“Алтан намар-2020” үйл ажиллагаа нь хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой. Түүнчлэн уг үйл ажиллагааны хаалтыг хааж, нийслэл, 21 аймгаас “Шилдэг аймаг” болоод “Шилдэг тариаланч”-дыг шалгаруулдаг билээ. Ээнэ жилийн “Алтан намар-2020” арга хэмжээний шилдэг “Зохион байгуулалт сайтай аймаг”-аар Өмнөговь аймаг шалгарлаа. Өмнөговь аймгийн ногоочид, хөдөлмөрчидийн хувьд уг арга хэмжээнд жил болгон ирж оролцдог ба өмнөх жилүүдэд шилдэг ногоочид, хөдөлмөрчид хувиараа “шилдэг номинаца”-уудад шалгарч байжээ. Тэгвэл энэ жил анх удаа баг хамт олноороо манлайлж Шилдэг аймаг болж чаджээ.
Булган сумын ногоочин Б.Өнөржаргал: 20 гаруй жил ногоо тарьж байна
-Би Өмнөговь аймгийн Булган сумын иргэн. 20 гаруй жил ногоо тарьж ургацаа борлуулж байна. Энэ жил ургац арвин, сайхан жил байлаа. “Алтан намар-2020″ оны үзэсгэлэн худалдаанд гэр бүлийнхээ хүнтэй хамт ирсэн. Борлуулалт санасныг бодвол сайн байна шүү. Манай Булган сум Улаан лоолиороо алдартай. Энэ ч утгаараа Булганчууд жил бүрийн үзэсгэлэн худалдаанд улаан лооль болон бусад хүнсний ногоо авчирч худалдаалдаг. Энэ жил манай аймаг анх удаа “Шилдэг аймаг”-аар шалгарлаа. Ногоочид тарих амаргүй. Мөнхийн арчилгаа, хөдөлмөр шаардаж байж ургацаа бүрэн бүтэн хураана. Шилдэг “Зохион байгуулалт сайтай аймаг” болсон нь аймгийн удардлагууд, аж ахуй нэгжүүд, ноггчид бидний хамтын ажиллагаа, хүч хөдөлмөрийн шим гэж бодож байна.
Ийнхүү энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр болж “Алтан намар-2020” арга хэмжээг зохион байгуулж, шилдэгүүдээ шалгарууллаа. Энэхүү арга хэмжээ нь дотоодын хүнсний бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгын хүрээнд болдгоороо өргөн агуулгатай юм. Үзэсгэлэн худалдаанд нийслэл болон 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа юм.