хумигдаж, нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ган зудын давтагдал нэмэгдэхээр байгаа зэргээс нүүдлийн мал аж ахуй эрхлэх малчдын тоо буурах хандлагатай байна. Энэхүү бууралт нь 2030, 2040 оны үед хөдөөгөөс хотод шилжих хөдөлгөөний гол шалтгаан болох эрсдэл өндөр.
-Усны нөөцийн талаар асуумаар байна. Улаанбаатар хот болон аймгуудын усны судалгаа бий юу?
-Манай орны хувьд Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Архангай, Төв, Хэнтий аймаг гадаргын ус элбэгтэй. Булган, Сэлэнгэ, Ховд аймгийн усны нөөцийн дийлэнх нь зэргэлдээ аймгаас дамжин ирэх ус байна. Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймагт гадаргын усны нөөц хомс, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт маш бага байна.
Монгол орны хэмжээнд Улаанбаатар, 21 аймгийн төв, томоохон уул уурхай, үйлдвэрүүдийн ус хангамжийн зориулалтаар гидрогеологийн нарийвчилсан судалгаа хийж, газрын доорх усны ашиглалтын нөөцийг үйлдвэрлэлийн буюу үнэмшилтэй тогтоосон газрын доорх орд 360 гаруй байна. Энэхүү судалгаа нь (Усны газар 2020 оны судалгаанаас үзэж болно.
БОАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөлөөр усны нөөц нь тогтоогдсон нийт 106 суурин байгаа бөгөөд үүнээс 21 аймгийн төв, 85 сумын төв байна. Цаашид 224 сумын төвд усны нөөцийн хайгуул хийж, нөөц тогтоох шаардлагатай. Гүний усны нөөц 500 жилд нэг удаа нөхөн сэргээгддэг. Иймд говийн бүсийн уул уурхай, дэд бүтэц, боловсруулах аж үйлдвэр, хот байгуулалт, хөдөө аж ахуйн 2040 он гэхэд хэд дахин нэмэгдэх усны хэрэгцээг Орхон, Хэрлэн, Туул голоос ус дамжуулах хоолойгоор татан ашиглах төлөвлөлтийг оруулсан
-Нэлээд өргөн цар хүрээтэй судалгаа учраас судлаачдын баг хамт олны талаар асуумаар байна?
-Энэхүү ХАНСХЕТ-ийн байгаль орчны стратегийн үнэлгээний ажил нь агуулгын хувьд өргөн дэлгэр, байга лийн үндсэн бүх хам бүрдэл хамарсан учраас, олон байгууллага, олон төрлийн мэргэжлийн судлаачид хамтран ажиллаж, үр дүнг нэгтгэн гаргасныг энд онцлон хэлэх хэрэгтэй. Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний мэргэжлийн байгууллага "Мон газар экологи” ХХК нь "Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” /ХАНСХЕТ/-д Байгаль орчны стратегийн үнэлгээ /БОСҮ/-г хийж гүйцэтгэлээ. Монгол Улсын хэмжээнд тухайн чиглэлээр тэргүүлэх эрдэмтэн судлаач, байгууллагыг хамруулан оролцуулах бодлого баримталсан гэсэн үг. Төслийн судалгааны ажилд оролцсон бүх мэргэжилтэн судлаач нар, мэргэжлийн байгууллага өөрийн хүч чадал, техникийн болон мэргэжлийн боломжоо дайчлан ажилласан.