Орхонтуул сумын засаг дарга 800 га газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлжээ


Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хоёр­дугаар багт байрлах "Зөөхий ухаад” байр­шилтай газар 400 га тариалангийн талбайг 2016 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн А/105 дугаар захирамжаар "Эйч Эс Эл” ХХК-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 33.1.1. дэх заалт 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалт,  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 35 тоот тогтоолыг үндэслэн газар эзэмшүүлэх захирамж гаргасан байдаг. 

Монгол Улсын Газрын тухай хуульд "33.1.1-д энэ хуулийн 29.1,29.2,29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-аар Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан. Гэтэл дээрх 400 га талбайг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 35 тоот тогтоолыг үндэслэн газар эзэмших эрх олгосон. 

Орхонтуул суманд олон жил газар тариалан эрхэлсэн иргэд давуу эрхээр газар авах хүсэлт гаргадаг ч тариалангийн газар байхгүй хэмээж жил дараалан гаргасан өргөдлүүдэд дарагдаад өнгөрдөг тухай сумын иргэд ярьж байсан юм. Мөн уг олгогдсон 400 га газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй аж.

Бид Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатартай утсаар холбогдож яагаад илт хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болголгүй эрх шилжүүлсэн захирамж гаргасан талаар тодруулахад, тэрбээр "Төрийн байгууллагын бичиг баримт яагаад сэтгүүлчийн гарт орчихсон юм бэ. Энэ захирамжийг ажил аваад гурван сарын дараа гаргасан байна. Би газрын даамлын төлөвлөн оруулж ирсэн захирамжид гарын үсэг зурсан. Ажил аваад удаагүй байсан учир мэдэхгүй зүйл олон байсан. Миний зүгээс Сумын хурлын даргад асуулга тавиад ямар учиртай 35 дугаар тогтоол гарсныг нягтлуулсны дараа  "Орхон тариа” ХХК-д эзэмшүүлсэн газрын зөвшөөрлийг цуцална. Компанийн зүгээс биднийг шүүхэд өгч таарах байх даа.

Ер нь чи наад асуудлаа АТГ-т шууд өгчихөөрэй” хэмээсэн юм. Засаг даргын захирамж гарахаас өмнө сумын Тамгын газрын хууль эрхзүйн мэргэжилтэн хяналт тавьж ажилладаг эсэхийг тодруулахаар мэргэжилтэн Д.Мэнд-Амартай утсаар холбогдов. Тэрбээр "Захирамж төлөвлөсөн мэргэжилтнүүд хуулийн зүйл заалтаа бичиж захирамжаа төлөвлөдөг. Тухайлж асуусан 2016 оны А/105, 2017 оны А/52 тоот захирамжуудыг гарахаас нь өмнө хянаагүй. Огт харж байгаагүй захирамж байна” гэсэн юм. Сумын газрын даамлын ажил үүрэгт хяналт тавьж ажилладаг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албаны эх сурвалжтай утсаар холбогдон хууль зөрчиж гаргасан захирамжид хяналт шалгалт хийдэг эсэхийг тодрууллаа. Албаны эх сурвалж "Сүүлийн 2-3 жилүүдэд Орхонтуул сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 400 га-гаар эзэмшүүлэх газар тусгагдаагүй. Иргэдэд газар өмчлүүлсэн тухай ажлын тайлан ирдэг байсан. 2018 оны гуравдугаар сард тус суманд хяналт шалгалтаар ажилласан. Тухайн үед ямар нэгэн зөрчил илрээгүй” гэв. 

"Орхон тариа” ХХК нь "М-Ти-Эс” группын отгон салбар компанийн нэг бөгөөд Газар тариалан, мал аж ахуй, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компани нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд нийт 4800 га эргэлтийн талбайд улаанбуудай, арвай, овъёос тариалж жилд дунджаар нэг га талбайгаас 18-20 центнэр ургац хураан авдаг тухай мэдээллийг компаний цахим хаягт байршуулжээ. Сумын Засаг дарга П.Батбаатарын гарын үсгээр тус компанид "Гэлийн туг” БГБХН-ээс 2017.04.06 өдрийн А/53, иргэн С.Содномпилээс 2017.04.06 өдрийн А/54 тоот захирамжуудаар үр тарианы зориулалттай нийт 400 га талбайн эрх шилжүүлсэн байдаг байна. Ингэснээр нэг өдрийн дотор "Орхон тариа” ХХК –нь 800 га талбайг эзэмших эрхтэй болж байгаа юм. Жирийн иргэд асуухаар олддоггүй газар тариалангийн талбайг нэг компанид хэдэн зуун га-гаар нь нэг дор өгсөн асуудлын ард нь их хэмжээний бэлэн мөнгөний асуудал байж болзошгүй хэмээн сумын иргэд хардаж байгаагаа нуухгүй байлаа.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.