Богдын хойд дүр тодруулах нь ердөө л цаг үеийн хэрэгцээ, шаардлагаар зохицуулагддаг зохиомол арга хэмжээ ...


Х Богд хэрэгтэй бол...
   
Буддизм, Бурханы шашны анх үүссэн суурь, үндэс бол Будда гэх түүхэн хүний суралцаж, судалж, бодож боловсруулаад бичиж үлдээсэн үзэл, онол юм.
Хүн бол оюун ухаантай, сэтгэдэг амьтан. Орчноо, бас өөрийгөө оюун ухаандаа тусгаж, таньж, ойлгоод дотоод сэтгэлдээ зураглан үлдээж чухамхүү түүндээ түшиглэж үйл ажиллагаа өрнүүлдэг. Хүний дотоод сэтгэл хүүхэд ахуй цагаасаа үүсвэрлэн бүрэлдсээр төлөвшиж бүтдэг. Тооны ухааны үүднээс дүрслэн хэлэх аваас хүн нь дотоод сэтгэлээсээ хамаардаг функци юм. Дотоод сэтгэл нь бохир, зохисгүй бол тэр хүн муу хүн. Муу хүн муу муухай ааш авир, үг, үйлдэлтэй. Дотоод сэтгэл нь цэвэр, ариун, хүмүүнлэг аваас тэр хүн сайн хүн. Сайн хүнээс сайн үг, сайн үйлс, хүмүүнлэг сэтгэл, ачлал, буян, эв найр ундарч орчноо дэмжиж, тэтгэж, баясгаж байдаг. 
Ертөнцийн жам, хүмүүний ёсыг ухаарч гэгээрсэн хүний дотоод сэтгэл цэвэр ариун, хүмүүнлэг болдог. Гэгээрсэн хүн ам хэлээрээ, биеэрээ, сэтгэлээрээ буруу, муу зүйлийг хийж нүгэл үйлддэггүй.
Өөрөө зөв амьдарч, өрөөл бусдыг зөв амьдрахад сургаж, хүн хүндээ нөхөр, түшиг болж явахын сайхныг биеэрээ үлгэрлэж байх нь хүн бүхний үүрэг мөн болохыг Будда таньж мэджээ. Зовлонгийн шалтгааныг арилгах аргаар зовлонгоос хүмүүс ангижирч болохыг тэрээр ухаарч үг ба үйл нь сайн аваас үр дагавар нь мөн сайн байхыг сурталчилж байв. Буддагийн сургаал, номлол нь анхандаа ийнхүү хувь хүмүүний амьдрал, аж байдал, оюун санааны ертөнц, зовлон жаргал, зорилго тэмүүлэлтэй холбоо бүхий нийгэм-философи, ухамсар, сэтгэлзүй, танин мэдэхүйн гол чухал асуудлуудыг шинжилж, учир аацааг нь олж, тайлж нийтэд сурталчлан гэгээрүүлэх шинжтэй, тухайн цаг үедээ бол шинжлэх ухааны гэгдэхээр мэдээлэл, мэдлэг, дүгнэлтүүдийг агуулсан ихээхэн дэвшилттэй үзэгдэл мөн байв. Буддагийн үзэл, номлолыг цааш цааш нь цэвэр шинжлэх ухаан, ёс зүй, сэтгэлзүйн шинжлэл, гүн ухааны шинжлэл байдлаар уламжлан хөгжүүлсэн эрдэмтэн мэргэд Энэтхэгт, Төвдөд, Хятадад, Монголд цөөнгүй байжээ. Харин Буддагийн үзэл сургаалд суурилсан шашин, түүний урсгалууд нь Жагарын их сэтгэгчийн амьдлаг, шинжлэх ухаанч үзэл, онолыг ид шидийн хүч, нөлөөтэй тарни, шившлэг, адис, энерги, увдислагч хүч мэтээр сурталчлах, ашиглах болжээ. Ингэж хүмүүсийн дотоод сэтгэлийг ариусгаж, номхруулж, гэгээрүүлэх ёстой үзэл, сургаал маань төрөл арилжиж бүр мунхруулах, мухар сүсгийг төрүүлэх, хуурах, хоосон горь төрүүлэх, мэхлэх, луйвардах хэрэгсэл болж хувирчээ. Лам нарын ихэнх нь мухар сүсэгтнүүдэд зориулан залбирал, ерөөл, тарни мэтийг үл ойлгогдох харь хэлээр уншиж өргөл, барьц цуглуулах үйлсэд оролцсоор насыг элээдэг болжээ. Буддагийн үзэл, сургаалыг жинхэнэ ёсоор нь ойлгох, сурталчлах, шинэ нөхцөлд тохируулан бүтээлчээр хөгжүүлэх хэрэгт хувь, нэмэр болдог лам нарын тоо өдрийн од шиг болтлоо цөөрчээ. 
Засаг захиргааны нэгж болгоныг шүтээнтэй байлгах, бүр давраад амьд бурхад, хутагт хувилгаадтай болгоод тэдний хойд дүрүүдийг тасралтгүй тодруулж байхыг Далай лам, Банчэн эрдэнэ нар бараг л хуульчлан мөрдүүлэх болсон нь яг хэрэг дээрээ бол мухар сүсгийг хөөрөгдөх, гэгээрүүлэх биш мунхруулах технологи болж зуршчээ. 
 
