![Жуулчдын хөл тасардаггүй Чингисийн гурван нуур Жуулчдын хөл тасардаггүй Чингисийн гурван нуур](/uploads/posts/2016-05/medium/1463397543_56374ed1165c46c213b6213e6a7e9a3dfc880d8f.jpg)
Г.СОНИНБАЯР
Зуны дэлгэр цагт эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлын дурсгалуудыг үзэж, амарч аялахаар төлөвлөсөн олон хүн байгаа. Эрхэм уншигч та ч гэсэн тэдний нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрвээ хаана амрахаа төлөвлөөгүй бол танд эзэн Чингисийн өлгий нутгаар аялахыг санал болгож байна. Түүнчлэн Хэнтийгээр аялна гэж төлөвлөсөн хүмүүст бага ч атугай хөтөч болох мэдээллийг бид энэ удаагийн дугаартаа бэлтгэлээ.
Гадаад, дотоодын жуулчдын хамгийн их явдаг аялал жуулчлалын гурван үндсэн чиглэл бий. Үүнд нэгдүгээрт Хангайн чиглэл буюу Улаанбаатар, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булганы чиглэл. Харин хоёр дахь гол маршрут нь Улаанбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговь гэсэн говийн чиглэлээр 3000 орчим километр аялна. Гурав дахь гол маршрут бол Хэнтийн чиглэл. Улаанбаатар, Төв, Хэнтий гэсэн энэ чиглэлд 900 орчим километр аялна. Их эзэн Чингисийн төрж өссөн газар, их хааны амьдрал, тэмцэлтэй холбоотой домог түүхт нутаг ус энд л бий. Мөн байгалийн сайхныг үзэж нүд, сэтгэлээ баясгах боломжтой. Дэлхий дахинд эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавьж үзэхсэн гэж хүсдэг хэдэн зуун сая хүн бий. Тэгэхээр Хэнтийн чиглэлийн аялал бол асар ирээдүйтэй. Монголчууд бид ч гэсэн их хааныхаа мэлмий гийж, өлмий батадсан тэр сайхан нутаг усыг үзэж, Ононгийн усыг амсч, Бурхан Халдунд бараалхан, Дэлүүн болдогийн салхинд илбүүлж, Чингисийн Гурван нуурт умбаж, Хөдөө арал, Хар зүрхний Хөх нуур, Хорхунаг Жубур буюу Хурхын хөндий, алдарт Өглөгчийн хэрэм, монгол төрийн голомт хэмээн өргөмжлөгдсөн Биндэрийн Рашаан хад, Бодончар богдын отоглож асан Тэнхлэг горхи тэргүүт түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газар нутагт хөл тавихыг хүсэлгүй яах вэ. Ингээд Хэнтий нутаг, тэр тусмаа их хааны мэндэлсэн тоонот Дадал сумаар хамтдаа аялцгаая.
ЧИНГИС ХААНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ. Хүн төрөлхтөний хоёр дахь мянганы хүн, их эзэн Чингис хаанд зориулсан хамгийн анхны гэрэлт хөшөө Гурван нуурын дунд нуурынх нь хойт дэнж дээр сүндэрлэн байдаг. Энэхүү хөшөөг 1962 онд их хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан нэрт эрдэмтэн, улс төрч Д.Төмөр-Очирын санаачилгаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэр гарч, уран барималч Л.Махбалын удирдлагаар барьж босгожээ. Хөшөө 12 метр өндөр, 10 метр суурийн өргөнтэй, дөрвөн метр зузаан. Монголчууд эртнээс нааш галыг бадран мандахын бэлэг тэмдэг гэж үздэгтэй холбон, бадамлан асаж буй галыг бэлэгдэн дүрсэлсэн байдаг. Хөшөөний урд талд Чингис хааны босоо хөргийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг төв шударгуу байдлаар ховилдуулан сийлж гаргасан буй. Чингис хааны босоо хөргийн баруун дээд хэсгээс төрийн цагаан сүлдийг цухуйж байгаа байдлаар дүрслэн Чингис хааны зүүн талд
Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай хэмээсэн алдарт сургаалыг нь монгол бичгээр бичсэн байдаг.
Есүхэй баатрын гэрийн буурь Дунд нуурын дунд хэсэгт байсан гэж үздэг учраас энэхүү гэрэлт хөшөөг Гурван нуурын хөвөөнд босгосон түүхтэй.
