Филиппиний Паппана хотод амьдардаг гурван настай бяцхан охин ганцхан өдрийн дотор дэлхий даяар алдартай од болж чадлаа. Хэйли Николь Кустодио хэмээх энэ эгдүүтэй хөөрхөн охин дуу дуулж, бүжиг бүжиглэж, эсвэл бяхан миссийн тэмцээнд ч оролцоогүй.
Тэр зүгээр л гэрийнхээ хөргөгчинд байсан амтат жигнэмэгийг гараараа барилгүйгээр олон тоогоор идэж чадсан нь. Бас хүүхдийнхээ ийнхүү идэж байгааг ээж нь гар утсаараа бичлэг хийн сошиал орчинд байрлуулсан нь охиныг од болгосон юм. Хэйлигийн бичлэг болон зургуудыг үзсэн сая сая хүмүүс нэгдүгээрт түүний жигнэмэгийг ямар чадварлаг, бас өвөрмөцөөр идэж байгааг нь, харин хоёрт эгдүүтэй хөөрхөн төрх байдлыг нь өхөөрдөн бахдаж, хэдэн мянган сэтгэгдэл бичиж, бас олон мянган шэйр, subscribe хийжээ.
Youtube-д байршсан түүний бичлэгийг ганцхан өдрийн дотор 30 мянгыг хол давсан хүн үзчихээд байна. www.youtube.com/watch?v=Ljl1bBF8SH8 Нэг төрлийн өвөрмөц авьяастай гэж хэлж болох гурван настай филиппин охин жигнэмэгийг эхлээд хамар дээрээ байрлуулах агаад улмаар хамарнаасаа ам руугаа эвлэгхэн гэгч нь гулгуулан оруулж, идэж байгаа энэ бичлэг сүүлийн хэдэн өдрийн дэлхий нийт, тэр дундаа азийн интернэт хэрэглэгчдийн гол тренд болж чадлаа.
Өхөөрдөм хөөрхөн охин зүгээр ч нэг хамран дээрээсээ жигнэмэг идээд зогсохгүй өөрийн дуртай бүжгийн хөдөлгөөнүүдээ хийж, төрөл бүрийн ааль маяг үзүүлсэн нь олон хүнд таалагдсан бололтой. "Үнэхээр эгдүүтэй юм аа”, "Миний охин байсан ч болоосой. Яасан хөөрхөн юм бэ” гэсэн хэдэн мянган сэтгэгдэлийн эзэн болоод байгаа Хэйли охин бол Филиппиний жижигхэн хотын жирийн л нэг дундаж амьдралтай айлын охин аж.
Интернэт, сошиал хэмээх энэ хэрэгслийг ашиглан санаатай болон санаандгүй байдлаар хүн яаж л бол яаж олны танил болох боломжтой цаг үед амьдарч байгаа нь зарим талаар бидний аз гэхээс өөр юу гэх билээ.
Сэтгэгдэл