УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ЗТХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна. ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан зам тээврийн салбарт "хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн гэж хэлсэн нь Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг эмзэглүүлсэн юм. Энэ асуудалд ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ хариулт өглөө. Тэрбээр "Сая хариуцлагагүйн зуд нүүрлэсэн гэж байна. Бас ч гэж номдоо орсон шүү. Одоо газрын дарга нарын сонгон шалгаруулалт болох юм гэнэ лээ. Тэр тал дээр анхаараарай. Явах ёстой хүмүүс нь буцаад ирчихсэн гэж сонсогдсон шүү. Төмөр замаа явуулах бүх эрх зүйн орчин бий болсон. Уул уурхайн яамтай нягт хамтарч ажиллах ёстой. Авто зам шинээр тавих гэхээс илүү сайжруулах, хамгаалах тал дээр анхаарах ёстой шүү. Замаар тээвэрлэж байгаа ачааны жинд хяналт тавих ёстой, тийзийн үнэ буурах ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "Томилгоог дэмжиж байна. Энэ томилгоо бол сахилга хариуцлага алдагдсанаас болж үүссэн. Томилгоо хэлэлцэх үеэр гишүүд нэгэн рүүгээ улстөржиж байна. Энэ хариуцлагыг гишүүд бид өөрсдөө үүсгэсэн. Тиймээс Я.Содбаатар гишүүн та чадварлаг, чадвартай хүмүүстэй ажиллараарай. Төрийн захиргааны албанд 3000 гаруй хүн нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй орон тоонуудыг нэмэгдүүлсэн. Ажлын бүтээмж муу. Тиймээс энэ асуудалд Я.Содбаатар та анхаарч ажиллаарай. Ажлын үр дүн, давхцалтай асуудалд анхаарлаа хандуулаарай. Цалин багатай гээд байдаг. Энэ нь илүү үргүй зардалтай холбоотой. Зоригтой, дорвитой ажиллаарай. Ж.Бат-Эрдэнэ сайд бол зоримог ажлуудыг эхлүүлсэн. Шинээр томилогдсон сайд миний үгээр ажиллах ёстой, би багаа бүрдүүлнэ гэхчлэн битгий ажиллараарай. Хуучин сайдынхаа эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлээрэй. Мэдээж томилгоо хийгдэнэ. Гэхдээ томилгоондоо сайн анхаараарай" гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулж, гишүүдийн 90.8 хувийн саналаар ЗТХ-ийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо. Улмаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойш 15.00 цагаас Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Сэтгэгдэл