МУГЖ Н.ТӨМӨРХУЯГ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ


МУГЖ Н.ТӨМӨРХУЯГ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

 

"Ухаарч амьдрах хорвоо”, "Насны намар” зэрэг уран бүтээлээрээ ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Намдагийн Төмөрхуяг таалал төгсчээ. Энэ талаар УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нүүр номондоо "Хайран сайхан дуучин ах маань Тэнгэрийн оронд дэвшжээ.
 
Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хэмээн өөрийнх нь дуулдаг шиг гашуун мэдээг сонсох ямар хэцүү байв аа...Гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн  бичжээ.

 
 

 
Намдагийн Төмөрхуяг нь 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжилийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар 1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн "Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон юм.

Тэрээр 1987 оноос Монголын радиогийн алтан фондонд "Амьдрал хайр дээр тогтдог”, "Саа мөнгөн хэрлэн”, "Халхын сайхан хүүхнүүд”, "Зүүдэн бороо”, "Насны намар”, "Ухаарч амьдрах хорвоо”, "Хорвоод ганцхан ээждээ”, "Намрын дурсамж”, "Зүүдэлсэнгүй явлаа”, "Ханийн минь нутаг”, "Өр өвтгөх юм бүхнийг дуул” дуунуудаа бичүүлж ард түмний хүртээл болгосон нь эдүгээг хүртэл эгшиглэж ард түмний сонорыг мялаасаар байгаа юм.

Түүний уран бүтээлүүд Монголын радиогийн "Цагаан лавай” , "Морин хуур” наадмын тэргүүн, дэд тэргүүн шагналуудыг удаа дараа хүртсэн төдийгүй Монголын орчин цагийн дууны урлагт томоохон хэмжээний шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн билээ.



Намдагийн Төмөрхуягийн дуу хөгжмийн урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан онцгой хувь нэмэр, авъяас чадварыг үнэлж 1989 онд МХЗЭ-ийн Төв хорооны "Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2006 онд Монголын Авъяастны төлөө холбооноос "Монголын Ард Түмний Гавъяат дуучин” 2011 онд "Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон” "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан", 2014 онд "Монгол Улсын гавьяат жүжигчин" цол тэмдгээр тус, тус шагнаж байжээ.





 
Талийгаачийн монголын урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр болон уран бүтээлүүд ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.