ДЭЛҮҮН БОЛДОГ. Дунд нуурыг Есүхэй баатрын гэрийн бууринаас гарсан гэдэг. Дунд нуурын голд Чингисийн төрсөн Дэлүүн болдог толгой байжээ. Одоо нуурын гүнд живж үзэгдэхгүй болсон байна. Гартаа нөж атгаж морин жил морин цагт төрсөн ууган хүүгээ баатар хүү төрлөө гэж Есүхэй баатар бэлэгшээж тэмдэггүй шарагч гүү гарган Өүлэн хатанд шөл уулгаж, тэр гүүнийхээ дэлүүг газарт булсан гэдэг. Түүнээс хойш тэр газар нь дэлүү булдаг гэж нэрлэгдсэн нь сунжирсаар Дэлүүн Болдог нэртэй болсон байна. Зүүн нуурыг Дэлүүн, дунд нуурыг Болдог нуур гэж нэрлэдэг байсан гэдэг домог бий.Одоогийн байгаа Дэлүүн болдог нь Гурван нуураас ялимгүй хойхно модтой толгой дээр бий. Энэхүү овоон дээр Чингисийн мэндэлсний дурсгалын бичигтэй таван тонн жинтэй байгалийн чулуун самбар босгожээ.
ЭНЕРГИЙН ОВОО. 2012 онд Монгол, Орос, Японы эрдэмтэд нийлж судалгаа хийсний үндсэн дээр Дэлүүн болдогийн овооны урд толгой дээр энэхүү энергийн овоог босгосон. Энергийн овоо байрлах газар нь 99.6 хувийн үзүүлэлттэй гарсан гэдэг. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд улс төрийн зүтгэлнүүд, урлаг соёлын алдартнууд зэрэг улсууд сүсэглэн биширч ажил үйлс, амьдрал юугаа даатгадаг болсон. Дэлүүн болдогийн ард байх Хүслийн модонд хүслээ шивнээд Энергийн овооноосоо энерги аваад буухад тухайн хүний хүсэл бүхэн биелэх учиртай гэж нутгийн зон олон бишрэн хүндэтгэдэг.
ЧИНГИСИЙН ХҮЙН ЧУЛУУ. Дунд нуурын дундах Болдогийн урд хэсэгт том хар чулуу байдаг байж. 1920 оны үед нуурынхаа усанд автаж үзэгдэхгүй болсон гэдэг. Нуурын усны төвшин багасаж байгаа учир удахгүй Болдог толгойн Хүйн чулуу нь ил гарч ирэх байх гэж нутгийн хүмүүс ярилцдаг.
ЧИНГИСИЙН ХЭРМЭН ЗАМ. Онон голын урд талын Улз голын урт хөндийгөөр зүүн тийш Манжуур хүртэл үргэлжилсэн шороон даланг Чингисийн хэрмэн зам гэдэг. Бэр хүн хадам эцэгтээ тэр бүр харагдаад байдаггүй ёс заншлын дагуу өндөр далан босгож хоёр талаар нь их нүүдэл хийж, далангийн гонзгой зураастай газарт амарч, гурвалжин зураастайд үдэлж, дөрвөлжин зураастайд хоноглодог байсан гэдэг домогтой.
САНГИЙН ТАВИУР. Тэмүүжинг хаан ширээнд өргөмжлөгдөх их ёслолын үед Онон голын эрэг дэх толгойд арц, агь, ганга, далийн цэцэг зэрэг анхилам үнэртэй ургамал шатааж их сан тавьжээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэр толгойг Сангийн тавиур гэж нэрлэж ирсэн байна.
ТУГИЙН ОВОО БУЮУ БАЯН-ОВОО. Чингис хаан аян дайнд мордохын өмнө Их хар тугаа энэ уулын оройд залаад бөө мөргөлийн ёс үйлдэж зүг, цагийг үзэж, тэнгэр сүлдээ дуудан мөргөж, хийморь лүндаагаа сэргээж, их хэнгэргээ цохиж, их цэргээ хөдөлгөдөг байснаас Тугийн овоо гэдэг байжээ. Хожим Баян овоо гэж нэрлэх болжээ. Одоо ч Тугийн овоонд мөргөл үйлддэг, мөрөө гаргадаг ахмадууд байдаг гэсэн. Баян овоо уулын өвөр энгэрт Дадал сум суурьшжээ.