Хутагт хувилгаадын дараачийн дүрийг тодруулсан байдлыг цаг хугацаа (эрт, орой), тодруулсан арга (шийдвэр гаргасан хүмүүс), тодруулсан нутаг орон (шашин дэлгэрүүлэх хэрэгцээ, шаардлага), дундаа завсарлагагүй нэг л улс оронд угсран тодруулсан хэмжээ, давтамж, чухам хэнийг онцолж тодруулсны цаадах далд санаа, зорилго, чухам яахлаараа Манжийн хаан батламжилж ирсний учир гэх мэт олон талаас нь нягтлах аваас энэхүү үзэгдлийн нууцууд илчлэгдэн тодрох ажээ. 
Монголын сүсэгтэн олонд зориулан тодруулж асан Жавзандамба хутагтын хойд дүрүүд нь өмнөх дүр жанч халсны дараа бүгд хоёр жилийн дотор багтан мэндэлж, бүгдийг нь 4–6 настайд нь Монголд залж авч ирж байжээ. Ингэж 1–2 жилд л монголчууд амьд бурхангүй байдаг байлаа. Тэгвэл 8–р Богд таалал төгссөнөөс хойш бүхэл бүтэн 75 жил Монголд амьд бурхан байсангүй. Харин шашин шүтэх эрх, бололцоо сэргэсний дараа шашны тэргүүн–амьд бурхны хэрэгцээ, шаардлага гарсны улмаас өмнөх уламжлалыг залгамжлан авах сонирхол (хэрэг дээрээ нэгдсэн удирдлагагүй, бас эв нэгдэл тааруу, өндөр дээд нэр төртэй ихэс дээдэсгүй болчихсон) сүм хийдүүдийн удирдлагад төржээ. Тэгээд 68 нас сүүдэртэй, бэлэн, ирмэгцээ л шашны хэрэг, зан үйлд манлайлан оролцох боломжтой хүнийг тодруулан залсан байна. Хэрэв өмнөх 8 Богдын адилаар 1–2 жилийн дотор 9–р Богдыг тодруулсан бол огт өөр хүн байх байжээ. Эндээс үзэх ахул эргэж төрөх, хойд дүрээр тодруулах ажил ердөө л цаг үеийн хэрэгцээ, шаардлагаар зохицуулагддаг хиймэл, зохиомол арга хэмжээ мөн байна. 
Нийтдээ 240 жилийн туршид (1635–1924 он) амьд бурхантай байсан уламжлалын эрч, хүчинд дулдуйдаж жаахан гоомой хийгдсэн уг ажил зорилгоо маруухан биелүүлсэн гэж үнэлж болохоор дуусчээ. XXI зууны 20–иод оны өндөрлөгөөс уламжлал ба шинэчлэлийг хослуулан нарийн нягт хандаж "эргэж төрсөн” биш, харин "эрдэм ухаанаар гэгээрч, ёс жудгаар хэтийдсэн, эндүүрэлгүй сайн” нэгэн монгол хуврагийг Х Богдоор тодруулаасай билээ. "Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг, "Өөрийн юм өргүй” гэдэг... Нялх хүүхэд биш, сүсэгтэн олны төлөө зүтгэх сэтгэлтэй мэргэшсэн хувраг байвал сайн сан. Нялх хүүхэд хэн ч болж хувирч болох юм. 
"Хойд дүрийн эрэл” зөвхөн Монгол, Төвдөд хүчтэй байгаа нь чухам юуны шинж вэ? Арай хоцрогдлынх биш биз?
 
х          х          х
 
Оюун ухаанаараа амьтнаас ялгаатай хэдий ч хүмүүс бол мөн л амьтан билээ. Тиймээс тэд аюултай бүхнээс айдаг, хоол олж идэх гэж чармайдаг. Айх мэдрэхүй ч төрөлхийн, өлсөх мэдрэхүй ч төрөлхийн, бүр мөнхийн гэж хэлж болно. 
Хүмүүс сүргээр амьдрах, нийгэмших хэрээр тэднийг айлгадаг, түгшүүр төрүүлдэг, итгэл, сэтгэл алдагдуулдаг, тамирдуулж, доройтуулдаг шалтгаан, хүчин зүйлүүд өсөж олон болсоор иржээ. Хүний бие, эрхтэнд нөлөөлдөг өвчин, эмгэг, сэтгэл санаанд нөлөөлдөг гай зовлон, дайн, хулгай, дээрэм, элдэв хүчирхийлэл, аюул осол ч ихэд нэмэгджээ.
Гай зовлонд нэрвэгдсэн, өнчин өрөөсөн болсон, аргагүй, арчаагүй байдалд орсон, өвчин тахал туссан хүмүүст сэтгэл санааны засал, тайтгаруулалт хэрэгтэй болжээ. Энэ хэрэгцээ, шаардлагыг хангаж байх өвөрмөц үйлчилгээ болж бөө мөргөл, шашин анх үүсчээ. Гэвч одоо өмнөх байдал өөрчлөгдөж бие хүний сэтгэл санааны болон бие эрхтний зовиурыг сэтгэлзүйчид, эмч нар, сувилахуй ухааны ажилтнууд бүрэн, дүүрэн арилгаж, нимгэлж, мэдлэгт суурилсан нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх болов. Хөгжилтэй орны иргэдийн дийлэнх олонх нь шинжлэх ухаанд суурилсан үйлчилгээг эрхэмд үзэх болжээ. Чухамхүү нөхцөл, байдал ийм болсон учир бүх шашинд, шашны бүх урсгалд шинэчлэлт хэрэгтэй болоод байна.
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.