"Өмнөговь - цаг үе” цуврал ярилцлага №03
Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь МАН-ын
бүлгийн дарга О.Баттогтохтой
ярилцлаа.
-Сонгуулийн үр дүнгээр төлөөлөгч болсон.
Нутгийн зон олондоо хандаж хэлэх таны үг?
-Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд болсон УИХ-ын болон
аймаг, нийслэлийн ИТХ-д Монголчууд маань МАН-ыг олонх болгож итгэл хүлээлгэсэн.
Манай Гурвантэсчүүд маань МАН-аас нэр дэвшсэн гурван хүнийг багаар нь дэмжиж
аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон явдалд нэр дэвшигчдийнхээ өмнөөс болон
хувиасаа баярлан талархаж байгаагаа илэрхийлье.
-Төлөөлөгчид ажлаа юунаас эхлэв?
-Сумандаа 40 хүртлээ ажиллаж амьдрахдаа ЗДТГ-ын дарга, Засаг
дарга зэрэг ажлуудыг хийж байсан болохоор ард иргэд, сум орон нутгаа сайн
мэднэ. Бид хүний хөгжлийн асуудлыг орхигдуулсаар иржээ. Тийм учраас ирэх дөрвөн
жилийн хугацаанд хүний хөгжил рүү, нийгэм рүү чиглэсэн бодлогыг барьж ажиллана.
Хамгийн түрүүнд тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлнэ. Малчид иргэдийн санааг
зовоож байгаа асуудал бол уул уурхай. Уул уурхай байх нь иргэд маань ажилтай,
орлоготой сайн талтай ч бэлчээр ус сүйдэх, тоосжилт ихсэх, ан гөрөөс дайжих гэх
зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Иймд Монгол улсын хууль тогтоомжийн
хүрээнд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цөөлөх боломж нөхцөл
байгаа эсэхийг судлана. Үйл ажиллагаа нь жигдрээд автозамаар тээвэрлэлт хийж
байгаа уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж орон нутаг, иргэдийн аж амьдралд
эерэг нөлөөтэй ажлуудыг санаачлан зохион байгуулна. Бидний бодлого бол сумын
хүн бүрийг эрүүл, тогтмол ажилтай, боловсрол эзэмшүүлэх тэр боломжийн төлөө бид
зүтгэнэ. Жишээ нь цэцэрлэг, сургуулийн суурь боловсролын хөгжилд олон талаас нь
шат дараатай ажлуудыг зохион байгуулах, их дээд сургуульд суралцах боломжийг
нэмэгдүүлэх, дэмжих, мэргэжил эзэмшээд төгсөөд ирсэн залуучуудыг орон нутагтаа
ирж ажиллах нөхцлөөр хангахад гол анхаарлаа хандуулна.
-Баруун гурван сум
гэрэл цахилгаанаа Урд хөршөөс авдаг. Хэрэглэгчдэд асуудал гарах уу?
-Манай сумын хэрэглэгчид Хятад улсаас орж ирж байгаа
импортын гэрэл цахилгаан ашигладаг. Иргэдийн хувьд өндөр төлбөртэй, гадаад
улсаас хараат гэрэл цахилгаан ашигладаг учир хүндрэл бэрхшээлтэй. Төлөөлөгч
бидний хийх ёстой зорилтот ажлын нэг бол Гурвантэс сумыг эрчим хүчний дотоодын
шугам сүлжээнд холбох асуудал юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гурван
төлөөлөгчийн хувьд аймгийн удирдлагуудтай хамтран дөрвөн уурхайн компанийн
захирлуудтай уулзалт зохион байгуулж МАК компанийн хөрөнгө оруулалтаар
цахилгаан станц бариулах ажил үндсэндээ шийдэгдсэн. Тэгэхээр ойрын хугацаанд
эрчим хүчний дотоодын шугам сүлжээтэй болно гэсэн үг.
-Сумын төвдөө хамгийн
урт автозамтай болж бүтээн байгуулалтууд нэлээд хийгдсэн байна?
-Гурвантэс
сум уул уурхай, хилийн боомтоо дагаад бүтээн байгуулалтууд бий болж хөгжиж
байна. Намайг ажиллаж байх үед 100 хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн хичээлийн
байр, 120 хүүхдийн дотуур байр зэргийг заримыг нь бариулж, ажлыг эхлүүлж
байлаа. Одоо бүгд бүрэн ашиглалтанд орсон байгаа. Манайх цэцэрлэгийн байрны
хувьд хүрэлцээтэй, гурван цэцэрлэгтэй. Сургууль, цэцэрлэгийн барилга байшин,
боловсон хүчний хувьд асуудалгүй болсон. Одоо боловсролын чанар хүртээмж, үр
дүнгийн талаар ярих ёстой. Сумын төвийн автозамын хувьд уул уурхайн нөлөө огт
ороогүй. Азийн хөгжлийн банктай орон нутаг хамтран ажиллах гэрээг 2007 онд буюу
одоогоос 10 жилийн өмнө байгуулсан хэдий ч өнөөдөр биелэлээ олж авто зам,
бохир, цэвэр усны шугам сүлжээ нэмэгдсэн. Мөн ӨМӨЗО-ны Альша аймгийн буцалтгүй
тусламжаар сумын төвд 5км авто зам байгуулсан. Ингээд сумын төвд нийтдээ 7км
автозам тавигдаад байна. Энэ ажил дутуу байгаа учир цаашаа үргэлжлэх ёстой.
"Монгол говь” сонин
Ж.САЙНЖАРГАЛ