ТЭНГЭЛЭГ ГОРХИ. Дэлүүн болдогоос баруун тийш 10-аад километрт оршино. Энэ голыг "Монголын нууц товчоо”-нд гардаг Бурхан Халдун уул дээрээс харагддаг Түнхэлиг горхи мөн гэж ярилцдаг. Үүнтэй холбогдуулж хэлэхэд энэ Тэнгэлэг гол бол Бодончирын амьдарч байсан Балжийн арлын Тэнгэлэг гол мөн хэмээн "Сувдан сондор” аяллынхан тогтоожээ.
БУРХАНТ БУЮУ БАЯНХААН УУЛ. Бурхант, Шургадай, Оргойт гэсэн гурван оргилтой энэ уул Дэлүүн Болдогоос баруун тийш 30 орчим километрт байдаг. Баянхаан уул бол Чингис хаан мэргидүүдээс зугтаж нуугдан амьд гарч цацал өргөж үеийн үед тахиж байя гэж мөргөсөн Бурхан Халдун уул мөн гэж нутгийнхан үздэг. Зарим судлаач ч үүнийг түүхэн үндэстэй гэж баталдаг.
МАРААНЫ ТАЛ. Дэлүүн Болдогоос хойш Балж голын зүүн хойт талд урт, уужим хөндийг Маралын буюу Марааны тал гэдэг байна. Энд Бартан баатрын хатан Маралын амьдарч байсан гэх домогтой.
ДУВА СОХОР, ДОБУ МЭРГЭНИЙ ХӨШӨӨ. Дэлүүн болдогоос баруун тийш 12 км-т Тэнгэлэг горхины адаг хавийн хойт талын дэнжид маш эртний хэсэг бүлэг босоо чулуун хөшөө байдаг. Үүнийг Дува сохор, Добу мэргэний хөшөө хэмээн нэрлэдэг.
БАЛЖИЙН АРАЛ. Дэлүүн болдогоос 11 км-т Тэнгэлэг горхины адаг Балж голын нэгэн тохойг Балжийн арал гэдэг. Тэнд боржигон овгийн дээд өвөг Бодончир богд өвсөн эмбүүл босгон аж төрж байсан түүхтэй. Энэ газрыг "Сувдан сондор”аяллын эрдэмтэн судлаачид олж тогтоон дурсгалын самбар, өвсөн овоохой босгон тохижуулжээ.
СЭЛБЭГИЙН ДЭВ. Чингис хааны цэргийн зэр зэвсэг, тэрэг тоногийг засч сэлбэдэг дарханы газрыг Сэлбэгийн дэв хэмээн нэрлэдэг болсон гэдэг. Энэ газар Дэлүүн болдогоос баруун хойш хориод километрт байдаг.
УГАЛЗАР ГОЛ. Онон голын хойт талаар урсах жижиг голыг Уулзахын гол гэдэг байсан түүхтэй. Энэ голын дэнж дээр Чингис хаан их цэргээ жагсааж, аян дайны тухай ярилцаж зөвлөдөг байсан домогтой. Бүр хожуу үед Галдан бошигт хаан Уулзахын голд очиж зүүн Монголын ноёдтой уулзаж байсан баримт байдаг. Уулзахын гол олон зууны хугацаанд сунжирч Угалзарын гол гэдэг болжээ.
Алдарт Гурван нуурын амралтад алжаалаа тайлаарай
Эзэн Чингисийн нутагт хөл тавьж өмнө өгүүлсэн эртний түүхийн дурсгалт газруудыг үзсэнээр эх түүхээрээ бахархах сэтгэл хүн бүрт төрнө. Түүнчлэн байгалийн сайханд нүд сэтгэл баясч, алжаал тайлах буй заа. Хэнтий аймгийн Дадал суманд очсон хүн бүхэн Гурван нуурын амралтад очдог. Энэ бол социализмын үеэс үйл ажиллагаагаа явуулж ирсэн томоохон амралт сувилал юм.
