-Нийгмийн сүлжээг зохицуулах хууль бүхэлд нь хориг тавиад хаях зүйл биш-
Монгол Улсад цахим залилан хийж байсан 800 орчим хятад иргэнийг нэг дор илрүүлсэн баривчилгаа ердөө 2019 оных. Тэдний толгойлогчдыг цахим залилангийн хийж, мөнгө угаасан гэдэг үндэслэлээр шүүхээс ялласан. Монгол Улсад өөрөөр ямар үйл ажиллагаа зохион байгуулсан гэдэг мэдээлэл бүрхэг. Түүнээс хойш 2020-2022 онд монголчууд хэдэн зуугаараа цахим луйвар, бэлгийн мөлжлөгийн хохирогч болжээ.
Энэ бол цахим орчин, нийгмийн сүлжээнд шүүлтүүр хэрэгтэйг сануулж буй дохио. Ялангуяа 2022 онд олон нийтийн сүлжээнд хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг 2 дахин өссөн. Гэтэл ийм эмзэг сэдэв барьж авсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал УИХ-аар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой хууль батлуулахдаа маш том алдаа гаргачихлаа.
Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын санаачилж, батлуулсан хуулиас болж нэг намын нөхдөөсөө бүрдсэн УИХ-тай анх удаагаа тулах өдөр ирэв. МАН-аас Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш анх удаагаа УИХ-аас баталсан хуульд хориг тавьж буйгаа өнгөрсөн баасан гараг (2023.01.27)-т хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганаар 3 хоногийн дотор баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд яг ямар үндэслэлээр хориг тавьж буйгаа тайлбарлаж амжаагүй байна. Энэ мөчид хуульчид нь ажиллаж байгаа биз. Тэгвэл олон нийтийн нэг хэсэг нь Ерөнхийлөгчийг өөрийнхөө захиалсан хуульд хориг тавьж байна гэж хардаж байгаа бол хуулийг эсэргүүцэгч тал Ерөнхийлөгчийг ардчилсан нийгмийн тулгуур хүний эрхийг хамгаалагч байж чадсан мэтээр магтан сайшаах аж. Ямартай ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-аас баталсан хуульд анх удаагаа хориг тавьсан явдлын өрнөл хэсэг ирэх өдрүүдийн гол сэдэв байх нь ойлгомжтой боллоо. Сэдвийн хувьд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль өөрөө хүний эрх-эрх чөлөө, улсын эрх ашиг-үндэсний аюулгүй байдал, бизнес-эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулах хязгаарлашгүй өргөн цар хүрээтэй.
Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч. Түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 92 хувь нь олон нийтийн “Фэйсбүүк” сүлжээнд хаягтай байгаа нь цахим орчны харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага байгааг харуулж буй. Энэ утгаараа нийгмийн сүлжээг зохицуулах хууль бол бүхэлд нь хориод хаях зүйл биш гэдэг нь ойлгомжтой.
Нөгөө талаасаа хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах Үндсэн хуулийн шалгуур уг хуульд ч тавигдаж таарна. Харин Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч эдгээрийг хэрхэн зохицуулахаар тооцож байгаа нь сонин. Бас хууль санаачлагч Засгийн газар, эх баригч УИХ-ын зүгээс гаргасан шийдвэрээ хэрхэн хамгаалах нь бүр илүү анхаарал татаж байна.
Хууль батлах дэг журмыг эвдэв
Ерөнхийлөгчийн хуульчдын зүгээс УИХ Дэгийн тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулиудыг зөрчсөн гэдгийг үндэслэлээ болгох нь дамжиггүй. Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 19-нд хэлэлцэх эсэхийг нь дэмжиж, 20-нд нь баталсан. Ердөө 3 хоног амжуулсан. Ингэхдээ “Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа юм байна” гэх ойлголтоор УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй эрх баригч намын 40-өөд гишүүн хүч түрэн, сөрөг хүчингүйгээр баталж орхив. Гэтэл яг хууль батлагдах мөчид нийгмээс гал авч, хүний заяагдсан эрхийг хаагаад зогсохгүй, шүүх эрх мэдлийн эрхийг нэг яамны мэдэлд шилжүүлсэн, хууль батлахад цэг, тэмдгийн тоглолт хийж утга найруулга гуйвуулсан зэрэг хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Харин хууль санаачлагчид УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралд хуулиа тайлбарлах даалгавар бөгөөд нөгөөх нь өөрийгөө УИХ-ын хурал танхимд гавьяа байгуулж байгаа мэтээр хөмхий зуун, хөмсөг зангидан өмөөрснөөр нийгмээс ирж буй галыг бүр өрдөж орхисон.
Хуультай байх, байхгүйн эрсдэл
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн гол зарчмуудын нэг хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг уг хууль зарим зүйл заалт болон хуулийг даган орж ирсэн хуулийн өөрчлөлтүүд хүний эрхийг зөрчих эрсдэлтэй талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан, УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд байр сууриа хүчтэй илэрхийлээд байгаа.
