Чингэлтэй дүүргийн багш нар баярын өдрөө шагналын хур, сайн мэдээтэй тэмдэглэв


Чингэлтэй дүүргийн багш нар баярын өдрөө шагналын хур, сайн мэдээтэй тэмдэглэв

 

 

Аравдугаар сарын эхний энэ өдрүүдэд багш нарын баярын өдөр тохиодог. Нийслэлийн хоймор дүүрэг гэгддэг Чингэлтэйчүүд өчигдөр багш нарынхаа баярыг Засаг даргын тамгын газартайгаа хамтран тэмдэглэлээ.

Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан 1000 багш нарын  баярын арга хэмжээг МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд үе үеийн багш нарын төлөөллөөс гадна дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Тамгын газрын удирдлагууд оролцсон юм.

Энэ үеэр дүүргийн сургуулиуд тус тусын үзэсгэлэнгээ гаргаж, мөн харилцан туршлага судалцгаав.  

Чингэлтэй дүүргийн боловсролын 87 байгууллагад нийтдээ 38 мянга гаруй  хүүхэд сурч хүмүүжиж байгаагийн зэрэгцээ 3000 шахам багш сурган хүмүүжүүлэгчид ажилладаг.  Мөн төрийн болон  төрийн бус 60 орчим цэцэрлэгт 12 мянга орчим хүүхэд хамрагддаг аж. Өөрөөр хэлбэл тус дүүргийн боловсролын салбарт олон мянган хүн ажиллаж ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлж байна.

Дүүргийн багш нарын дунд чадварлаг бүтээлч багш нар олон бөгөөд тэдний туршлага улс, нийслэл, дүүрэгтээ түгэн дэлгэрсэн гэдгийг Засаг дарга онцолсон.

Чингэлтэй дүүрэг орон нутгийнхаа бүхий л салбарт хүний хөгжлийг дэмжсэн, алсыг харсан бодлого хэрэгжүүлэхийг зорьж "Хамтдаа хөгжье”  гэсэн зорилт уриатайгаар ажиллаж иржээ. Иймээс багш нарынхаа сайн туршлага, арга зүйг орон нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, хамтаараа бүгдээрээ сайн байж хөгжих үүднээс багш нарын мэргэжлийн багийг байгуулж ажиллаж байгаа гэдгээ Чингэлтэйн Засаг дарга Ж.Эрдэнбат тодотгосон.

Энэ онд тус дүүргийн сургууль төгсөгчдийн ЭЕШ-ын онооны чанар 4,3 хувиар дээшилснээс гадна 800 оноо авсан сурагчдын тоо өнгөрсөн жилийнхээс 4 дахин өссөн нь сургалтын чанарт ахиц гарч байгааг илтгэнэ.

Өчигдөр дүүргийн багш нарын хувьд шагналын хуртай өдөр байлаа. МҮЭ-ийн соёлын төв ордонд болсон баярын аога хэмжээний үеэр 62 багшийг тус бүр 500 000 төгрөгөөр  шагнасан бөгөөд нийт дүнгээрээ 33 сая төгрөгийг багш сурган хүмүүжүүлэгчдээ урамшуулахад зориулж байгаа гэв. Мөн багш нарын нийгмийн асуудлын хүрээнд 17 багшид гэр олгожээ.   

Мөнгөн шагналаас гадна Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Чандмань одон”-оор 5, "Хүндэт өргөмжлөл”-өөр 5, дүүргийн Засаг даргын "Хүндэт тэмдэг”-ээр 10, "Хөдөлмөрийн алдар” медалиар 13, "Хүндэт өргөмжлөл”-өөр 16 багш, сурган хүмүүжүүлэгч, ажиллагсад шагнаж урамшуулсан байна. 

Энэ жил гэхэд дүүргийнолон багш нар  БНСУ, БНХАУ болон Япон, ОХУ зэрэг гадаад орнуудад туршлага судалсан бол тэргүүний 160 гаруй хүүхдийг дотоод, гадаадын аялалд хамруулжээ.

Өнгөрөгч сарын сүүлчээр тус дүүрэг "Монгол хүүхэд бүрийг сайн сайханд дагуулна” төслийн тайлан тоглолт зохион байгуулсныг энэ дашрамд бас дурдах нь зүй байх.

Хүүхдийг хүүхдээр нь дамжуулан хүмүүжүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор олон талт ажлыг дүүргийн зүгээс зохион байгуулахын зэрэгцээ энэ салбарт зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа нь тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх аятай боломж олгож байна.

Энэ жилийн тухайд дүүргийн 19, 120 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийж, мөн 170 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулж байна.  Энэ бүхний үр дүнд сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хүрээг өмнөх жилийнхээс 1119 хүүхдээр нэмэгдүүлжээ.      

Сургуулийн ачааллыг бууруулах, цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ирэх жилүүдэд боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Тодруулбал 24,50 дугаар сургуулийн өргөтлийн ажил ирэх жил эхэлнэ. Долоодугаар хороонд 720 хүүхдийн сургуулийн барилга мөн 12,14 дүгээр хороонд тус бүр  сургууль цэцэрлэгийн цогцолбор баригдахаар төлөвлөгдөж байна. Түүнээс гадна хэд хэдэн цэцэрлэгийн өргөтлийн ажил хийгдэнэ гэхчлэн сайн мэдээнүүд  дээрхи арга хэмжээний үеэр  чих дэлслээ.

Монголын багш нарын 52 дахь жилийн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн багш сурган хүмүүжүүлэгчид ийнхүү баярын өдрөө шагналын хур, сайн мэдээ, шинэ зорилготойгоор өргөн дэлгэр тэмдэглэлээ.

 

 Г.Хантулга  



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.