Дадал сумын төвийн зүүн талд байрлана. Сувиллын орчин нь бүхэлдээ битүү нарсан ойн дунд Гурван нуурынхаа эрэг дээр байрлах учир байгалийн эмчилгээний цогц газар болно. Нарсан ой нь цэвэр хүчилтөрөгчийн био уур амьсгалын орчин болдог. Нуурын шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Энэхүү шавар нь эмчилгээний үр дүн өндөртэй бөгөөд үе мөчний өвчлөл зэрэгт нэн тустай. Рашаан ус нь их эзэн Чингис хаан анх умдаалсан ус болох Хажуу булагийн рашаан болно. Энэ рашааныг ходоод, дотрын өвчинд эмчилгээний журмаар уулгадаг.
Гол төлөв амьсгалын эрхтэний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараахь үед тохиромжгүй гэж үздэг. Түүнчлэн Гурван нуурын сувилалд бариа засал, зүү төөнүүр, шавар эмчилгээ, усан эмчилгээ, физик эмчилгээ, элсэн шарлага, агаар эмчилгээ, гүүний саам, биеийн тамир эмчилгээ, цахилгаан эмчилгээ зэргийг хийдэг.
Рашаан сувилал болон аялал жуулчлалын чиглэлээр хавсарсан үйл ажиллагаа явуулдгаараа уг амралт сувилал онцлог. Мөн уламжлалт болон европ эмчилгээг хослуулан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Амрагч хүлээж авах хүчин чадал болон суурь бааз, сургалт семинар явуулах өрөө тасалгааны хувьд хүрэлцээ сайтай ажээ.
Түүх сөхөх аваас 1949 онд их эзэн Чингис хааны төрсөн нутаг болох Дэлүүн болдогийн өвөр энгэрт, хүн ардын шүтээн болсон байгалийн эмчилгээний хосгүй цогцолбор Гурван нуурын хөвөөнд анхын амралт сувиллыг байгуулжээ. Уг амралт сувилал 2002 онд "Чингисийн Гурван нуур” ХХК болж рашаан сувилал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм байна. Ингэснээр хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, гадна дотны орны жуулчдыг хүлээн авч үйлчлэх зориулалттай эрүүл мэнд, аялал жуулчлалын хавсарсан үйлчилгээ үзүүлэх болжээ. "Чингисийн Гурван нуур” рашаан сувилал, аялал жуулчлалын бааз нь нэг ээлжиндээ 250-300 хүн хүлээж авах хүчин чадалтай.
Эзэн Чингисийн нутгаар аялахаар төлөвлөж байгаа хүмүүст дуулгахад энэхүү рашаан сувилал, аялал жуулчлалын бааз нь Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Улаанбаатар хотоос 600 км-т, Хэнтий аймгийн төв Чингис хотоос 270 км-т Хэнтийн нурууны хойд хэсэгт, далайн төвшнөөс дээш 1300 метр орчим өргөгдсөн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүн болдогийн өвөр энгэрт, Гурван нуурын хойт эрэг дээр байрладаг. Хэнтий аймаг хүртэл 330 км засмал замаар, Хэнтий аймгийн төвөөс 270 км шороон замаар явж хүрнэ. Бусад дэд бүтцийн хувьд уг амралт сувилал 80 КВт-ын өндөр хүчдэлд бүрэн холбогдсон 24 цагийн цахилгаантай бөгөөд бүх үүрэн телефоны сүлжээ барихаас гадна 3G сүлжээ ордог юм байна.
Дадал суманд очсоноор дээр дурдсан Чингис хааны түүхт газруудаар аялахаас гадна явган аялал, морин аялал, уулын аялал хийж болно. Мөн халх, буриад айлын зан заншилтай танилцах аялал хийх боломжтой. Онон, Балж голд загасчлах ч бас таатай. Өвлийн улиралд цана, чаргаар аялж болдог ажээ.
Чингис хааны төрсөн нутаг Дадал сум орох замдаа Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой. Тухайлбал "Монголын нууц товчоо” зохиогдсон Хэрлэнгийн Хөдөө арал, Тэмүүжинийг хаан ширээнд анх өргөмжилсөн Хар зүрхний Хөх нуур, Тэмүүжин, Боорчи нар уулзан нөхөрлөсөн Хөхүүрийн хөндийн гэрэлт хөшөө, Чингисийн Хэрмэн зам, Баян-Адарга суманд байгуулагдсан Хатдын өргөө зэрэг олон түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхох болно.