Хавдар судлалын үндэсний төвд 10.30 цагт ирэхэд үүдэн дэх машинаас атгасан тасалбар маань 144 дугаартай бөгөөд миний өмнө 47 хүн хүлээж байгааг санууллаа. Анх аавыгаа, 13 жилийн дараа ээжийгээ үзүүлж байх үеийн түгшүүрт бодлууд энэ хүлээлгийн танхимд үлдчихсэн байсан нь эргэн ирэхэд сэргэх нь тэр. Энэ удаа би өөрөө урьдчилан сэргийлэх үзлэгт орохын тулд эмчид үзүүлэх цаг авахаар дугаарлаж байгаа юм. Хүлээх зуур үүдээр орж, гарч байгаа, хонгилоор нааш цааш явж байгаа хүмүүсийг баахан ажиглалаа.
Хүмүүсийн нүд... Гартаа өвчний түүх, шинжилгээний хуудсуудаа нямбай гэгч тэвхийтэл нь барьчихаад горьдлого тээн гялалзах ч цаанаа л өрөвдөм нүдтэй хүмүүстэй зөвхөн ийм газарт л харц тулгарч болдог байх. Тун ядруу царайтай, хүүгээрээ, дүүгээрээ сугадуулчихсан залсан чигт нь дагасхийгээд сажилж байна уу гэлтэй гэлдэрч л явах юм даа. Эдгэж, өвчин шаналлаас ангижрах болов уу гэсэн ялимгүй ч болов найдвар тээсэндээ хүүгээ, дүүгээ дагаад ингэж яваа хэрэг. Ээ дээ, амжсан байгаасай, амьдрах боломжтой хугацааг хожоод эмнэлэг бараадсан байгаасай гэмээр гуринхалсан улс ч харагдах л юм. Хэзээ нэгэн цагт энэ хүмүүс идэрхэн, биеэ эмнэлэгт барагтай үзүүлдэггүй хээгүй гүдэс зангаараа бусдын бахархал болж явсан ч байж мэднэ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар ирсэн бололтой над шиг хүмүүс шинжилгээний сайн хариу сонсчихоод хүүхэд шиг баярлан харьж яваа нь ч харагдана. Урьдчилан сэргийлэх үзлэгийг зориуд зорин ирэх нь өвдсөн хойноо ирэгсдээс цөөн байх юм билээ.
А.Уртнасан, "2016 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд багшаар ажиллаж байхад өрхийн эмч "Хавдрын эсрэг үндэсний аян” явагдаж байгаа, очиж үзүүлээрэй гэсэн. Огт мэдээгүй, төсөөлөөгүй явж байгаад хавдрын хоёрдугаар шат гэсэн онош сонсоод маргааш нь шууд хагалгаанд орсон. Шуурхай оношилгоо хийж, мэс засалд оруулан, эдгэрэхэд минь тусалсан ХААН Банк болон ХСҮТ-ийн эмч нартаа баярлалаа” гэжээ.
Г.Мөнгөнцэцэг, "Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хүн. 2017 онд аймагтаа "Хавдрын эсрэг үндэсний аян"-ы үзлэг оношилгоонд хамрагдсанаар өөрийгөө хавдартайг мэдсэн. Эрт оношлуулсандаа туйлын баяртай байна. Одоо эмчлүүлж байгаа. Эрт илрүүлж, ийм өвчин туссанаа олж мэдэхэд минь тусалсан ХААН Банкны хамт олон болон эмч нартаа баярлалаа” гэжээ. Эмч хүн өдөр бүр "Баярлалаа” гэдэг үгийг сонсдог байх. Биеийг нь үзсэний төлөө, сайхан үг хэлсний төлөө, айхтар шаналгааг нь анагаасны төлөө, хорт хавдрыг нь эмчилсний төлөө, ер эмч хүнд баярлах шалтгаан яасан их. Бүр зарим хүнд эмч мэргэжил эзэмшсэнийх нь төлөө, өөрөө ээждээ очих завгүйгээр миний ээжийг үзэх гээд ирдэг байсных нь төлөө дахин талархмаар байна. Харин эмч хүн хэдийд хамгийн их баярладаг бол? Эмчилснийхээ дараа ч биш, зүгээр л эмчлэх боломжтой хугацаанд амжиж ирсэн, эсвэл урьдчилан сэргийлж биеэ үзүүлэхээр яваа хүмүүст өмнөөс нь хагартлаа баярладаг байж магадгүй.
