"Т.Лхагвасүмбэрэл хөнгөн зэргийн согтолттой, живж үхсэн"


 Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, Мөрдөн байцаах газрын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцог, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, ажлын хэсгийн гишүүн Б.Манлайбаатар нар мэдээлэл хийлээ.

 -ТАЛИЙГААЧИЙН АВТОМАШИНААС ХАГАС ШИЛ АРХИ,
ХОЁР ХҮНИЙ ГАРЫН ХЭЭ ОЛДСОН-

Ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцогт хэлэхдээ, Энэ хэрэг нь анх 2015 оны нэг сарын 5-ны өдөр талийгаач гэмт халдлагад өртсөнөөр эхэлсэн байдаг. Түүнийг Сүхбаатар дүүргийн нутаг, тавдугаар сургууль орчимд ажлаа тараад явж байх үеэр хар машинд суулгаж сүрдүүлсэн байдаг. Энэ талаар талийгаач Ирвэс хамгаалах сангийн захиралдаа мэйлээр мэдэгдсэн боловч цагдаагийн байгууллагад өөрийн биеэр гомдол санал гаргаж байгаагүй. Харин Ирвэс хамгаалах сангийн захирал  А.Баяржаргал гэх эмэгтэй хэргийг шалгаж өгөх хүсэлт тавьсан.

Өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, прокурорт шилжүүлсэн хэдий ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгээгүй. Үүний дараа дахин халдлагад өртөж, гүрээн тус газраа зүсүүлсэн гэсэн боловч тэр үед мөн цагдаад хандалгүй гэмтэлд очиж шархаа үзүүлээд, хувийн эмнэлэгт эмчлүүлсэн байдаг. 2015 оны 11 сарын 5-ны өдөр тэрээр гэрээсээ гараад алга болсон тухай мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгаж, замын хяналтын камерын бичлэгээс түүний явсан замыг олж тогтоосон байдаг. Тэрээр нийт 1200 км газар явсан ба Хөвсгөл аймаг руу нэвтрэх камертай замаар ороогүй, өөр гарцаар нэвтэрсэн нь тогтоогдсон.

Хэргийн газрын үзлэгээр автомашинаас "Сархад” нэртэй хагас шил архи ундаа, хоёр хүний гарын хээ болон хоёр ширхэг гар утас олдсон байдаг. Гар утасны цэнэг дууссан учир компьютертэй холбож талийгаачийн ар гэрийхэнд бичлэгийн хуулбарыг өгсөн. Задлан шинжилгээгээр түүнийг хөнгөн зэргийн согтолттой, үхлийн шалтгаан нь амьсгалын замд ус орсноос буюу ЖИВЖ ҮХСЭН гэсэн дүгнэлт гараад байгаа. Ажлын хэсгээс түүний энэ үхэл хийж байсан ажил мэргэжилтэй нь холбоотой эсэх талаар нарийн мөрдлөг өнөөдрийг хүртэл явуулж байгаа. Өмнөх халдлагын хэргүүдийг мөн сэргээн шалгаж байна гэсэн юм.

Б.ТУЯА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.