УИХ-ын гишүүн асан, ЗТХ-ийн сайд асан М.Зоригт Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын албан хаагчдаас уучлал гуйхаар болжээ. Учир нь тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр өөрийн фэйсбүүк хуудсанд Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын албан хаагчдыг аймгийн МАН-ын сонгуулийн штабаас явуулсан лайвыг элдэв группуудээр шэйрлэж, улстөржлөө хэмээн бичсэн юм. Гэтэл энэхүү лайв нь 2018 оны аравдугаар сарын 6-ны өдөр цацагдсан лайв байжээ. Харин Сүхбаатарын цагдаа гэх Сүхбаатар аймгийн цагдаагийн пэйж нь 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр цацагдсан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн "Эцэг эхчүүдээ хүүхдүүддээ заавал үзүүлээрэй” гэх урьдчилан сэргийлэх утга агуулга бүхий видео шторкыг шэйрлэсэн байна.
Улмаар Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсээс "Энэхүү шторкыг Монгол ардын намын сонгуулийн штабаас байршуулсан мэдэгдэлтэй холбож иргэдэд ташаа мэдээлэл өгсөн байна. "Сүхбаатарын цагдаа” пэйж хаягнаас улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл байршуулдаггүй болохыг мэдэгдэж байна. "Мөнхчулууны Зоригт” фейсбүүк хаягнаас нийтэд тараасан мэдээлэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 21 дэх хэсэгт заасан "Гүтгэх”- Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан гэх хуулийн заалтыг зөрчиж байх тул хуулийн дагуу арга хэмжээ тооцохыг мэдэгдье. Иргэд та бүхэн цахим орчинд байршуулж буй мэдээллийн үнэн бодитой эсэхийг тодруулж байж сэтгэгдлээ илэрхийлэх шаардлагатай гэдгийг анхаарна уу" гэжээ.
Харин УИХ-ын гишүү асан М.Зоригт өөрийгөө алдаа гаргасныг мэдэж, Сүхбаатар аймгийн цагдаагийн албан хаагчдаас өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж, уучлал хүслээ. Мөн удахгүй өөрийн биеэр очиж уучлал гуйхаа мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл