Манай улсад нийтийн хэрэглээ болсон ус, сүү цагаан идээ гээд бүх зүйлээ хийдэг шар, цэнхэр савнууд нь зориулалтын бус бөгөөд химийн хортой болон аюултай бодис хадгалах, тээвэрлэхэд нэг л удаа ашигладаг. Өдгөө зургаан сая гаруй ширхэг төрөл бүрийн өнгө хэмжээтэй хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтаар ашиглаж байна.
Нарантуул зах дээр л гэхэд ойролцоогоор 3000 гаруй хуванцар сав худалдаалж буй. Хөх өнгийн сав нь маш хортой идэмхий, хүчиллэг шинж чанартай олон химийн элемент агуулдаг. Уг саванд удаан хугацаагаар химийн бодис хадгалах, хол тээвэрлэх, халуун хүйтэнд тэсвэртэй байлгах, гадны хүчтэй цохилт, доргилтод тэсвэртэй болгох зорилгоор түүхий эдийн найрлагад нь хар тугалга, формаль дегид, аммиак, зэс, төмөр зэрэг хүнд металл хольж үйлдвэрлэдэг байна.
Ус, сүү, сүүн бүтээгдэхүүн хадгалаад байгаа хуванцар савнуудаас хүнсний бүтээгдэхүүнд 0.01мг/л хар тугалга шилжиж болно гэж ДЭМБ-аас мэдээлсэн байдаг. Тэгвэл тосны шар савнаас 500-800, хөх савнаас 60-72 дахин их хар тугалга бидний хоол хүнсэнд шилжин ордог байна. Харин формаль дегидийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь тосны шар саванд 1800-3900, хөх саванд 3600-6900 дахин их байна.
Хуванцар савнуудыг хэрэглэх зориулалтаар нь 1-7 хүртэл тэмдэглэсэн байдаг. Үүнийг ч манай иргэд зарим нь огт мэдэхгүй, зарим нь сонсож байсан тэгсэн ч хүнсэндээ хэрэглэдэг хэмээн хариулж байна. Тэрхүү долоон тэмдэглэгээг авч үзвэл:
PET/PETE Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар. Дахин ашиглах боломжтой хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага.
HDPE Сүү, тараг, шүүс болон угаалгын нунтаг бодис зэргийг савладаг. Дахин ашиглах боломжтой хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага.
V/PVC/ Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Нунтаг бодис, шампунь, биеийн шингэн саван, хуванцар тавилгууд хийдэг. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хоол хүнсний зүйлийг агуулж болохгүй.
LDPE /нягтрал бага/ Сав баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга, хивс зэргийг хийдэг байна. Дахин ашигладаггүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага юм.
PP Тараг шүүс зэрэг уух шингэн зүйл, эм бэлдмэлийг савлахад хэрэглэгдэх бөгөөд хэрэглэхэд хамгийн аюулгүй хуванцар. Дахин ашиглаж болно.
PS Энэ төрлийн хуванцар ихэвчлэн хүнсний зориулалтын хуванцар сав, CD-ний хайрцаг зэргийг хийдэг. Хүний биед хор хөнөөл ихтэй. Дахин ашиглах боломжгүй.
OTHER Бусад тэмдэглэгээнүүд: Уг хуванцрын төрлөөр голдуу шүдний эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг байна. Энэ төрлийн хуванцрын зарим нь аюулгүй байдаг бол хатуу, нягт поликарбонатыг агуулсан хуванцар нь аюултайд тооцогддог. Поликарбонат агуулсан хуванцарт биспонел А бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний биеийн гормон ялгаруулах үйл ажиллагаанд хор учруулдаг байна.
Иймээс нийт иргэд өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэгдэж буй хуванцар савны тэмдэглэгээг сайн мэдэж байх нь чухал юм. "ЭйСиЭ Монгол” компани МХЕГ-тай хамтарч 2008 оноос хойш техникийн хөх саванд ус хийдэг айлуудыг судалгаанд хамруулж жил бүр шинжлэн судалжээ. Усны дээжийн шинжилгээгээр 50-иас дээш хувьд нь нян, хорт бодисууд илэрсэн байна.
Олон улсын жишгээр тусгай хуванцар савнуудыг стандартын дагуу устгадаг бөгөөд бусад зориулалтаар ашиглахыг хатуу хориглодог. Харин манайд өрх бүр хорт бодис агуулсан сав ашигласаар л байна.
Хуванцар савыг эхний ээлжид нийлүүлэлтэд анхаарч зах худалдааны төвүүдээр худалдаалахыг хориглож иргэдэд хуванцар савны хор хөнөөлийг ойлгуулах нь чухал болоод байна. Заавал хуванцар гэлтгүй хөнгөн цагаан бетон буюу бидний хэлж заншсанаар дөчийн, арвын, тавын гэх зэрэг бетонуудаа хэрэглэж болох юм. Дотооддоо эдгээр бетонуудыг үнийн уян хатан нөхцөлтэйгөөр үйлдвэрлэж чадвал бид цэнхэр, шар хорт бодистой савнуудыг халах бүрэн боломжтой юм.
Эх Сурвалж: Дүүрэнжаргал