Тийм эрсдэл байгаа учраас Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа гэж ойлгов. Гэхдээ “бүхэлд нь” гэдэг өөрөө алдаа болж мэднэ. Цахим орчинд гарч буй хүчирхийлэл, залилан, хулгай, дээрэм, цаашлаад улс, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа гадаад, дотоодоос явуулж буй кибер халдлагыг хязгаарлах асуудлыг зүгээр ч нэг орхиж болохгүй.
Ганцхан тоо баримт дурдахад, гадаадын 40 гаруй улсаас Монгол Улс руу жилд дунджаар 4 тэрбум халдлагын ирдгийг Үндэсний дата төвийнхөн таслан зогсоодог. Монгол Улсад үүнийг таслан зогсоох, гадаад эх үүсвэртэй мэдээллийг олон нийтийн сүлжээнд шүүхгүй орхивол аюулгүй байдлын бодлого алдагдах эрсдэлтэй. Цаашлаад цахим мэдээллийн хурдаар хязгаарлагдахгүй мета орчин яригдаж байгаа энэ үед нийгмийн сүлжээний харилцааг ямар нэг зохицуулалтгүй орхих нь анархизмд хүргэх аюултай. Тиймээс Монголын 3 сая иргэн, дэлхийн олон тэрбум хүн хил хязгааргүйгээр эдийн засаг, улс төрийн маш өргөн харилцаанд орж байгаа нийгмийн сүлжээг зохицуулах шаардлага хүссэн ч, эс хүссэн ч тулгарч байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгэнтээ “Хүний эрх үү, улс үндэстний аюулгүй байдал уу гэдэг сонголт миний өмнө ирвэл, би улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавина” гэж хэлж байсан удаатай. Нэг гэр биш бүхэл бүтэн улс орны төрийн тэргүүний хувьд энэ бол зайлшгүй сонголт. Ерөнхийлөгч хуульд хориг тавихдаа хэсэгчлэн буюу зүйл заалтуудыг нь сайжруулах шаардлага үүнээс үүсэж байгаа.
Нэгдүгээрт улсын эрх ашиг
Олон нийтийн сүлжээнд нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой, зориудаар үндэсний эв нэгдэл, улс төр-эдийн засгийн бүлэглэлийн төлөө ажилладаг тролл байх ёсгүй. Тэр тусмаа аль нэг гадаад улсын тусгай алба, улс төрийн намын төлөө ажилладаг троллууд байх ёсгүй гэдэгтэй олон нийт санал нэгдээд байгаа. Троллууд нийгмийн сэтгэл зүйг чиглүүлж, сонгуулийн үр дүнд нөлөөлөөд зогсохгүй төрөөс гарч буй шийдвэрт хүртэл нөлөөлдөг болсныг бүгд харж мэдэрч байгаа. Тиймээс олон нийтийн сүлжээнд зохицуулалт хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй гэдгийг хүний эрхийг Монголоос илүү дээдэлдэг улс орнууд хүлээн зөвшөөрөөд эхэлсэн.
Интернэт технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Япон, Өмнөд Солонгос, Америк, Герман зэрэг оронд мэдээллийн агуулгыг бүр мөсөн хаах болон шүүлтүүр тавих гэсэн 2 үндсэн аргын альн нэгийг сонгон ашиглаж байгаа. Харин Ерөнхийлөгчийн хориг тавихаар болсон хуульд энэ 2 аргыг 2-уланг нь тусгаж, ЦХХХ-ны сайд Н.Учралын дэргэд шүүлтүүр хийх нэгж байгуулна гэснийг олон нийт хүчтэй эсэргүүцэж байгаа.
Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс гаднаас ирж буй хадлагыг таслан зогсоох, тролл хаягуудтай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжсээр ирсэн. Харин Н.Учрал томъёолж танилцуулахдаа алдаа гаргачихсан. Тэгвэл олон улсын судлаачдын зүгээс цахим олон нийтийн сүлжээ, цахим орчныг бүхэлд нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт багтаан авч үздэг болоод удаж байгаа. Олон улсын хэмжээнд гадаадын тусгай албад гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулахдаа нийгмийн сүлжээг өргөнөөр ашигладаг болсныг анхааруулдаг. Тухайлбал, Украин, Оросын дайны хүрээнд кибер орчныг дайны талбар, тэнд өрнөж явуулж буй мэдээллийн урсгалыг дайны нэг бүрэлдэхүүн гэж үзэн өөр өөрсдийн кибер армиар тулаан хийж байгаа. Энэхүү “хосолмол” хэмээн томъёолж байгаа дайны гол талбар олон нийтийн сүлжээ болж хувирсан нь өдрөөс өдөрт батлагдаж байна. Тиймээс эх гүүрнүүдийн зүгээс дэлхийн цахим орчны өнөөгийн төрхийг “дайны байдалтай байгаа”, зарим нь бүр “интернэтийн орчинд дэлхийн-III дайн хэдийнэ эхэлчихсэн” хэмээн тодорхойлжээ. Гэтэл Монгол Улс үүнд бэлэн үү!?
Эх сурвалж: Шүгэлүлээгч.мн