Вашингтон, Бээжин хоёрын хооронд худалдааны дайн дэгдсэн энэ үед Хятадын цахим худалдааны "Алибаба” групп АНУ-д нэг сая ажлын байр бий болгоно гэсэн амлалтаасаа татгалзжээ. Энэ тухай тус компанийн захирал Жэк Ма мэдэгдсэнийг "Синьхуа” агентлаг өнөөдөр иш татан мэдээллээ.
"Энэхүү амлалтыг өгөх урьдчилсан нөхцөл нь Хятад-Америкийн түншлэл, худалдааны зохистой харилцаа байсан. Гэтэл өнөөдөр ийм нөхцөл байхгүй учраас бидний амлалт биелэх боломжгүй” гэж тэрбээр Ханжоу хотод болсон "Алибаба”компанийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Жэк Ма-гийн үзэж байгаагаар, Вашингтон, Бээжингийн хооронд дэгдсэн худалдааны дайн 20 жил сунжирч магадгүй аж.
Өнгөрсөн оны 1 дүгээр сард тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзах үеэрээ "одоо байгаа онлайн талбаруудаа ашиглан Хятад болон Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад нь Америкийн бизнес эрхлэгчдэд тусалснаар ойрын 5 жилийн хугацаанд АНУ-д нэг сая ажлын байр бий болгоход” чиглэсэн "Алибаба” компанийн төлөвлөгөөг танилцуулж байжээ.
Сэтгэгдэл