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нараар баг бүрдүүлэн ХААН Банк Сан болон МҮОНРТ өнгөрсөн 11 жилийн хугацаанд нийт 72440 км зам туулан, Монгол орноо гурван удаа бүтэн тойрохдоо одоогийн байдлаар 130 мянган иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, 600 гаруй хүн хавдраар өвдсөн гэдгээ эрт үедээ мэдэн эмчлүүлж, бүрэн эдгэрчээ. А.Уртнасан, Г.Мөнгөнцэцэг нарын үг бол тэдгээр 130 мянган иргэний төлөөлөл, ердөө хоёрхон хүний л талархал. Ганцхан хүний ард гэхэд л хайртай дотны хэчнээн зүрх элэг бүтэн жаргалаар бялхан үлдээ бол. ХСҮТ-өөс санаачлан ХААН Банк Сан, МҮОНРТ дэмжиж, хамтран хэрэгжүүлж буй нийгмийн сайн сайхны төлөө "Хавдрын эсрэг үндэсний аян”-д тус банк 1.2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд байгаа аж. Энэ мөнгө заримд нь их, заримд нь бүр бага ч санагдаж магадгүй. Гэхдээ огт санаандгүй явж байсан 130 мянган иргэнд хүрч үйлчилсэн, 500 гаруй яаралтай мэс засал хийж эрдэнэт хүний амь насыг аварсан гээд энэ бүх хүний эргэн тойрны хэн болгонд урьдчилан сэргийлэх үзлэг ямар их ач тустай болохыг ойлгуулахад, эрт оношлуулснаар үлдсэн амьдралаа өвдөх зовлонгүй үргэлжлүүлэхэд нь зарцуулсан гэдэг утгаараа дүнгээр хэмжээлшгүй аз жаргалын том хөрөнгө оруулалт болжээ.
Хадгаламж болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг гэх банкны тухай монголчуудын хэвшмэл ойлголтыг "эвдсэн” алхмуудыг ХААН Банк нийгэмд түүчээлэн түгээдгээрээ онцгой юм. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна залуусын оюуны боловсролд хариу нэхээгүй томоохон хөрөнгө оруулсаар ирсэн нь жил бүр уламжлал болон зарладаг ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр билээ.
МУИС-ийн 2018 оны төгсөгч Н.Тэргэл, "Миний бие цаг ямагт өрсөн сайжрахыг чармайдаг, их сургуульд зааж буй мэдлэг бүрийг тархиндаа нэвчин шингээхийг хүсдэг эгэл жирийн оюутан. Би 2018 онд анх ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөрт санаа зовохгүй болж, эцэг эхийнхээ нуруун дахь ачааг хөнгөлж чадсан. Мөн тэр жилдээ тэмцээн уралдаанд төвлөрөн бэлдэж, хүссэн амжилтандаа ч хүрсэн. Одоогоор надад Монголын нэр хүндтэй хоёр компаниас ажиллах урилга ирсэн байгаа. Энэ бүх амжилт, ажлын гараанд ХААН Банкны тэтгэлгийн ач тус их байсан. ХААН Банкны хамт олонд цаашдын ажилд амжилт бүтээлийн дээдийг хүсье. Маш их баярлалаа” гэж хэлжээ. Н.Тэргэл бол энэ хөтөлбөрт хамрагдсан 1900 гаруй залуусын нэг бөгөөд тэдэнд нийт 1 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Эх орныхоо ирээдүй болсон оюутан залуусын сурах их үйлсийг дэмжих нь нийгмийн сайн сайханд оруулж буй ХААН Банкны бодитой хувь нэмрийн нэгээхэн хэсэг болж үргэлжилсээр...
Харанхуй, хүйтэн гэрт хоосон ходоодтой дагжихдаа архичин эцэг эхийн зодуур дор нулимсаа чимээгүй арчин, хэний ч төсөөлөлд багтахгүй тарчлааныг бяцхан биедээ залгин амьдарч байгаа хүүхдүүдийн тухай бид өдөр алгасахгүй сонсон шархирдаг. Харин тэдэнд яаж туслах аргаа олдоггүй. ХААН Банк гэрэл гэгээ хэрхэн гаргахыг олсон. Үүний тулд банкныхаа ажилтнууд болон харилцагчдаа, улмаар бусад аж ахуйн нэгжүүдийг ч хүүхдийн төлөө сайн үйлсэд уриалан, "Ид шидийн орон" төсөлд туслах давалгаа эхлүүлэв. ХААН Банкны хуримтлалын үйлчилгээг ашиглан хэдхэн товчлуур дараад л өдөр болгон 100, 300, 500 төгрөгийн сонголтоор ямар ч шимтгэлгүйгээр хандив шилжүүлэх тохиргоотой "Ид шидтэй ах эгч” болсон хүмүүс энэ нийтлэлийг уншиж байгаа бол танд гүн хүндэтгэл илэрхийлье. "Лантуун дохио” ТББ-ын "Ид шидийн орон" төсөлд таны зориулж буй өдөр бүрийн 100 төгрөг маш олон хүүхдийн амьдралд гэрэл гэгээ авчирч, тэдний өлсөж буйд нь талх, өвдөж буйд нь эм, өнчирч хоцорсонд нь ижий аав нь болж чаджээ.
ХААН Банкны ажилтнууд анх 2017 онд ХААН Банк Сангийн дэмжлэгээр 10 сая төгрөг хандивлаж байсан бол өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 4500 ажилтан нь "Ид шидтэй ах эгч” болжээ. ХААН Банкны удирдлагууд мөн "Ид шидийн орон-2” төсөлд зориулан номын сан иж бүрнээр нь тохижуулж өгөхөө ч амлаад буй. Өгөх нь авахаас илүү аз жаргалыг мэдрүүлдэг учир бий.
ХААН Банкинд, түүний харилцагчдад нийгэмд түгээн дэлгэрүүлсээр буй аз жаргалынх нь төлөө баярлалаа.
Б.Мишээл