Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг Засгийн газар дөнгөж сая УИХ-д өргөн барилаа.
Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын 2019 оны төсөв, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байсан билээ.
Энэ дагуу хуулийн төслүүдийг өргөн бартьж байгаа нь энэ.
Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,676.5 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нийт зарлагыг 11,589.8 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь байхаар тооцсон байна. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний -5.4 хувь байх юм.
Засгийн газар төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн "Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нэгдсэн төсөв болон түүнтэй холбогдох хуулийн төслийг өргөн барьсантай холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.
Сайдын толотгосноор 2019 оны төсвийн орлогыг бүрдүүлэх нь нэлээд чанга шахуу зорилт гэв. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тодотгосон. Төсвийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг зэсийн үнийг 6250 ам доллар байхаар тооцсоныг бодоход нэлээд "даруухан” үнийн хөөс багатай болсон мэт.
Ирэх жилийн төсөв 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөвлөгдөж байгаа бөгөөд үүний 1,3 их наядыг гадаадын зээл тусламжаар, харин 500 орчим тэрбумыг нь мөнгөний урсгалын зөв менежмэнтээр зохицуулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн төсвийн нэг онцлог нь байгалийн баялгийн хуримтлалыг анх удаа үүсгэж байгаа явдал юм. Энэ хүрээнд 2019 онд "Ирээдүйн өв” санд 553 гаруй тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь анх удаа байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлж эхэлнэ гэсэн үг юм.
Эмнэлгүүдийг бие даалгах, тэр дундаа ЭМ-ийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, үр ашгийг нь нэмэгдүүлэх үүднээс 2019 онд зарим эмнэлгүүдийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж туршилтаар бие даасан байдлаар ажиллуулна. Тухайлбал, Нэгдсэн хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлалын Үндэсний төвийг ийм зарчмаар ажиллуулах юм.
Сангийн сайдын мэдээллээс харвал 2019 оны улсын төсвийг боловсруулахдаа зардлын реформыг нэлээд чухалчилжээ.Тухайлбал, яг ижилхэн хоёр объектын барьж байгуулах зардал өөр өөр байдаг. Тиймээс төсвийн норм нормативыг шинэчлэн боловсруулсны үндсэн дээр төсвийн жигд тэгш хуваарилалтыг хангаж байгаа гэв. Үүний зэрэгцээ зарим урсгал зардлыг нэмэгдүүлэлгүйгээр 2018 оны түвшинд барьж байгаа аж.
Ирэх жилийн төсөвт цалин, тэтгэвэр, халамжийг нэмэх, цалингийн сүлжээг шинэчилэхэд зориулж 720 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Түүнчлэн эмнэлгүүдийг бие даалгах, тэр дундаа ЭМ-ийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, үр ашгийг нь нэмэгдүүлэх үүднээс 2019 онд зарим эмнэлгүүдийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж туршилтаар бие даасан байдлаар ажиллуулна. Тухайлбал, Нэгдсэн хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлалын Үндэсний төвийг ийм зарчмаар ажиллуулах юм.
Ирэх жилийн төсөвт орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор зарим нэг арга хэмжээг хэрэгүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тухайн орон нутагт хайгуулын лицензийн орлогын 50 хувийг үлдээхээс гадна Орон нутгийн хөгжлийн санг нийт дүнгээрээ 149 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа аж. Энэ нь нэг аймагт дунджаар 8-10 тэрбум төгрөг нэмж хуваарилагдана гэсэн үг юм.
Мөн ирэх жилээс эхлэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д суралцаж байгаа оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвт 41 тэрбум төгрөг суулгажээ.
Төсөвт сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийг нэмэгдүүлэхэд нэлээдгүй анхаарчээ. Тодруулбал 2019 онд шинээр 46 сургууль, 60 цэцэрлэгийн барилга эхэлнэ. Мөн 32 эмнэлгийн барилгыг шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
2019 оны төсөвт хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувь олгохоор тооцжээ
2019 онд Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн автозам, Налайхын чиглэлийн замын шинэчлэл, Алтанширээгийн Нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалт эрчимтэй өрнөнө.